Хүний төөрөг буюу хувь заяаны шоглоом

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Хүний төөрөг буюу хувь заяаны шоглоом

Чоно шиг хийморьтой Ц.Элбэгдорж ерөнхийлөгч
Амьд фашист анх удаа үз­лээ гэсэн шор үг байдаг бай­лаа, тэр бол социализмын үе. Түүн лүгээ адил Ардчиллын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 1989 оны наадмаар анх харсан юм байна. Одоогийн УИХ-ын Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хорьж тогтоохгүй 25 насандаа улсын наадамд хоёр дахиа түрүүлж Монгол Улсын аварга болдог долдугаар са­рын 12-нд битлз халимагтай, пид­жиктай залуу уртын урт дуран­тай фото аппарат барьчихсан зураг дараад явж байсан юм. Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээн дээр Ю.Цэдэнбал даргын зурагчин М.Цэрэнжамц багштай (би шавь нь юм) зэ­рэг­цээд түрүү үзүүрийн бөхийн зураг авна гэдэг зовхи нь өөдөө, ёстой цогтой л хүүгийн ажил байлаа. Энэ хэн бэ, энэ хэдэн он бэ гэж бусдаас асуу­вал “Улаан од” сонины сур­валжлагч Ц.Элбэгдорж, МУИС-ийн сэтгүүлчийн анги төгсөөгүй Зөвлөлтийн Львов хотноо Цэргийн их сургуульд сэтгүүлч болсон хүндээ гэж хариулж байсан юм. Ардчиллаар овог­лосон 20 жилийн турш Ц.Элбэг­доржийг ялгуулсан туг мэт дарцаглаж явахад нь миний бие зангиагаа хийсгэн магтаж явлаа. Гэтэл өнгөрсөн 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоход нь Баянзүрх дүүргийн сонгуу­лийн хороонд саналаа өгөхдөө  түүний төлөө хуруугаа  ганцхан удаа хөдөлгөж байгаагаа ан­заардаг байгаа. Түүнтэй хам­таар 1989 оны арванхоёр­ду­гаар сард болсон Залуу уран бүтээлчдийн II зөвлөлгөөнд төлөөлөгчөөр оролцож явахдаа ч, цогтой үгээ хэлэн цуглаан зохион байгуулж байхад нь ч хажуу дэргэд нь биш тээр доор холын холд зогсч байж. Түүнийг Эрдэнэт хотоос Улсын Бага Хуралд 1990 онд,  Хөвсгөл, Баянхонгор аймаг, Чингэлтэй дүүргээс УИХ-д 1992, 1996, 2008 онд сонгогдон орж ирэхэд нь би санал өгч байсангүй. Яа­гаад гэвэл Баянзүрх дүүрэгтээ аж төрж, дүүрэгтээ нэр дэвшсэн ардчиллынхны төлөө саналаа өгсөн байна. 2000 онд Дорнод аймагт УИХ-д нэр дэвшихэд нь “Наад соцдекүүд чинь, “Тунгалаг тамир”-ын Түгжил шиг араас чинь хутга чичнэ шүү. Тун болгоомжтой байхгүй бол өөрөө чонын хийморьтой эрийн хугархай ч гэлээ сонгуульд ялахад хүнд шүү” хэмээн анхааруулсан мессеж явуулаагүй юм байна. Тэр үеийн Дорнодын соцде­күүдийн нэг нь одоогийн УИХ-ын эрхэм гишүүн П.Алтангэрэл байсан санагдана. Андуурсан бол уучлаарай, харин Ц.Элбэг­дорж ялагдсаныг бид бүгдээрээ сайн санаж байна.
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэв­шигч Н.Энхбаярыг  51.21:47.41-ээр ялахад Ц.Элбэгдоржид түү­хэнд бичигдэхээр тус болсон хоёр хүний нэг нь Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Санга­рагчаа. Нөгөө нь 2008 оны УИХ-ын сонгуульд Дундговь аймагт АН-аасаа нэр дэвшсэн  Банзрагчийн Дэлгэрмаа. Учир гэвэл Ерөнхийлөгчийн сон­гуульд гурав дахь нэр дэвшигч орж ирэхийг хаасан улс. 1996-2000 онд УИХ-ын гишүүн байсан Банзрагчийн Дэлгэр­маагийн хувьд өөрөө сон­гуульд ялдаггүй юм гэхэд Үндэсний шинэ нам(ҮШН)-ын нэр дэвшигчийг Их Хуралд гаргахгүй байх тун хүнд даалгавартай байв. ҮШН-аас УИХ-д сонгогдох хамгийн их магадлалтай нэр дэвшигч нь Ерөнхий сайд асан М.Энх­сайхан, Гадаад харилцааны дэд сайд асан Ц.Цолмон, Сангийн дэд сайд асан Н.Батцэрэг… нарын хэн нь ч биш УИХ-ын гишүүн Ж.Наран­цацралт агсны үйл хэргийг үргэлжлүүлнэ хэмээн Дунд­говьд өөрийгөө рекламдсан Д.Ганхүү байв. Тэр сонгуулиар Дундговиос МАХН-ын нэр дэв­шигч “Эрдэнэт”-ээр хөлжсөн Х.Наранхүү, төмөр замыг дунд­руулсан Р.Раш нар олонхийн санал авч ялан Д.Ганхүү, Б.Дэл­гэрмаа нар бие биеийн­хээ саналыг хуваан УИХ-ын гишүүн болж чадаагүй юм.
Сонгуульд санал хуваана гэж айхтар зүйл байгаа биз. Ийнхүү Д.Ганхүү ялагдсанаар ҮШН парламентад суудалгүй хоцорсон билээ. Ингэснээр уг нам 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэгнийг нэр дэвшүүлэх боломжгүй болж Ц.Элбэгдоржийн санал хуваан МАХН-аас нэр дэвшигч Н.Энх­баярт тус болох зам нь хаагд­сансан. Банзрагчийн Дэлгэр­маагийн хувьд Ц.Элбэгдоржийг намын дарга байхад тэрээр генсек байсан, бас Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн хүн, ардчиллын лиде­рүүдийн нэг гэдэг утгаараа энэ нь ямар ч аргагүй улс төрийн  зорилготой үйл ажиллагаа. Харин АТГ-ын дарга Ч.Санга­рагчаагийн хувьд Ц.Элбэгдор­жийг Ерөнхийлөгч болоход тус болсон нь зүгээр хувь заяаны шоглоом юм. Одоо энэ талаар жаахан түүх ярья.
“Эрдэнэт”-ийн Ш.Отгон­билэг агсантай нэг нутгийн, Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Ч.Сангарагчаа 2007 оны арванхоёрдугаар сарын 28-нд АТГ-ын даргаар томилогдож, хуулийн дагуу зургаан жилийн хугацаагаар энэ албыг хаших болсон  билээ. Тухайн үед “Хадгаламж” банкнаас алдагдсан олон тэрбум төгрөгтэй холбогдуу­лан УИХ-ын гишүүн Т.Бадам­жунай, Г.Занданшатар, У.Хү­рэл­сүх нарыг, Хавдар суд­лалын үндэсний төвийн сан­техникийн засварын ажил, тусгай тоноглосон эмнэлгийн арван машины аваа, өгөөний хэрэгт орооцолдуулан Л.Гүн­далайг шалгахаар болсон, энэ талаар ид шуугиж байв. УИХ-аас энэ дөрвөн гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүү­лэл­гүйгээр гэр, албан өрөө, ма­шинд нь үзлэг хийх эрхийг хууль хяналтынханд олгосон тогтоол гаргалаа.
АТГ-ын дарга  Ч.Сангараг­чаа үүрэгт ажлаа авсны да­раа Монгол Улсын Ерөнхий­лөгч Н.Энхбаярт  анх удаа 2008 оны нэгдүгээр сарын 9-нд бараал­хав. Ч.Сангарагчаа энэ өдрөөс эхлэн “УИХ-ын тогтоо­лоор нэгжлэг үзлэг хийдэг хууль гэж байхгүй. Хуулийн байгууллага хуулийн дагуу ажиллахын тулд гишүүдийн бүрэн эрхийг зайлшгүй түдгэлзүүлэх шаард­лагатай” гээд л хашгирч эхэлсэн юм. Хэдийгээр эрхэм түшээ нарын нэгний нь ч эрхийг түдгэлзүү­лээгүй бо­ловч, энэ их хашги­рааны эцэст Т.Бадамжунай, У.Хүрэл­сүх нар 2008 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүл­сэнгүй дээ гэж надад бодогд­сон. Ямар ч болов Ард түмний нам(АТН)-ын дарга Л.Гүндалай айсандаа болоод төрийн олон түшээгээр өөрийгөө хамгаа­луу­лахын тулд АН-даа эргээд орчихсон. Уул нь Л.Гүндалай Хөвсгөл аймагтаа АТН-аасаа нэр дэвшиж УИХ-ын гишүүн болж, парламентад суудалтай намын хувьд 2009 оны Ерөн­хийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх байв шүү. Л.Гүнда­лай, би 45 хүрчихсэн, АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ, Намбарын Энхбаярыг далаар нь цэвэр тавина гэж баахан дэвсэн байх аа. Арай бие дааж нэр дэвшинэ гээгүй. Ц.Элбэг­доржийн аз болоход энэ нь Сонгуулийн хуульд байхгүй заалт. Ингээд бодохоор АТГ-ын дарга  Ч.Сангарагчаа нь айл­ган дарамталж байгаад АТН-ыг даргатай нь будаа болголоо гэсэн чинь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдоржийн санал хуваан МАХН-ын Н.Энхбаярыг ялах гарцыг нээж өгөн гурав дахь нэр дэвшигчээр орж ирэх байсан Л.Гүндалайг хойш татсан байгаа биз. Хувь тави­лан гэдэг сонин юм даа. Ерөн­хий­лөгч болоход нь санамсар­гүйгээр тусалсан Ч.Сангараг­чааг өнөөдөр Ц.Элбэгдорж ажлаас нь хусах гэж эр хүний арван гурван мэхнээс эхлээд аливаа хуулийн цоорхойг хайн зүтгэж байна. Харин тэр жилийн наадмаар сурвалжлагч Ц.Элбэгдоржийн зургийн дуранд өртөж байсан дархан аварга Б.Бат-Эрдэнэ Их Хур­лын Байнгын хорооны дарга болчихсон Ц.Элбэгдоржид “тусалсан” Ч.Сангарагчааг хамгаалж суух юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүн болоод жил гаруй боллоо. Болохоосоо өмнө ч тэр, болсны дараа ч ялгаагүй эрх зүйн шинэтгэл хий­нэ гэж их ярьж бай­гаа. Түүний саналаар Ерөнхий прокурорын албан тушаалд томилогдсон Д.Дор­лиг­жав “АТГ-ын дарга  Ч.Сан­га­рагчааг шалгахдаа албан ту­шаалаас нь түдгэлзүүлж байж шалгана” хэмээн улайрч буй, энэ зөв байх. Хүмүүс тоглоом шоглоо­моор АН-ын экс дарга Ерөнхий прокурор боллоо, МАХН-ын экс дарга Н.Энх­баярыг АТГ-ын дарга болговол таарна хэмээн ярьж байна. Тэгээд ч тус газрын дэд дарга Д.Сундуйсүрэн нь Намбар гуайтай нэг нутгийн хүн гэнэ. Үүнээс харвал Ерөн­хийлөгчийн хийж байгаа, хийх гэж байгаа эрх зүйн ши­нэт­гэ­лийг хүн дээр аваачиж наагаад, тухайн албан тушаалтныг аж­лаас өргөдлийг нь өгч чөлөө­лүүлчихээд оронд нь  “Ц.Эл­бэг­доржийн хүн” гэх тодотголтой хэнийгээ томи­луулах гээд байна аа гэсэн хардлага гараад байгаа аж.
Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар БСШУЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран Шүүхийн тухай болон Боловс­ролын тухай хуульд заасан шаардлагыг хангаж байгаа ту­хай эсэхийг магадалж, шүүгч нарын мэргэжлийн дипломд салхи оруулан авч үзжээ. Гэтэл зөвхөн хуулийн зөвлөгөө өгөх, өмгөөлөл хийх эрхтэй 13 эрх зүйч хууль зөрчин хуульчийн эрх эдлэн шүүгч хийгээд явж байгаа нь баригдсан байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хийж буй эрх зүйн шинэтгэл зөв голдирлоор ард түмэндээ зөв харагдаж, зөв үнэлэгдэхээр өрнөөсэй билээ. Прокурорын байгууллага, АТГ руу алхдагаа алхчихсан, одоо шүүх рүү явж буй дараагийн алхам нь дээр дурдсан ажил. Бөрт чонын удамт монголчуудын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж ч чонын хийморьтойсон, уул нь. Чоно гэснээс Монгол Улсын гавьяат тамирчин, Д.Цэнд-Аюуш заан наадмын өмнө зургадугаар сарын дундуур телевизээр “Манай  Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж чонын мах идсэн” гэж ярьсан юм. “Идсэн гэнэ лээ” гэж хэ­лээгүйг бодоход төрийн тэр­гүүнээс чонын махаар хийсэн хоолны захиалга авсан хүн нь нэг бол өөрөө, эсвэл  Д.Цэнд-Аюуш зааны найз байх. Их л мэдэмхий ярьж байсан. Даш­рамд дурдахад гавьяат та­мирч­ны ярилцлагыг орон даяар дамжуулсан телевиз нь арил­жааны, нэвтрүүлэг хийсэн га­зар нь төмөр замын Баянбуу­рал амралт байсан шүү. Баян­бууралын амралтын даргаар саяхныг хүртэл гадаадад то­милолтоор явахаасаа өмнө Ул­сын Ерөнхийлөгчийн төрсөн ах нь ажиллаж байсныг олон хүн мэднэ дээ.

Б.ЕРЭНТЭЙ
Зохиогчийн эрх: Үндэсний шуудан сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж