Сайдын зөвлөлийнхөн генералуудад хүндэтгэл үзүүллээ

2016 оны 3 сарын 21

 

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар цэргийн дээд цол хүртсэн Зэвсэгт хүчний гурван генералд өнөөдөр Батлан хамгаалахын сайдын зөвлөлийнхөн хүндэтгэл үзүүллээ. Хошууч генерал Р.Сүхбат, бригадын генерал Г.Сайханбаяр, бригадын генерал М.Эрдэнэдалай нарт хандаж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Батлан хамгаалах салбарынхаа төлөө цэл залуугаасаа эхлэн өнөөдрийг хүртэл уйгагүй, сэтгэл зүтгэлээрээ ажиллаж ирсэн та бүхнээр бахархаж байна. Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе. Та бүхэндээ эх орноо батлан хамгаалах их үйлсэд тань амжилт хүсч байна. Цэргийнхэнд цол бүхэн үнэ цэнэтэй байдаг учраас энэхүү эрхэм цолоо дааж, улам ахиулахын төлөө ажиллаарай, манай залуус" хэмээгээд алд цагаан хадаг, мөнгөн аяганы хамт гардуулан өгсөн юм. Мөн энэ өдөр Батлан хамгаалахын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаярт яамны нийт бие бүрэлдэхүүн баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн юм.