УИХ-ын дарга З.Энхболд Говь-Алтай аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2016.03.20-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга З.Энхболд Говь-Алтай аймагт ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын орон нутгийн томилолт өнөөдөр /2016.03.20/ Говь-Алтай аймагт үргэлжилж байна. 
 
 
Говь-Алтай аймагт ажиллахдаа эхлээд аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай нь танилцав. Аймгийн нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэнд, спортын яамнаас Япон Улсад үйлдвэрлэгдсэн Nipro Plus-55, Nipro HSU-18 маркийн 2 аппарат нийлүүлжээ. Мөн гемодиализ эмчилгээнд шаардлагатай А, В уусмал болон диализатор, магистрал зэргийг
нийлүүлсэн байна.
 
 
Тус тасгийн нээлтэд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон аймгийн удирдлагууд оролцсон юм. Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Г.Лхагважаргал Улсын Их Хурлын даргад тасгийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулав. 
 
 
Гемодиализ эмчилгээ нь бөөр орлуулах, биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах зорилготой. Бөөр, шээсний замын өвчлөл 2015 оны байдлаар аймгийн  хэмжээнд халдварт бус өвчлөлөөр 2 дугаар байранд ордог байна. Тус аймагт бөөрний архаг дутагдалтай 19 хүн байдгаас гемодиализ эмчилгээнд орох шаардлагатай 5 хүн байна. Шинээр суурилагдсан аппаратаар 3 хүнд 7 хоногт 3 удаа гемодиализийн эмчилгээ хийхээр тооцон  ажиллаж байгаа юм байна. 
 
Улсын Их Хурлын дарга үргэлжлүүлэн Говь-Алтай аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэнг үзэж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар танилцуулна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж