Усны салбарын алдагдал 20 тэрбумд хүрчээ

2016 оны 3 сарын 21

Маргааш дэлхийн усны өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Усны салбарынхан тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна.  Усны салбарын алдагдал 2015 оны байдлаар 20 орчим тэрбум төгрөгт хүрчээ. Гэхдээ энэ нь өмнөхтэй харьцуулахад буурсан дүн юм байна. Учир нь 2014 онд усны тарифыг нэмж, өөрчлөлт оруулснаар алдагдлын хэмжээ аажмаар буурах шатандаа оржээ. Ингээд 20 тэрбум төгрөг болсон байна. Цаашид усны салбарын алдагдлыг хэрхэн бууруулах тухай салбарынхан боломжит аргуудыг хэрэглэж байгаа аж. Гэхдээ ойрын үед хэрэглэгчийн усны үнийг нэмэхгүйгээр зардлаа танах замаар алдагдлаа бууруулах тухай хэлэлцэж буй гэнэ.

Нэн тэргүүнд айл өрх, албан байгууллагуудыг усны тоолуураар хангах юм. Гэвч усны тоолууржуулалтын ажил удаашралтай байна. Тухайлбал, 2015 онд нийслэлийн орон сууцны өрхүүдийг тоолууржуулж дуусна хэмээн зорилт тавьсан. Гэвч 2016 оны байдлаар орон сууцны тоолууржуулалтын ажил 60 хувь дээрээ л байна. Харин албан байгууллагууд бүгд тоолууртай болжээ. Орон сууцны иргэдийн усны хэрэглээг  бүрэн хянадаг болсноор хэмнэлт үүсч, зардал буурна хэмээн тооцоолсон ч зорилгодоо хараахан хүрээгүй байна.  

Мөн орон сууцнаас гадна гэр хорооллын иргэдэд нэг литр усыг 8-9 төгрөгөөр түгээдэг. Гэтэл иргэдэд худалдахдаа нэг литр усыг нэг төгрөгөөр борлуулдаг гэдгийг хэллээ. Ус түгээх зардлаасаа хэт доогуур үнээр худалдсаар байгаа тохиолдолд усны салбарын алдагдал тэрбумаар тоологдсон хэвээр байх билээ.

“Түгээлтийн явцад ус бохирддог”

Орон сууцны оршин суугчдын зүгээс крантнаас зэвтэй, бохир ус гардаг гэсэн гомдол мэдүүлэх нь бий. Нийслэлчүүд усны эх үүсвэрээ Туул голоос авдаг учраас чанарын хувьд асуудалгүй. Харин түгээх явцад усанд бохирдол үүсэх нь бий.

УСУГ-аас хоногт  150-160 мянган м3 усыг нийслэлийн хүн амд нийлүүлдэг байна. Ингэхдээ төвлөрсөн шугамаар ус нийлүүлдэг учраас бохирдлын асуудал үүсэхгүй. Харин шинээр барьсан орон сууцны шугам сүлжээний чанараас үүдэн ус түгээх явцад бохирдол үүсэх явдал гардаг гэв. Ялангуяа шинээр барьж буй орон сууцны шугам сүлжээ далд байдгаас хяналт тааруу болжээ. Тиймээс энэ тохиолдолд ус түгээлтийн явцад бохирдох аюул сүүлийн жилүүдэд ч нэмэгдэх болсон байна.

“Усны нөөц эрсдэлд байна”

Усны өдрийг тохиолдуулан онцлох бас нэгэн асуудал усны нөөц юм байна. Монгол Улсын хувьд усны нөөц эрсдэлд байгааг Монголын усны түншлэл ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Басандорж хэлж байлаа. Тухайлбал, аливаа улс усныхаа нөөцийг 20 жилдээ нэг шинэчилж тогтоох учиртай. Гэтэл Монгол Улс 1988 онд л 230 м3 усыг хоногт олзворлох боломжтой хэмээн тогтоожээ. Үүнээс хойш дахин тогтоосон зүйлгүй аж. 1988 оноос хойш нийслэлийн хүн ам хэд дахин өсч, суурьшлын бүс нэмэгдэж, тэр хэрээр усны хэрэглээ өссөн. Гэтэл энэ хугацаанд усны нөөцийг нэг ч удаа шинэчилж тогтоогоогүй юм байна.

Ийнхүү усны хэрэглээ өсч, нөөц эрсдэлд орсон энэ үед Монгол Улс одоог хүртэл усны менежментгүй явсаар байгааг салбарынхан онцоллоо. Наад зах нь бид бохир усыг цэвэршүүлэн, дахин ашиглах тухай олон жил ярьж буй ч хэрэгжүүлж эхлээгүй. Монгол Улсын усны нөөцийн 90 хувь нь гадаргын ус гэдэг. Гэтэл энэ 90 хувиас 70 хувь нь Хөвсгөл нуурын ус байдаг. Нэгэнт Хөвсгөл нуураас ус татахгүйгээс хойш усны менежменттэй ажиллах нь чухал гэдгийг салбарынхан хэлж байна.

Жишээ нь нийслэлийн гудамжин дахь ногоон байгууламжийг услахад хоногт л гэхэд 30 мянган м ус хэрэгтэй. Гэтэл энэ бүгдэд цэвэр усыг л ашигладаг. Тиймээс бохир усыг цэвэршүүлэн, эргэж ашиглах ажлыг ч яаравчлах хэрэгтэйг онцоллоо.

М.КЕЙТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна