Гишүүдийн дараагийн үйлдэл юу вэ?

2016 оны 3 сарын 21

Шударга ёс эвслийн бүлэг задрах уу гэдэг зөвхөн нэг улстөрчөөс шалтгаалах болж, эмзэг байдалд шилжлээ. УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс гарахаа мэдэгдсэнээр бүлэг нь задарч болзошгүй нөхцөл байдал үүслээ.

Одоо гол нь О.Баасанхүү гишүүн аль талд тоглолт хийх вэ гэдгээс МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хувь заяа шалтгаалах болж байна. Түүнд нэг эрсдэл бий нь, бүлгээсээ татгалзвал УИХ-ын гишүүнээсээ автоматаар чөлөөлөгдөх юм. Гэхдээ тэр ийм сонголт хийхийг хүсэхгүй байгаа бололтой, энэ удаад Г.Уянга нарын нэгэн адил мэдэгдэл хийсэнгүй.

Л.Цог нарын хувьд өмнө нь бүлгээсээ татгалзаж магадгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. Намрын чуулган завсарласан, хэзээ мөдгүй хаврын чуулган эхлэх мөчид бүлгээсээ гарахаа зарласан нь сонгууль угтсан улс төр гэж харж болох ч хэн, хэн нь намын удирдлагатайгаа таарч тохирохоо больсныг илтгэж буй юм.

Л.Цог гишүүний хувьд “Н.Энхбаяр даргатай 1 сая ам.доллар нэхсэн, шантаажилсан”  гэх хэрүүлтэй суугаа. Г.Уянга гишүүний хувьд намаа сольж магадгүй, бие дааж ч мэднэ гэх мэдэгдлийг өмнө нь хийгээд амжсан нь мөн л удирдлагатайгаа зам нийлэхээ больсныг харуулсан тайлбар болсон билээ. Одоо харин тэд өнгөрсөн хугацаанд бүлэгтээ шударга ёсны төлөө тэмцэхийг сануулаад сануулаад үгийг нь тоогоогүй бол шууд УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдвөл илүү шударга болж харагдана. Ингээгүй нөхцөлд зөвхөн сонгууль угтсан улстөр болж буух болж буй.

Нөгөө талдаа Шударга ёс эвслийн бүлэг задарсан нөхцөлд Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын байгуулсан эвслийн бүлгийн гэрээ цуцлагдахаас Засгийн газрын хувь заяанд нөлөөлөхгүй аж.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна