Түрээсийн орон сууцны бүртгэл маргааш эхэлнэ

2016 оны 3 сарын 20

Түрээсийн орон сууцад орох хүсэлтэй иргэдийг маргаашаас буюу энэ сарын 21 ний өдрөөс эхлэн Төрийн сууцны корпораци дээр ирэх сарын нэгний өдрийг хүртэл бүртгэнэ. Засгийн газраас баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод Буянт-Ухаа 2 хороололд 350 орон сууцыг түрээслүүлэх юм. Түрээсийн орон сууцад орох иргэдийг зорилтот бүлгээр нь зургаан хэсэгт хуваажээ. Ингээд тус бүрд нь 5-30 хувийн квот олгосон байна. Тухайлбал, Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настанд 15 хувь, залуу гэр бүл буюу 2016 нэгдүгээр сарын 1-ээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөрт 20 хувь, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 30 хувь, төрийн албан хаагчид 15 хувь, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрхөд таван хувь, 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд 10 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг халамжилдаг гэр бүлд таван хувийн квот олгож байгаа юм. Хэрвээ бүртгүүлсэн иргэдийн тоо квотоос давсан тохиолдолд сугалаа явуулах замаар тодруулна. Иргэдийн хувьд хугацаандаа бүртгүүлж амжаагүй, шаардлага хангахгүй шалтгаанаар буцаагдсан тохиолдолд энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний дотор дахин бүртгүүлэх боломжтой юм. Орон нутагт бүртгэлийн өдрүүд ялгаатай явагдаж эхэлсэн. Тухайлбал, Дархан Уул аймагт энэ сарын 14-18-ны өдрүүдэд Дархан суман дахь “Найрамдал хороолол”-д 85 байранд бүртгэл хийжээ. Харин “Аймаг бүрд 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэбулган, Сэлэнгэ аймгийнй Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд энэ сарын 21-25-ны хооронд тухайн орон нутаг дахь ТОСК  буюу түүний ажилтан иргэдийг бүртгэх юм.

Нэг иргэн тав хүртэлх жил түрээсийн байранд амьдарч болно

Ямартай ч 27 мянган иргэн түрээсийн орон сууцад орох хүсэлтэй ТОСК, Барилга хот байгуулалтын яамд хүргүүлсэн байна. Иймээс ТОСК түрээсийн орон сууцад орох хүсэлтэй иргэн бүрийг бүртгээд дараа нь бүх бүртгүүлсэн хүмүүс дунд сугалаа явуулж, тэднээс сонгогдсон 350 хүн “Буянт-Ухаа II” хороолол дахь байрыг хямд үнээр түрээслэх эрхтэй болох аж. Өөрөөр хэлбэл түрүүлж бүртгүүлсэн хүн нь түрээсийн орон сууцад орно гэсэн зүйл байхгүй. Иймээс ТОСК-ийн үүдэнд иргэд олноор дугаарлах шаардлагагүй юм байна. Гэхдээ сугалаанд шалгарахаас гадна тодорхой шалгуур хангасан байх ёстой. Үүнд өрхийн орлогын 25 хувиар түрээсийн төлбөрийг төлөх чадвартай байна. Энэ нь түрээсийн төлбөр 250 мянга гэж тооцвол нэг сая төгрөгийн өрхийн орлоготой хүн түрээсийн орон сууцад орно гэсэн үг. Нэг иргэн тав хүртэлх жил тухайн байраа түрээслэх боломжтой. Гэхдээ тухайн түрээсийн орон сууцаа өөриймсөг эдэлсэн, түрээсийн мөнгөө цаг хугацаанд нь төлсөн бол цаашаа хугацааг сунгах эрхтэй болохыг ТОСК-аас мэдээллээ. Түүнчлэн барьцаа хөрөнгө болгож, гурван сарын урьдчилгаа төлбөр авах юм. Мөн нэг айлыг түрээсээр орууллаа гэхэд гурав, дөрвөн сар төлбөрөө төлөхгүй бол яах вэ. Энэ бол Чингис бондын хөрөнгөөр боссон, ТОСК цаанаа хүү төлдөг мөнгө гэж А.Гантулга захирал мэдэгдсэн. Иймээс түрээсийн байр хөтөлбөрийг хэрэгжүүлэх журамдаа албаныхан гурван сар тухайн түрээслэгч төлбөрөө төлөөгүй бол цагдаа, ТОСК-ийн төлөөлөл очиж шууд хөөж гаргах зохицуулалтыг тусгаж өгчээ.

Д.ЖАГАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна