Шилдэг оюутан ХААН Банкинд ажиллах урилганы эзэн болно

2016 оны 3 сарын 21

ХААН Банк жил бүр банк, санхүүгийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд “Банкны  олимпиад”-ыг  зохион байгуулдаг. Оюутан залуусын дунд хүлээлт болтлоо өргөжсөн энэхүү олимпиадын шилдэгүүд ХААН Банкинд ажиллах урилгын эзэн болдог. Ингээд энэ жилийн банкны олимпиадын талаар тодруулахаар ХААН Банкны Хүний нөөцийн үйл ажиллагааны газрын захирал Ю.Наранцацралтай ярилцлаа.

ХААН Банк жил бүр банк, санхүүгийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд “Банкны  олимпиад”-ыг  зохион байгуулдаг. Олон оюутнууд энэ олимпиадыг хүлээдэг болсон байна. Энэ жилийн олимпиад хэзээнээс зарлагдах вэ? 

ХААН Банк нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд боловсролын салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүний нэг бол банк санхүүгийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд 5 дахь жилдээ зарлагдаж байгаа “Банкны олимпиад” юм. Олимпиадын бүртгэл 3-р сарын 23-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд  ХААН Банкны Төв байранд болох бөгөөд одоогоор Их, Дээд сургуулиудад олимпиадын талаарх мэдээлэл хүргээд байна. Оролцох хүсэлтэй оюутан залуус маань энэ өдөр бүртгүүлэх боломжтой. 

ХААН Банкны нэрэмжит “Банкны олимпиад”-ын зорилго нь юу вэ?

“Банкны олимпиад”-ын зорилго нь оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагааг сайжруулах,  онолын болон мэргэжлийн мэдлэг ур чадварыг нээн илрүүлэх, өөрийгөө таниулах боломж олгоход оршдог. Оюутнууд маань Их, дээд сургууль төгсөж хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгддэг боловч хүссэн ажилдаа орох нь ховор байдаг. Иймээс энэхүү олимпиадаар дамжуулан шилдэг залуусыг ажлын байранд урьж, өөрийгөө харуулж цаашдаа амжилттай ажиллах боломж олгодог. Мөн оюутан залуусын ажил эрхлэлтийг дэмжих, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд түлхэц болох үүднээс эхний 5 байрт шалгарсан оюутныг ХААН Банкинд ажиллах урилгаар урамшуулдаг уламжлалтай.

Энэхүү “Банкны олимпиад”-д хэн оролцох боломжтой вэ?

“Банкны олимпиад”-д банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй ахлах курсын оюутнууд оролцох боломжтой. ХААН Банкны нэрэмжит “Банкны олимпиад” бол өөрийгөө сорих томоохон боломж юм. Оюутнууд маань ч энэ олимпиадыг хэдийн хүлээдэг болсон байна.

Олимпиад ямар дүрэм, үе шаттайгаар явагддаг талаар мэдээлэл өгөхгүй юу?

Оролцогч оюутнууд маань ганцаарчилсан болон багийн гэсэн 2 төрлөөр өрсөлддөг. Багаар оролцох оюутнууд сургуулиасаа баг бүрдүүлж, дотроо банк бий болгон тухайн банкныхаа актив, пассывыг амжилттай удирдаж, банкаа ашигтай ажиллуулж өрсөлддөг. Харин ганцаарчилсан төрөлд оролцох оюутнууд тест бодлогоор өрсөлдөж, шилдэгээ шалгаруулдаг. ХААН Банкны нэрэмжит “Банкны олимпиад” нь нийт 3 үе шаттай. 1-р шатанд багууд өөрсдийн бий болгосон банкныхаа хөрөнгийг зөв зохистой захиран зарцуулж, ашигтай ажиллуулах төлөвлөгөө боловсруулан таницуулна. Үүнд үндэслэн тэмцээний дараагийн 2-р үе явагдана. 3-р үеэс шалгарсан шилдэг 5 баг шүүгчдийн нээлттэй асуултанд хариулж, багийн оноогоо нэмэгдүүлэн дүнгийн нийлбэрээр шилдэг баг тодордог. 

“Банкны олимпиад” 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа гэхээр энэ хугацаанд олон эерэг үр дүн гарсан байх. Тэдгээрээс онцловол?

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийт 20 орчим их дээд сургуулийн 500 гаруй төгсөх ангийн оюутан ХААН Банкны нэрэмжит олимпиадад оролцсон. Хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж буй залуусыг ажлын байранд урина гэдэг бол оюутан залуусын хувьд маш том боломж юм. Олимпиадад оролцсоноор онолын мэдлэгээ практикаар баяжуулж, баг болон хамтран ажилладаг ач холбогдолтой. Оюутнууд маань өөрсдийн бий болгосон банкаа удирдаж, хэрхэн өндөр ашигтай банк болгохын төлөө мэдлэг, оюунаа сорин, өөрсдийгөө хөгжүүлж байгаа нь маш том дадлага туршлага болж үлддэг. Мөн шилдэгээр шалгарсан оюутнууд ХААН Банкинд ажиллах эрхийн эзэн болдог. Жишээлбэл 2012 оны шилдэг оюутан Б.Буянзаяа “Зээлийн бодлого зохицуулалтын газар”-т ажиллаж байгаа бол 2013 оны шилдэг оюутан Э.Одмөнх “Хөрөнгийн удирдлагын газар”, Э.Батцэцэг “Бүтээгдэхүүн хөгжлийн газар”, 2014 оны шилдэг оюутан Д.Дашзэвэг  “Санхүүгийн шинжилгээ тайлангийн газар”-т тус тус амжилттай сайн ажиллаж байгаа юм. Олон шилдэг залуус банкны олимпиадаар дамжуулан өөрийгөө бусдад таниулан сургуулиа төгсөөд ажиллах ажлын байртай болдог. Энэ жилийн хувьд эхний 5 байрт шалгарсан оюутан өөрсдийн сонирхож буй ХААН Банкны газар хэлтэст ажиллах эрхийн эзэн болж байгаа. Мэдээж олимпиадад амжилттай оролцсон оюутнуудыг уламжлал ёсоор өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулна. Залуу үеийн хүсэл мөрөөдөлд хүч нэмж, олон боломж нээдэг учраас ХААН Банк энэхүү олимпиадыг жил бүр зохион байгуулахдаа баяртай байдаг.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна