Онгоц дахин нэмэлт тойрог хийхээр оролдоод осолдсон гэв

2016 оны 3 сарын 20

 

Фото: РИА Новости

 

Ростов хотод гуравдугаар сарын 19-ны шөнө сүйрсэн иргэний агаарын тээврийн «Боинг 737-800» хөлөг онгоц дахин нэмэлт тойрог хийхээр оролдоод осолдсон байна гэж онцгой байдлын  албадын эх сурвалжийн дагуу “Интерфакс “ агентлаг мэдээлэв.

 

“Ямар нэгэн шалтгаанаар газардахын өмнөхөн нисгэгч дахин нэг тойрог хийхээр шийдээд түүнийг хийж чадалгүй осолдлоо. Энэ үеэр цаг агаарын онцгой нөхцлөөс үүдэн агаарын хөлөгт ер бусын ачаалал ирсэн гэх хувилбарыг мөрдөн шалгах албаныхан илүүтэйгээр авч үзэж байна” хэмээн эх сурвалж ярьжээ.

 

Агаарын хөлөг 900 метрийн өндрөөс цагийн 300 км-ийн хурдтайгаар унасан. Хөлгийн баг аюулын ямар нэгэн мэдээлэл өгөөгүйг онцолжээ. Онгоц эгц доош унан урд хэсгээрээ газар мөргөн бутарсан байна. Онгоц газар дахь үеэр Ростовт байгалийн ер бусын ховор үзэгдэл хүчтэй салхитай байжээ.

 

FlyDubai нисэхийн компани ослоор амь үрэгдэгсдийн гэр бүлд  20 мянган ам.долларын нөхвөр олгохоор болсон тухай ням гаригт мэдээлсэн. Осолдсон онгоцыг 500 сая ам.доллараар даатгуулсан байжээ. Мөн иргэд нь амь үрэгдсэн Оросын 4 район үрэгдсэн хүн тус бүрийн тоогоор нэг сая рублийн нөхвөр өгөхөөр болсон байна.

 

Энэ үеэр Олон улсын зөвлөмж, дүгнэлтийн “Нислэгийн аюулгүй байдал” агентлаг сүйрсэн онгоцны баг ба Ростовын нисэх буудлын диспетчерүүдийн сүүлийн яриаг нийтэлсэн. Радио холбооны бичлэгээс харахад нэг диспетчер онгоцонд буух зөвшөөрөл өгчээ. Дараа нь багин дарга хоёр ч удаа буух чиглэлийн гэрлэн дохиог барьсан гэж хэлсэн байна. Үүний дараахан өөр нэг диспетчер  агаарын даралт буурч, харагдах баримжээ 3,5 км байгааг мэдээлжээ. Нисгэгч дахин нэмэлт тойрог хийхээр шийдсэн гэсний дараа түүнд шаардлагатай мэдээллийг газраас дамжуулсан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна