Д.Галсансүх Э.Бат-Үүлийн гомдлын дагуу хоёр удаа мэдүүлэг өгчээ

2016 оны 3 сарын 21

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн 12 дугаарын сард өмгөөлөгчдөөрөө дамжуулан “Ноцтой мэдээ” сонины 34 дүгээр дугаарт нийтлэгдсэн “17 жил дарагдсан С.Зориг агсны хэрэг илэрлээ” материал нэр төрд нь халдсан, гүтгэн  доромжилсон, баримтгүй үйлдэл гэж мэдэгдсэн билээ. Улмаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гарган “Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг шалгуулахаар болсон.  Э.Бат-Үүл даргын энэхүү гомдлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс өнгөрсөн хугацаанд Б.Галсансүхээс хоёр удаагийн мэдүүлэг авчээ. Мөн Э.Бат-Үүл даргыг дуудаж, мэдүүлэг авсан байна. “Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүх “С.Зориг агсныг хөнөөсөн буруутныг хуулийнхан олж, шүүхээр нотолсны дараа би Э.Бат-Үүлийн нэр төрд халдаж, гүтгэсэн үү, үгүй юу гэдэг тогтоогдоно. Надад тодорхой эх сурвалж хэргийн талаар мэдээлсний үндсэн дээр би С.Зориг агсны талаарх хэргийн талаар нийтлэл бичсэн” гэж мэдэгдэв.

Тэрбээр өмнө нь “17 жил дарагдсан С.Зориг агсны хэрэг илэрлээ” гэсэн гарчигтай материалаа  баримтад тулгуурлаж бичсэн гээд “Худал гэвэл 17 жилийн өмнөх хэргийн гэрч Төв аймгийн хорих ангид хоригдож буй Д.Булгантай очиж уулз. 1998 онд Э.Бат-Үүлийг хорьж, мөрдөн байцаалт авч байсан тухайн үеийн хавтаст хэрэгтэй танилц. Тагнуулын ерөнхий газар болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асуу. Дараа нь хэн нь худал ярьсныг тогтоо” гэсэн хариултыг бидэнд өгч байсан юм. Ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зориг агсныг хөнөөсөн буруутныг олох мөрдөн байцаалтын ажиллагааг өнгөрсөн арваннэгдүгээр сараас эргэн сэргээж, талийгаачийн эхнэр, хэргийн ганц гэрч Д.Булганыг цагдаагийн байгууллага баривчлан саатуулсан. Одоогоор Д.Булган Төв аймгийн цагдан хорих ангид хоригдож байгаа. Мөн хэрэг гарах үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ш.Отгонбилэг агсны малчин, тогооч хоёрыг хэргийн сэжигтнээр татан хорьсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаад байгаа. Тухайлбал, “Ноцтой мэдээ” сонинд “17 жил дарагдсан С.Зориг агсны хэрэг илэрлээ” гэсэн гарчигтай материалыг нийтлэгдсэн. Энэ материалд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэргийн газарт байсан, гэмт этгээдүүдийг харсан гэрчийн нэг, тухайн үед өмсөж явсан саарал малгайгаа талийгаачийн гэрт орхисон зэрэг мэдээллийг өгсөн байдаг.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна