Өмгөөлөгч цагдаа хоёрын талцал

2016 оны 3 сарын 21

“Шинэ төмөр зам”-ын төслийг хэрэгжүүлэх замаар 55 тэрбум төгрөгийг Х.Баттулга болоод түүний доор ажилладаг байсан албан тушаалтнууд угаасан гэж Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар үзэж хэргийг шалгах хамтарсан ажлын хэсэг гаргасан. Улмаар тус хэрэгт ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга байсан Г.Батзаяа болон ажил гүйцэтгэгчээр шалгарсан компаниудын удирдлагуудыг цагдан хорьж, дөрвөн эрэгтэйг интерполоор эрэн сурвалжилж буй юм. Гэтэл өнгөрсөн лхагва гаригт Х.Баттулга гишүүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хэвлэлийн хурал зарлаж, Х.Баттулга гишүүнийг хууль бусаар шалгаж, төмөр замын хэрэг нэрээр эрүүгийн хэрэг биш улс төрийн хэрэг хуулийнхан мандууллаа гэж мэдэгдсэн. Ялангуяа Засгийн газрыг залилсан байх магадлалтай гэх дүгнэлтийн дагуу сэжигтнээр татагдан, шалгагдаж байсан "Энержи Ресурс Рэйл" компанийн захирал Л.Оюунбатыг цагдаагийн байгууллага сулласан нь ашиг сонирхлын зөрчилтэй. ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис энэ хэрэгт оролцсон байж болзошгүй гэж өмгөөлөгч Д.Пүрэвбаатар тайлбарласан билээ. Улмаар ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан ажлаа өгөөд,  өөр хүн томилж шалгуулахыг хүсэлтэй байгаагаа тэрбээр мэдээлсэн. Харин маргааш нь ЦЕГ өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын дээрх мэдээллийн араас сэтгүүлчдэд мэдээлэл хийж, огт нотлогдоогүй, баримтгүй мэдээлэл цацаж, цагдаагийн байгууллагын нэр хүндэд өмгөөлөгч Д.Пүрэвбаатар халдлаа. Иймээс тухайн өмгөөлөгчид анхааруулга хүргүүлж байна. Хэргийн сэжүүр үүссэн учраас л хуулийн байгууллагынхан нэгдэж, мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж буй. Гэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөх ажиллагаа ямар шатандаа яваа, хэнээс байцаалт авч, хэдэн хүнийг сэжигтнээр татсан бэ гэдгээ цагдаагийнхан мэдээлэх боломжгүй гэж байлаа.  

Мөн өмгөөлөгч хүн зөвхөн хэрэгт сэжигтнээр татагдсан үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг хангаж ажиллах ёстой ч Д.Пүрэвбаатар энэ жишгийн дагуу ажиллаж чадахгүй, хуурамч баримт, мэдээлэл цуглуулж хуулийн байгууллагыг гүжирдэж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү ярьсан. Эсрэгээрээ өмгөөлөгч Д.Пүрэвбаатар ЦЕГ-ын дээрх мэдээлэлд “Цагдаагийн байгууллагын өмнө үүрэг хүлээж, гарын үсэг зураагүй намайг илт гүжирдэж, анхаарууллаа” гэж байна. Мөн “Тэр анхааруулга надад хамаагүй. Би худал яриагүй, үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалах гэж яваа өмгөөлөгч хүн” гэх хариултыг өгсөн юм.

Ийнхүү Х.Баттулга гишүүний санаачилсан төслүүд багийнханыгаа эрүүгийн хэрэгт унагаж эхэллээ. Тухайлбал “Шинэ төмөр зам”-ын төслийн мөнгийг угааж, хувьдаа завшсан хэрэгт  ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга байсан Г.Батзаяа болон ажил гүйцэтгэгчээр шалгарсан компаниудын удирдлагуудыг сэжигтнээр татан, саатуулсан бол дөрвөн эрэгтэйг интерполоор эрэн сурвалжилж байна. Харин Г.Түвшинжаргал нарыг “Сайншанд аж үйлдвэрийн парк”-ийн төсөл дээр ажиллаж байхдаа улсын мөнгө хувьдаа завшсан гэх хэрэгт сэжиглэж мөн л өнгөрсөн долоо хоногт саатуулан байцааж эхэлсэн юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна