Л.Гансүхийн өмгөөлөгч нарын гомдлыг ёсоор болгожээ

2016 оны 3 сарын 21

Шинэчлэлийн засгийн газрын үед “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Л.Гансүхэд шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг яллагдагч талаас эсэргүүцэн Улсын Дээд шүүхэд хандсан юм.  Улсын дээд шүүх энэ хэргийг энэ сарын 23 буюу ирэх лхагва гаригт хэлэлцэхээр тов гаргасан юм. Энэ талаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржоос цөөн асуултад хариулт авлаа.

-Л.Гансүхийн зүгээс Улсын дээд шүүхэд хандсан. Улсын дээд шүүхийн хурал удаа дараа хойшлогдсон. Шүүх хурал товлосон өдрөө буюу лхагва гаригт болох уу?

-Болно. Улсын дээд шүүх дахиад хойшлуулахгүй байх гэж найдаж байна.

-Уг хэрэг дээр дүгнэлт гаргасан шинжээч н.Оюун-Эрдэнийн тусгай зөвшөөрлийг Сангийн яам  хүчингүй болгосон гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Үнэн.  Л.Гансүхийн өмгөөлөгч нар Сангийн яаманд гомдол гаргасан.  Шинжээч н.Оюун-Эрдэнэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль зөрчсөн. Хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэснээс болоод хэн нэгэн хүний хэлмэгдлээ гэсэн гомдол гаргаж, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгохыг хүссэн. Тэр дагуу Сангийн яам н.Оюун-Эрдэнэ шинжээчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

-Тэгэхээр н.Оюун-Эрдэнэ  эрх мэдлээ хэтрүүлэн худлаа дүгнэлт гаргасан гэсэн үг үү?

-Тэгж л таарч байна даа.

 Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна