Эдийн засгийн хатгаа авсан Финланд

2016 оны 3 сарын 21

-Нокиа ноёрхлоо алдаж, түүний орон зайг өөр компаниуд эзлэх болсноос хойш Финландад ажилгүйдэл хамгийн өндөр буюу 14-15 хувьд хүрчээ-

 

Финландад нэгэн цагт технологийн хаан гэгдэж байсан Нокиатай адилхан нэртэй хот бий. Энэ жижиг хотод гаднаас нь харахад онцгой юм юу ч байхгүй. Намхан жижигхэн байшингууд, чулуун зам, замын хажуугаар эгнэсэн дэлгүүр, ресторанууд гээд Европын хотуудын жирийн төрх харагдана. Ямар ч байсан нэгэн цагт энэ хотын нэр 1990-ээд оны сүүлээр гар утасны үйлдвэрлэлд хувьсгал хийсэн технологийн компанийн алдраар дэлхийд танигдсан юм. Нокиа компанийн ачаар Финландын эдийн засаг тухайн үед ид цэцэглэсэн билээ.

Нокиагийн нөлөө

2000-аад онд Нокиа компани технологийн салбарт бий болгосон амжилтынхаа ид оргил үед дэлхийн гар утас хэрэглэгчдийн 40 хувийн хэрэгцээг хангаж, Финландын хамгийн анхны олонд танигдсан брэнд болсон юм.

Финландад Нокиа компанийн амжилтын нөлөө бүр ч илүү байв. Финландын эдийн засгийн судалгааны институтээс явуулсан судалгааны дүнгээр 1998-2007 оны хооронд Нокиа компани дангаараа Финландын эдийн засгийн өсөлтийн дөрөвний нэг хувийг бүрдүүлж байсан аж. Тухайн үед Финландын Сангийн сайд байсан Александр Стабб үүнийг “Эдийн засгийн гайхамшиг” гэж нэрлэж байжээ.

Гэвч Нокиа компанийн гар утасны зах зээл дэх ноёрхол гэнэт үүссэн шигээ гэнэт хумигдсанаар Финландын эдийн засаг түүхэндээ хамгийн удаан үргэлжилсэн хямралд орсон билээ. Эдийн засгийн шинжээчдийн дүгнэснээр Нокиагийн бүх үзүүлэлтүүд асар өндөр байсан учраас огцом унахдаа тааварлашгүй үр дагавар авчирсан аж.

Нокиа хотоос 15 минутын зайд оршдог Тампир бол нэгэн цагт Нокиа компанийн өндөр технологийн хамгийн чадварлаг 4,000 ажилтны ажиллаж байсан технологийн судалгаа, хөгжүүлэлтийн төв юм.

Тэр үед Нокиа хүн болгонд хамаатай байв. Финландын их сургуулиуд Нокиатай хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчид Нокиад найдаж, Нокиа амжилттай ажиллаж байсан учраас бүгд баян байв. Нокиа ноёрхлоо алдаж, түүний орон зайг өөр компаниуд эзлэх болсноос хойш Финландад ажилгүйдэл хамгийн өндөр буюу 14-15 хувьд хүрчээ. Гэхдээ Нокиагийн мэдээлэл технологийн аварга сүлжээнээс телеком дэд бүтцийн бизнес дампууралгүй үлджээ.

Тампирийн ажилтнууд 2007 онд дэлхийн гар утасны тэргүүлэгч байсан компани яаж хэдхэн жилийн дотор ноёрхлоо алдаж, 2014 онд Майкрософт компанийн мэдэлд очсоныг гайхаад барахгүй байна.

“iPhone”-ийн нөлөө

“Apple” компанийн iPhone гарч ирснээс хойш бидний амьдрал их ярвигтай болсон хэмээн Нокиагийн шүтэн бишрэгч ярьж байна. Ухаалаг утас гарч ирсэн нь бүхнийг өөрчилсөн бөгөөд 2007 онд Apple компани iPhone утсаа танилцуулахад товчлууртай утасны төгсгөл ирсэн юм. Нокиа утасны ганц давуу тал нь цэнэгээ бүтэн долоо хоног барих чадвар. Харин ухаалаг утас бараг л хүнээс илүү ухаантай. Гэвч ухаалаг утсыг өдөр болгон цэнэглэх болдог.

2014 онд Майкрософт компани Нокиагийн гар утасны бизнесийг худалдан авч, утасны нэрийг нь өөрчлөх хүртэл Нокиа ухаалаг утасны зах зээлд ширүүн өрсөлдөгч хэвээр байсан. Нокиа гар утасны бизнест гол тоглогч байхдаа Финландад сайн зүйл олныг бий болгосон билээ. Нокиагийн бий болгосон соёлын нөлөөгөөр Финландад одоо авьяаслаг, чадварлаг хүмүүс технологийн гарааны бизнес эхлүүлж байгаа аж. Финландын технологийн салбар ирээдүйд ямар байхыг хэн ч хэлж мэдэхгүй боловч Нокиа дахин хүчирхэгжих өдөр ирнэ гэдэгт олон хүн итгэж найдаж байна.

Нокиа компанид ажиллаж байсан нэгэн шинжээч "Цаг цагаараа байдаггүй. Технологи үргэлж шинэчлэгдэж, сайжирч байдаг. Гэхдээ инноваци том компаниас гардаггүй. Харин жижиг гарааны бизнесээс л эхэлдэг юм” хэмээн ярьжээ.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна