МХБХ-ны V их хурал амжилттай боллоо

2016 оны 3 сарын 21

Монголын Хөлбөмбөгийн Холбооны V-р их хурал бямба гарагт Худалдаа аж үйлдвэрийн танхимд явагдлаа. Уг хурлаар холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар МХБХ-ны өнгөрсөн нэг жилийн хугацаанд амжуулж хийж бүтээсэн ажлын тайланг танилцуулж улмаар дүрмийн дагуу хурлыг ахлан явууллаа.  Мөн энэ үеэр ирэх оны төсвийн төслийг хүрэлцэн ирсэн олонд ил тод нээлттэйгээр танилцуулж 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг дотоодын пүүс компани, ивээн тэтгэгчдээс оруулж ирэхийг зорьж, зорилт тавин ажиллахаа мэдэгдлээ. ФИФА буюу ОУХБХолбоо мөн Азийн Хөлбөмбөгийн Холбоо тус бүр жилийн 250 мянган ам.долларын туслалцаа үзүүлдэг бөгөөд өнгөрсөн 2015 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдсан тул  500 мянган ам.долларыг нэмж олгосон. МХБХ өнгөрөгч 2015 онд олон улсын чанартай гурван ч тэмцээнийг өөрийн эх орондоо зохион байгуулж мөн дотоодын уралдаан тэмцээн ч үүний хажуугаар тасралтгүй үргэлжилсээр байна. Үүнээс гадна 385 сая төгрөгийг МХБХ өөрийн дотоодын нөөц бололцоогоо ашиглан олсон. Зөвхөн энэ хайрцагтаа баригдалгүйгээр боломж бололцоог дайчлан ажиллаж өнгөрсөн жил олсон мөнгийг хэд дахин нэмэгдүүлэн олох зорилтод ажлыг өмнөө тавин ажиллаж байна.

 

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар хэлсэн үгэндээ:  Эв нэгдэлтэй байж, шүүмжилдэг биш оролцдог хөлбөмбөгийг бий болгоё. Хамтын ажиллагааны үр дүнд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэн хөлбөмбөгийг хөгжүүлж, цаашлаад шигшээ багийнхаа чанар чансааг дээшлүүлэх тал дээр анхаарч нэг зүг рүү хамтран хөдлөхийг уриалсан юм.

МУ-ны Ерөнхийлөгчийн санаачилсан төрийн байгуулагуудын хэрэгжүүлэх ёстой шилэн дансны хуулийг МХБХ төрийн бус байгууллага ч гэсэн үйл ажиллагаандаа хэвшил болгохыг зорьж байгаа юм. Эв нэгдлийг дээдлэн ажиллах МХБХ-ны  V дахь удаагийн их хурал ажил хэрэгч, шүүмжлэл, хэлэлцүүлэг дор явагдлаа. Хурлын төгсгөлд МХБХ эрхзүйн гурван хороог байгуулж гишүүдийг сонголоо. Үүнд: Ёс зүйн хороо, Сахилгын хороо мөн Маргаан таслах хороо гэсэн хороодын гишүүдийг сонгож баталлаа.

Ёс зүйн хороонд нийт зургаан гишүүн нэр дэвшсан бөгөөд Б.Гантулга, Э.Золжаргал, Т.Түмэндэмбэрэл, С.Эрдэнэтбат, С.Амарсайхан  нар дэвшсэн бөгөөд сонгогдсон гишүүд хоорондоо ярилцаж даргаараа хуульч мэргэжилтэй Э.Золжаргалыг томиллоо. 

Сахилга батын хороонд Ц.Батсүх, Б.Одсүрэн, Г.Батзаяа, Л.Гэрэлням, З.Шагдарсансүрэн нар нэр дэвшиж сонгогдлоо. Хороон даргаар Ц.Батсүх ажиллахаар боллоо.

Тэгвэл хамгийн сүүлийн буюу маргаан таслах хороонд Б.Ганбаатар, Ч.Отгонбаатар, Э.Амарсайхан, Д.Жавхлан гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллахаар сонгогдсон бөгөөд даргаар Б.Ганбаатар ажиллахаар боллоо.

Хороодод нэр дэвшсэн зарим гишүүдийн хувьд тодорхой шалтгааны улмаас хүрэлцэн ирж амжсангүй. Эдгээр хороод цаашдаа МХБХ-ны хөгжлийн төлөө, шударга эрүүл спортын төлөө үүрэг хүлээн ажиллах болно.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна