Дарга нарт биш иргэдэд зориулж хуулийн шинэтгэлийг хийсэн

2016 оны 3 сарын 21

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа. 

 


 

-Хууль сахиулах тухай хуулийн төсөл явж байна. Энэ хуулийн ач холбогдлыг тайлбарлаж өгөхгүй юу?

 

-Үүнийг тайлбарлахын тулд эхлээд Эрүү, Зөрчлийн хуулийн концөпцийг тайлбарлах ёстой. Монгол Улсад хуулиар эрх олгогдсон байгууллага, албан тушаалтнууд өөр өөрийнхөө салбарын хуулиар иргэн рүү хариуцлага тооцдог байсан. Тодруулбал, 220-230 орчим хууль дээр хариуцлага биччихсэн. Албан тушаалтан халаасандаа бараг 230 хэрэгсэлтэй очиж нэг иргэнийг айлгаж, сүрдүүлж, дарамталж болж байгаа юм.

 

Тийм олон хэрэгсэлтэй хүний эсрэг нэг хувь иргэн өөрийнхөө эрхийг хамгаалж тэмцэж чадах уу. Бод доо, 230 төрлийн хэрэгслийн нэгээр нь сүрдүүлээд түүнээс нь айхгүй бол өөрийг гаргаж ирнэ. “Наадах чинь надад хамаагүй” гэвэл дахиад өөрийг гаргаж ирээд хүнийг яаж л бол яаж залхааж тамлаж болно. Эсвэл хуулийн хавханд оруулна гэж ярьдаг. Тийм байдлаар ажиллаж болох тийм хуулийн орчин байгаа. Энгийн жишээ хэлье. Боловсролын хууль болон Эрүүгийн хууль байна. Боловсролын хууль дээр боловсролын баримт бичиг хуурамчаар үйлдвэл 50 мянган төгрөгөөр торгоно гэсэн заалттай.

 

Эрүүгийн хуульд бичиг баримт хуурамчаар үйлдвэл зургаан сар баривчлах заалт бий. Тэгэхээр хэн нэгэн боловсролын бичиг баримт хуурамчаар үйлдсэн этгээд ороод ирэхэд албан тушаалтан Эрүүгийн хуулиа гаргаж ирээд “Чамайг шоронд хийнэ, амьдралгүй болгоно” гээд нөгөө иргэн тэр хүнд таалагдах бүх юмыг хийж эхэлнэ. Энэ завсар нөгөө авлига оршиж байгаа юм.

 

-Тэр хүнд таалагдвал боловсролын хуулиар явах нь?

 

-Тийм. 50 мянган төгрөгөөр торгоод л явуулчихна. Таалагдахгүй бол шоронд явуулж болно. Би зөвхөн хоёрхон хуулийн зөрчлийг хэлж байна шүү дээ. Тэгэхээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, хувь хүн ийм их зэвсгээр өөрийгөө бүрэн зэвсэглэсэн авлигад дуртай, шуналтай, хувийн ашиг сонирхолтой албан тушаалтны идүүрийн тавган дээр сууж байгаа байхгүй юу. Үүнийг бид өөрчилсөн. Есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн болон Зөрчлийн хууль хэрэгжинэ.

Олон хуулийн ард байсан зөрчлүүдийг Зөрчлийн хууль руу оруулсан.

 

Олон хуулийн ард байсан зөрчлүүдийг Зөрчлийн хууль руу оруулсан. Одоо иргэн өөрийн мэдэхгүй хуулиудаар биш Зөрчил юм уу Эрүүгийн хуулиудыг авч уншаад ийм ийм асуудал гаргавал намайг тэдэн төгрөгөөр торгох юм байна. Эсвэл тийм хариуцлага хүлээх юм байна гээд маш тодорхой болсон. Өөрийгөө хамгаалах мэдэж таньж болох мэдлэгийнх нь цонх нэг болчихлоо шүү дээ. Нөгөө нэг цонхны үйлчилгээ гэдэг шиг юм. Албан тушаалтнууд хуулийн нэг цонхоор иргэн рүү очно.

 

Дур дурын цонхоор очихгүй гэдэг философийн шинжтэй өөрчлөлт хийчихэж байгаа юм. Энэ бол хуулийн салбарт хувьсгал. Одоо доторх агуулга, чанар, ухаалаг байдлыг сайжруулах дараагийн алхам хийгдэх байх. Ямар ч байсан 220-230 цонхыг нэг цонх болгоно гэдэг бол том дэвшил. Ингээд ирэхээр хуультай холбоотой чиг үүрэг хэрэгжүүлж байгаа 20 орчим байгууллагыг ч нэг дүрэмтэй болгох шаардлагатай болж байгаа юм.

 

-Уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр та “Хүний өмчийг цагдаа битүүмжлэхэд маш олон процесс туулдаг байхад мэргэжлийн хяналтын байцаагч шууд шийдвэр гаргачихдаг” гэж хэлж байсан. Тэгэхээр энэ хууль батлагдвал хүчний байгууллагууд нэг журмаар ажилладаг болох нь гэж ойлгож болох уу?

 

-Бид хүчний байгууллага, хууль хамгаалах байгууллага, цэрэгжсэн байгууллага гээд дандаа буруу хэлдэг. Гэтэл бусад орнуудад энэ байгууллагуудад эрх мэдэл байдаггүй юм. Хуульд заасан журмаар яг л процессын ажил хийдэг. Өөрөө шийдвэр гаргадаггүй, эрх мэдэл эдэлдэггүй. Хуульд ингэж заасан учраас танд ийм хариуцлага тооцно гэж ажилладаг.

 

Би үүнийг хийгээгүй хууль ингэсэн байна гэж хэрэгжүүлдэг. Гэтэл манайд зарим нь хуультай байхад нөгөө хэсэг хуульгүй байх жишээтэй. Цагдаагийн байгууллага 500 мянган төгрөг битүүмжлэхийн тулд бөөн юм болдог. Гэтэл татварын байцаагч таван тэрбум төгрөгийн үйл ажиллагааг зогсоох, битүүмжлэхийн тулд зүгээр л тэр өдрийн аашаараа, үзэгний үзүүрээрээ шийдчихэж байна. Ямар хуулиар, дүрэм журмаар энэ асуудлыг шийдэж байна вэ гэхээр байгууллагын даргын заавар эсвэл сайдын баталсан журмаар гэх жишээтэй.

 

1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дээр маш тодорхой байгаа. Зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хүнийг баривчилж хорино, нэгжлэг үзлэг хийнэ, эрх чөлөөг нь хязгаарлана.

 

Гэтэл хуульд заасан үндэслэл журам биш даргын, сайдын журам явж байна. Зарим нь бүр ямар ч дүрэм журамгүйгээр “Бид ингээд хийгээд ирсэн ш дээ” гэнэ.

 

Тэгэхээр бас л 230 орчим хуульд байсан хариуцлагуудыг нэгтгэж нэг болгосонтой адил хүний эрх, эрх чөлөө рүү халддаг энэ байгууллагуудыг нэг дүрэмтэй болгож авахгүй бол болохгүй юм байна.

 

Жишээ нь галт зэвсэг. Галт зэвсэг хэрэглэнэ гэдэг хүн амьд байх уу, үгүй юу гэдгийг шийддэг хамгийн ноцтой бөгөөд хамгийн сүүлд авдаг албадлагын арга хэмжээ шүү дээ. Гэтэл зарим байгууллага галт зэвсэг хэрэглэхийн тулд нарийвчилсан хуультай байхад нэг хэсэг нь байгууллагын даргын гаргасан заавар журмаар л явж байна. Ийм байж болох уу. Зарим нь бүр огт дүрэм журамгүй явж байна.

 

-Зэвсэгтэй атлаа түүнийгээ хэрэглэх дүрэм журамгүй гэж үү?

 

-Жишээ нь ой хамгаалагч галт зэвсэгтэй мөртлөө ямар хууль, дүрэм, журмаар хэрэглэх талаар тодорхойгүй. Ийм оилгомжгүй хуулийн орчинд албан тушаалтны дур зоргоор амьдардаг. Хувь хүний үзэмжээр асуудал шийддэг гэсэн үг. Гэтэл тэнд шуналтай, ууртай, харанхуй бүдүүлэг, мухар сүсэгтэй хүн байж болно шүү дээ. Хэнд юу бариулж байна гэдгээ мэдэхгүй байна. Нөгөө талд иргэдийг эрх чөлөөтэй, аюулгүй байгаа гэж хэлж болохгүй шүү дээ. Тэгэхээр хууль сахиулах үйл ажиллагааг нэг нэгдсэн стандартад оруулж, дүрэм журамтай болгоно гэдэг бол Монгол Улсын хувьд маш том дэвшил.

 

-Галт зэвсэг хэрэглэхийг хязгаарлаж багасгасан гэсэн?

 

-Галт зэвсэг хэрэглэх үндэслэлийг нарийвчилж хуульчилж байгаа. Ганц цагдаа ч биш гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагууд байна. Тэр хүмүүс ажлаа хийхдээ ядаж Монгол Улсын иргэнийхээ хувьд амьд байх эрхтэй. Түүнээс чи цагдаа учраас гэмт хэрэгтэн хутгатай байна уу, буутай байна уу наад шалдан гараа зангидаад гүйгээд ор гэж болохгүй шүү дээ. Тийм учраас монгол хүн ямар ч ажил хийж байгаагаас үл шалтгаалаад амьд байх ёстой.

 

Гал, ус руу ордог амь насаараа дэнчин тавьж гэмт хэрэгтэй тэмцэж хууль сахиулж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг сахиулж байгаа албан хаагчдад нэг бүрийн тусгай хэрэгсэл заримд нь галт зэвсэг тавьж өгөхөөс өөр аргагүй.

 

Гэхдээ тэр тусгай хэрэгсэл болон галт зэвсгээ иргэнд хэрэглэхдээ яаж хэрэглэх юм гэдгийг маш нарийн хуульчилж өгөх ёстой. Түүнээс биш хэн нэгэн даргын үзэмжид найдаж орхиж болохгүй. Тэр нарийвчилж хуульчилж өгсөн  журам нь ганцхан цагдаад биш ШШГЕГ,  Тахар, АТГ, Тагнуулын байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэж байгаа ажилтан Төрийн тусгай хамгаалалтыг харуул хамгаалалтыг ажилтанд нэг адил үйлчлэх ёстой. Яагаад гэвэл тэр галт зэвсгийн үзүүрт өртөж байгаа иргэн бол Монгол Улсын иргэн.

 

Байгууллага болгон өөр өөр хуулиар тэр иргэн рүү халдах биш та тэр иргэн рүү очихдоо энэ Хууль сахиулах тухай хуульд заасан журмаар л очно. Өөр хууль танд “падлий байхгүй. Таны албан тушаал чиг үүрэгтэй холбоотой өөр өөр  хуульд заасан заалтууд байж болно. Гэхдээ хүний  хувийн өмч рүү халдах гэж байгаа бол та гааль, татварьн байцаагч байна уу, цагдаа АТГ, тагнуулын ажилтан байна  уу хамаагүй нэг журмаар очно  шүү. Тэгж байж сая нөгөө талд  нь хүний хөдлөх болон үл хөдлөх өмчтэй байх Үндсэн хуулийн эрх хамгаалагдана. Халдашгүй байх эрх нь дархлагдана.

 

-Цагдаа, хуулийн байгууллага хэн нэгэн; хариуцлага хүлээлгэхдээ түүнийгээ өөрсдөө нотлох ёстой заалт орсон юм билээ?

 

-Хэн нэгнийг зөрчил гаргасан гэж буруутгаж,  хариуцлага тооцох гэж байгаа бол буруутгаж байгаа төрийн байгууллага, албан тушаалтан яагаад буруутгаж байгаагаа нотлох үүрэгтэй.

 

Монгол Улс Иргэний, Захиргааны, Эрүүгийн гэсэн шүүхийн гурван тогтолцоотой. Эрүүгийн шүүхийн систем дотор гэмт хэргээс гадна зөрчил шийддэг Жижиг хэргийн шүүх Монголд анх удаа бий болж байгаа. Өмнө нь зөрчлийг Иргэний шүүхээр шийддэг байсан. Иргэний шүүх бол иргэн-иргэн хоорондоо маргаж байгаа хэрэг. Гэтэл иргэн-иргэн хоорондоо маргаж байгаад нотлох аргаар зөрчлийн асуудлыг шийдэх гэж байна шүү дээ.

 

Түр баривчлах байранд захиргааны хариуцлагаар нэг сар хүртэл баривчилдаг. Иргэнийг эрх чөлөөг нь хязгаарлахдаа "Чи хэрэг хийгээгүй гэдгээ өөрөө нотол, нотолж чадахгүй учраас би чамайг баривчилж байна” гэдэг байдлаар хийж байсан. Энэ бол хуулийн засаглал бүхий хүний эрхийг хүндэтгэдэг ардчилсан нийгэмд байж боломгүй зүйл. Гэтэл бид одоо хүртэл яг энэ аргаараа явж байна. Эрүүлжүүлэгдээд эсвэл замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэргээр захиргааны журмаар баривчлагдаж байгаа хүн бүр ямар шүүхээр ордог, тэр шүүх яадаг вэ гээд одоо очоод судлах юм бол иргэнээ хэлмэгдүүлж, ямар аймшигтай ажиллаж байгааг харна. Үүнийг л бид өөрчлөх ёстой. Өөрчлөхийн тулд Хууль сахиулах тухай хууль гарч байна.

 

Үүнийг дагаад олон  ажил хийгдэх нь ээ. Ядаж л дүрэм зөрчсөн хүнийг зураг хөрөгтэй нь нотлох болох нь?

 

-Мэдээж тодорхой ажпууд явагдана. Одоо гудамжинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой камерууд байна. Тэр камерууд дээр зураг аваад торгуулийн хуудас ирээд байна шүү дээ. Яг энэ хууль үйлчлээд эхлэхэд шүүх дээр асуудал үүснэ. Яагаад гэвэл торгуулийн хуудсан дээр авагдсан зураг нь зөрчил гаргасан машины дугаар мөн байна. Тэгвэл жолоон дээр сууж байгаа хүн мөн гэдгийг яаж нотлох юм гээд асуудал үүснэ. Тэгээд зураг байхгүй бол уучлаарай, эргэлзээтэй учраас гээд иргэнд ашигтайгаар шийдвэрлэнэ. Ингэхээр жолоочийн зургийг цуг авах ёстой болно.

 

Жолоочийн зургийг авахдаа хажууд нь суугаа болон ард нь суугаа зорчигчдын зургийг хэвлэж болохгүй

 

Тэр нь танигдахуйц байх ёстой. Жолоочийн зургийг авахдаа хажууд нь суугаа болон ард нь суугаа зорчигчдын зургийг хэвлэж болохгүй. Яагаад гэвэл энэ бол хүний эрх. Зөрчил гаргаагүй хүний хувийн орон зайг гаргаж брлохгүй. Хууль сахиулах үйл ажиллагааг илүү тодорхой, боловсронгуй болгохын зэрэгцээ хүний эрхийг зөрчдөггүй байх ёстой. Ийм нарийн зохицуулалт руу орж эхэлнэ. Энэ тохиолдолд маргаан гарахгүй. Хэн нэгэн “Намайг гүтгэлээ, хэлмэгдүүллээ” эсвэл “Миний эрхийг зөрчлөө” гэсэн зүйл байхгүй болно. Одоо бол байгаа шүү дээ. Миний машин яваагүй би биш гэхэд хэн байсан юм гэнэ. Хэн байсныг яаж мэдэх юм гэхээр тэгвэл өөрөө зөрчил гаргаагүй юм бол хэн байсныг нь олж ир гэдэг. Төр хийх ажлаа иргэн дээр тохох гээд байгаа биз. Би байгаагүй учраас хэн байсныг би нотлох үүрэггүй та нотол гэж хэлдэг болно.

 

-Ерөнхийдөө та өнгөрсөн дөрвөн жилийг дүгнэж хэлэхгүй юу. Одоо бас иргэдээр дүнгээ тавиулах хугацаа дөхчихсөн байна шүү дээ?

 

-2012 оны сонгуулиар Ардчилсан нам "Эрх чөлөөт монгол хүн", "Аюулгүй орчинд амьдарч байгаа монгол хүн” гэсэн мөрийн хөтөлбөрийн зорилт тавьсан юм. Монгол хүн аюулгүй орчинд амьдарч эрх чөлөөтэй байхад хуулиар эрх мэдэл авсан хүчирхийлэл үйлдэх боломжтой тэр байгууллагуудын зүгээс иргэнд хамгийн их аюул занал ирж байна.

 

Ойлгомжгүй хууль, бас эрх мэдлийн тодорхойгүй дүрэм журмаас шалтгаалаад иргэн эрх чөлөөтэй байх нь эргэлзээтэй байна.

 

Тэгэхээр 230 хуулиар иргэнийг айлгаад байгаа бол түүнийг нэг цонхтой болгох ёстой юм байна.

 

20 төрлийн байгууллага дүрэм журам эсвэл дүрэм журамгүй байдлаар иргэн рүү халдаж байгаа бол бас нэг цонхтой болгож маш ойлгомжтой болгох хэрэгтэй юм байна гэж Эрүүгийн эрхзүйн чиглэлээр маш том шинэтгэл хийсэн. Энэ концепцийг дагаад гэрч хохирогчийг хамгаалах Тахарын алба, цагдаагийн байгууллагыг үйлчилгээний ил тод, олон нийттэй хамтарч ажилладаг, цэрэгжсэн биш болгох өөрчлөлтүүдийг хийж байгаа юм.

 

Дарга дагасан цэрэгжсэн байдалтай биш иргэншсэн болгох өөрчлөлтүүдийг хийж байгаа. Мэдээж энэ хуулийн байгууллагуудын өөрчлөлтүүд буцаад хэнд ашиггүй байх вэ. Нөгөө эрх мэдэлтэй, хариуцлагын тогтолцоо ойлгомжгүй байдлаас шалтгаалаад авлига аваад албан тушаалаа ашиглаад амьдарч байгаа тэр нөхдүүдэд ашиггүй болно шүү дээ. Мэдээж эсэргүүцэл байсан. Зөндөө юм болсон. Тэр эсэргүүцэл дунд нь манай намын зарим нөхөд ч оролцсон. Гэхдээ бид  ямар ч байсан цагдаагийн байгууллага, хууль хүчний гээд байгаа тэр хүмүүст эсвэл тодорхой нэр бүхий хурандаа нарт зориулж энэ шинэтгэлийг хийгээгүй.

 

Жирийн иргэдэд зориулж хийж байгаа. Дарга нарт биш иргэдэд зориулж хуулийн шинэтгэлийг хийсэн. Тийм учраас тэд эсэргүүцэх нь сонин биш. Үр дүн буцаад иргэдэд очих ёстой. Яахав хугацаа алдсан. Засаг унагасан энэ шинэтгэлийг зогсоохгэжоролдсон. Сүүлийн жил хагасын хугацаанд хийсэн шинэтгэлүүдийг нураах гэж өөрчлөх гэж оролдож байлаа. Гэхдээ “үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг шүү дээ. Энэ процесс өөрчлөлтүүд эцсийн дүндээ 2012 онд судалгаа тооц.оотойгоор бидний амласан амлалт учраас, жирийн иргэдэд хэрэгтэй учраас гэдгийг ойлгоод дахиад зам дээрээ гарч ирж байна.

 

-Таны дараа Хууль зүйн сайд болсон Д.Дорлигжав хуулиудын заримыг татаж аваад өргөн барьсан шүү дээ. Өөрчлөгдсөн юм бий юу. Одоо маргаантай байгаа ямар асуудлууд байгаа вэ?

 

-Өөрчлөгдсөн зүйлүүд нь батлагдаагүй байна. Дахин дахин буцааж татаж авах байдлаар анх боловсруулсан үзэл санаа эргээд орж ирж байна. Одоо Тахарын албыг Шүүхийн шийдвэртэй байгаа дээр жаахан маргаан гарна. Яагаад гэвэл гэрч, хохирогчийг хамгаалдаг байгууллага нөгөө талдаа ял аваад шийтгэл хүлээж байгаа тэр хүмүүстэй байгууллага хоёр нэгдэх үнэхээр аюултай. Түүнийг дэмжих ямар ч боломжгүй. Мөн гадаадын иргэн харьяатын шилжилт хөдөлгөөнийг хариуцсан байгууллага цэвэр иргэний байгууллага байх ёстой.

 

Дотор нь тодорхой хэсэг нь хууль сахиулах чиг үүрэгтэй байна. Гэтэл буцаагаад цэргийн байгууллага болгох гэж оролдож байгаа. Түүнийг дэмжих боломжгүй. Үүд хаалган дээрээ цэрэг зэвсэг бариад сууж байх нь Монгол Улсын хувьд ний нуугүй хэлэхэд  таагүй шүү дээ. Бид хоёр хөрштэйгөө байлдах гээд байгаа юм уу. Хэнтэй дайтах гээд байгаа юм. Хойд Солонгос шиг болж болохгүй шүү дээ.

 

Гэтэл мөнгө хүрэлцэхгүй байна гээд Тахарыг татан буулгах гээд байгаа хүмүүс дотоодын цэрэг байгуулж цэрэг командлах тоглоом тоглож болохгүй л дээ

 

Түүнчлэн дотоодын цэргийг эргүүлж байгуулах гэж байгаа асуудал яригдсан. Гэтэл би дотоодын цэрэг гэдэг энэ үрэлгэн санхүүгийн системийг алга болгож байж Улаанбаатар хотод зургаан дүүрэгт байсан цагдаагийн хэлтсийг 14 хэлтэс болгон задалж гэр хорооллуудад цагдаагийн үйлчилгээг хүртээмжтэй болгосон. Одоо буцаагаад дотоодын цэргийг байгуулъя гэвэл тэр цагдаагийн хэлтсүүдийг татан буулгаж тэр орон тоог алга болгох юм уу.

 

Гэтэл мөнгө хүрэлцэхгүй байна гээд Тахарыг татан буулгах гээд байгаа хүмүүс дотоодын цэрэг байгуулж цэрэг командлах тоглоом тоглож болохгүй л дээ. Би ямар сайндаа бухимдаад “Цэрэг командалмаар байвал Хууль зүйн сайд биш Батлан хамгаалахын сайд бол” гэж хэлж байх вэ дээ. Энэ бүхэн юугхэлж байна гэхээр буцаад концепцийн том зөрүү гарч байгаа юм. Иргэнд зориулж өөрчлөлт хийх гээд байгаа юм уу эсвэл хэн нэгэн өөрөө сайд дарга болж тоглох гээд байгаа юм уу. Энэ хуулийн салбарын шинэтгэл чинь хэн рүү чиглэх юм.

 

Хэдэн хурандаад таалагдахад зориулагдаж байгаа юм уу. Эсвэл дарга, хурандаа хэн нэгэн сайдыг танихгүй бас хахууль өгөх мөнгө байхгүй өөрөөр хэлбэл ажиллаж амьдарч байгаа тэр иргэдэд хэрэгтэй шинэтгэл юм уу. Ийм л зөрүүтэй. Энэ зарчим, энэ зөрүүнээс хэзээ ч ухрахгүй. Яагаад гэвэл үүнийг чинь би 2012 онд сонгогчдодоо амлаж гарсан амлалт юм. Би хэн нэгэн даргын бөгс хараад, хэн нэгэн даргын ааш аягаас болж амласан амлалтаасаа буцдаг хүн биш.

 

-Албан тушаалын цолыг ч гэсэн буцаах тухай яриа гардаг?

 

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа цагдаагийн хууль дээр албан тушаалын цол хэвээрээ байгаа. Бид яагаад хуулийн байгууллага дээр цэргийн цол хэрэглэж болохгүй вэ гэдгийг маш тодорхой үндэстэй судалгаанууд хийсэн юм. Зүгээр хэн нэгэн цолоо хасуулсан гомдсон цагдаагийн даргын үгээр явж болохгүй шүү дээ. Судалгаанаас үзэхэд өндөр цолтой цагдаагийн албан хаагч жирийн иргэнтэй уулзахдаа маш дээрэлхүү байдаг. Харин бага цолтой цагдаа жирийн иргэдтэй уулзахдаа боловсон, тайван байдаг юм. Иргэнд аль нь хэрэгтэй вэ. Цаана нь бүхэл бүтэн шинжлэх ухаан байна шүү дээ. Үүнийг хэн нэгний гомдол, сэтгэл хөөрлөөр өөрчилж болохгүй.

 

-Хаврын чуулганаар хэр их асуудал шийдэж амжих бол. Сонгууль дөхсөн болохоор олон асуудал үлдэх байх гэсэн таамаг байна?

 

-Хэцүү шүү дээ. Хамгийн яаралтай батлах хуулиудаа л баталж байвал бид зорилгодоо хүрлээ гэж ойлгоно. Яах аргагүй 1.5 жил хий эргэчихлээ. Хийсэн юм байхгүй, дэвшилттэй юм байхгүй хуулийн салбар бол бүхэлдээ хоосон хий эргэчихэж байгаа. Энэ байдлыг дахиад жаахан урагшлуулах хэрэгтэй байна.

 

Та өнгөрсөн сонгуулиар намынхаа жагсаалтын гуравт эрэмбэлэгдэж байсан. Энэ удаа яах бол?

 

Тойрогт дэвшинэ шүү дээ. Ямар ч байсан хотод л дэвших байх. 

 

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН