Туслахыг нь бус толгойлогчийг нь...

2016 оны 3 сарын 21

-Албан тушаалтны хэрэгт цоо шинэ гэмээр төрөл зүйл бий болж буй нь туслахуудын хэрэг болж байна-

Хөхүүл хүүхэдтэй эхийг хорьжээ. Сошиалаар дүүрэн юм болж байна. Мөнөөх дэмжигчдийн группийнхэн нойр хоолоо хасаад үзэлцэж байна. УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн удирдлага болон хоёр эмэгтэй ажилтны хамтаар баривчилснаас энэ бүрхэн үүдэлтэй. Г.Түвшинжаргал нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үед Хүнд үйлдвэрийн газрын мэргэжилтнээр ажиллаж байжээ. Улмаар Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилсон байна. Түүнийг Х.Баттулга гишүүний туслах байсан гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Тэднийг “...зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан” гэдгээс гадна мөнгө угаасан хэрэгт буруутгаж байна. Өөрийнх нь тайлбарлаж байгаагаар Г.Түвшинжаргал нь арав гаруй жил туслахаар нь ажиллаж байжээ.   

УИХ-ын гишүүн Х.Баттулга “Б.Батзаяаг таван сар мөрдөнд суулгаж тамласан. Дөрвөн залууг Монголдоо оруулж ирж чадахгүй байна. Интерполоор хайгаад явж байгаа. Дандаа надтай холбоотой ажиллаж байсан залуус. Тэр туслах, нарийн бичгүүдээс юу гарах юм бэ. Эрчүүдийг нь ч нугалж чадахгүй болохоороо эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд рүү нь дайрч байгаа юм байна” гээд буй. Энд хэн хэний тухай яриад байна вэ гэдгийг ойлгомжтой болгох үүднээс үйл явдлыг хураангуйлан сануулъя.

Туслах Б.Батзаяа. “МТЗ”-ын ТУЗ-ын даргаар ажиллаж байсан. Ингэхдээ тендергүйгээр томоохон хэмжээний төслийн гүйцэтгэгч, зөвлөхүүдийг шалгаруулсан гэх шалтгаанаар баривчилсан талаар эх сурвалжууд ярьж байна. Тэрбээр “Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан–Эрээн цав, Хөөт-Бичигт чиглэлийн 1100 км төмөр замын ТЭЗҮ-г 7.8 сая ам.доллараар “Маккинсэй” компаниар хийлгэх гэрээнд гарын үсэг зурсан.

Үүний дараа тэрээр шинэчлэлийн засгийн үед Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болсон. Дараа нь М.Энхсайханыг “Монголын төмөр зам”-ын даргаар тавьсан. М.Энхсайхан ч өөрийг нь тавиулах санаачилгыг Х.Баттулга гаргасан гэдгийг нуудаггүй. Гэхдээ өнөөдөр М.Энхсайхан, Х.Баттулга хоёр хонь, чоно болсон. Ингэх болсон шалтгаан нь төмөр замын болоод Тавантолгойн асуудал.

Туслах П.Бат-Эрдэнэ. М.Энхсайханы дараа “МТЗ”-ын дэд дарга байсан П.Бат-Эрдэнийг оронд нь томилж өгөхийг хүсч, хүсэлтийг биелүүлэхийг Б.Батзаяад даалгасан шийдвэр гаргажээ.

П.Бат-Эрдэнэ “МТЗ”-ын дарга болмогцоо “Энержи Ресурс” ХХК-ийн “УХААХУДАГ-ГАШУУНСУХАЙТ” ЧИГЛЭЛД 267 КМ ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ БАРИХ-АШИГЛАХ-ШИЛЖҮҮЛЭХ КОНЦЕССЫН ГЭРЭЭГ цуцалсан. Ингэснээр өнөөдөр ашиглаж эхлэх байсан төмөр зам баригдаагүй. Тухайн үед “Энержи Ресурс” ХХК  ерөнхий гүйцэтгэгчээрээ “Samsung C&T” компанийг сонгож гэрээ хийчихсэн байсан тухай А.Гансүх сайд тайлбарлаж байсан ч хожим тийм явдал болоогүйг “Энержи Ресурс”-ынхан ил болгосон билээ.

Хамгийн аюултай нь 100 мянган ам.долларын дүрмийн сантай “Samsung CT” corporation-ийн охин компани болох 139 мянган ам.долларын дүрмийн сантай “SCTECM” ХХК-д 483 сая ам.долларын өртөгтэй үндэсний бүтээн байгуулалтын  төслийг ямар нэгэн тендергүйгээр шилжүүлсэн явдал. Үүнийхээ дараа тэрээр гадагшаа сургуульд явсан гэдэг ч таг алга болсон.

АНУ-ын иргэн Ч.Ганбат. “Либерти Партнерс” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан тэрээр баригдахгүйгээр гадаадад гарсан. Харин хожим нь АНУ-ын иргэн гэдгээ мэдэгдсэн захиандаа “Бид голчлон төмөр замын бодлого, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор зэрэг төслүүд дээр зөвлөгөө өгч ажилласан” гэдгийг дурдсан. Тэрээр, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын Хөрөнгө оруулалтын ажлын хэсгийн дарга, хяналт тавих ажлын хэсгийн даргаар ажиллаж, тушаал шийдвэр бүрийг гарган өгсөн байдаг. Ингэхдээ “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын ТЭЗҮ-ийг 6,5 сая доллараар хийсэн бөгөөд "Энэхүү тайлан нь судалгааны хугацаанд мэдэгдэж байсан мэдээлэл дээр үндэслэсэн ба зөвлөх баг нь тэдгээр мэдээллийг боловсруулаагүй ба хөндлөнгийн этгээдээр хянан баталгаажуулаагүй болно" гэсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй "Хэдийгээр зөвлөх баг нь эдгээр мэдээллийг үнэн бодитой гэж үзэж  буй боловч эдгээр мэдээлэл нь бодит байдалтай бүрэн дүүрэн нийцэж байгаа эсэхэд баталгаа өгөх боломжгүй болохыг анхаарна уу. Түүнчлэн энэхүү тайланд тусгагдсан санал зөвлөмжүүд нь зарим нэгэн таамаглал, тооцоолол дээр суурилсан болно" гэж ТЭЗҮ-ээ тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, төсөөллөөр хийсэн ТЭЗҮ-ийг 6,5 сая ам.доллараар хийсэн гэсэн үг. Үүнтэй нь холбоотойгоор түүнийг өнөөдөр интерполоор эрэн сурвалжилж буй.

Туслах Г.Түвшинжаргал. УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үед Хүнд үйлдвэрийн газрын мэргэжилтнээр ажиллаж байсны сацуу  Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилсон.

Гэхчилэн энэ хэрэгт холбогдоод буй хүмүүсийг дурдвал цаашаа “Samsung CT” corporation-ийн удирдлагууд гээд асуудал нэлээд өргөн хүрээг хамарна. Гол нь дээрх танилцуулсан хүмүүс энд яригдаад буй сая саяар тооцогдох гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж оролцсон. Нэг нь тендерт шалгаруулж, нөгөө нь зөвлөх компаниар шалгарч, бусад нь үнэлгээг нь хийж гэхчилэн хамтран ажилласан аж. Энэ бүх зүйлд холбогдоод буй УИХ-ын гишүүн Х.Баттулга, А.Гансүх нарын өмнөөс тэд гарын үсэг зурсан болохоор асуудалд шууд холбогдоод байна.  

“Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд их хэмжээний мөнгөний асуудлаар ял авсан нягтлан бодох эмэгтэй зөвхөн ажлаа хийснийхээ төлөө ял авч буйгаа уйлж байгаад мэдэгдэж байсныг өнөөдөр санаж л байгаа.  “МИАТ”-ийн хэрэг ч ялгаагүй ажлыг гардан гүйцэтгэсэн доод албан тушаалтнууд л ял аваад өнгөрсөн. Улс орны чухал ач холбогдолтой салбарт салбараа мэддэг, туршлагатай, судлаачдыг бус хаа хамаагүй мэргэжлээр дөнгөж диплом авсан залуусыг аваад байгаагийн шалтгаан нь ердөө л энэ.

Эцэстээ өөрийн хүрээллийг өргөжүүлж, төрийн агентлагийг мэдэлдээ байлгахын тулд л утсан хүүхэлдэйгээ “дарга” болгодог маркетингтай болсон. Ингээд өөрийн бизнесээ хөгжүүлж, тендер, шалгаруулалт бүхнийг өөрийн гартаа оруулна. Тэд хөлжинө, хөгжинө. Улсаараа үгүйрнэ, уруудна. Үнэхээр ямар ч гэм буруугүй юм бол яагаад туслахуудынхаа өмнөөс халдашгүй дархан эрхээсээ татгалзаад шалгуулж болохгүй байгаа юм бэ?

Гол нь ид хийж бүтээх залуу сайхан насаа шоронд өнгөрүүлэх тийм эгзэгтэй байдалд олон залуус орж болзошгүй байна. Харин тэдэнд зааж, туслуулж явсан жинхэнэ хэргийн эзэд нь хойно цэвэрхэн хоцордог учраас хээл хахуулийн хэрэг буурдаггүй, тендер, шамшигдуулалт тасардаггүй, түүний төлөөсийг улсаараа амсдаг болоод байна. Үнэндээ Тавантолгойн төсөл хөдлөөгүй гэдгийг хэн ч мэднэ. Тиймээс шийдэгдээгүй байгаа зүйлийг өөртэйгөө холбон тайлбарлах нь өрөвдөлтэй санагдана. Албан тушаалтны хэрэгт цоо шинэ гэмээр төрөл зүйл бий болж буй нь туслахуудын хэрэг болж байна. Тиймээс л нэгдүгээр эгнээний нэр цэвэр, эх орон ярьдаг эрхмүүдтэй хариуцлага тооцдог, шаардлагатай бол халдашгүй эрхийг нь түдгэлзүүлж байгаад шалгадаг хууль ч өгүүлэгдэж байна. Зарим нэг нь ч үүнийгээ мэдээд сонгогдож чадахаа байгаад ирэхээр халдашгүй дархан эрхтэй үлдэхийн тулд Цэцийн гишүүн болж хамгаалалтанд ордог болоод байгаа юм биш үү? 

С.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна