Үүдэл эсээс элэг ургуулжээ

2016 оны 3 сарын 21

Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай ч донор олдоогүйн улмаас хорвоог орхиж буй олон сая хүн байдаг. Харин Японы Йокогама их сургуулийн судлаачдын баг хүний элэгний үйл ажиллагааг бүрэн гүйцэтгэж чаддаг хэдхэн миллиметрийн хэмжээтэй элэг амжилттай ургуулжээ.

Мэргэжилтнүүд уг элгийг дотор эрхтнүүд үүсч боловсрох үйл явцад хувирч чаддаг үр хөврөлийн бус үүдэл эсийг ашиглаж ургуулсан тухай NHK сувгаар мэдээлжээ.

Ургуулан гарган авсан жижиг хэмжээтэй элэг нь яг л хүний жинхэнэ элэг шиг хорт бодисыг маш үр дүнтэй шүүн, хоргүйжүүлдэг ба цусанд шаардлагатай уургийг ялгаруулж чаддаг гэж судлаачдын багийн ахлагч, профессор Хидэки Танигутигийн ярьсан байна.

Японы судлаачид ургуулсан элэгнийхээ клиникийн туршилтыг 2019 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд элэгний хүнд өвчтэй хүмүүсийн элэгний хэвийн үйл ажиллагааг хангахын тулд шилжүүлэн суулгах аж.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна