Ган хүлгийн жигүүр цуцаагүй

2016 оны 3 сарын 21

Хүмүүний амьдралын замналыг ажиглахад  хаана төрсөн,  балчир ахуйдаа  сонсч өссөн нь үлгэр туульс, түүгээр жигүүрлэсэн  мөрөөдөл хожмын   их үйлсийн гарааны эхлэл болдог юм шигээ.   Ийн өгүүлэхийн учир 40 гаруй жилийн тэртээ  хөлдөө анх тэшүүр углаж үзэн  тэнцэн ядан зогсох мөртөө  дэргэдүүр нь салхи хүүгүүлэн нисэх мэт гулгах хүмүүсийг хараад  тэрүүхэндээ атаархаж,  “Би мөдхөн та нараас илүү гулгаж сурна.  Ээж шигээ сайн тэшүүүрчин болно” хэмээн өөртөө тангарагласан тэр л өдрөөс хойш тэшүүр хэмээх ган хүлгийг хөлнөөсөө салгаагүй төдийгүй амьдралынхаа зорилгын нэгээхэн хэсэг болгосон эрхэм бол Монгол Улсын шигшээ багийн гүйлтийн тэшүүрийн  шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ОУХМ Д.Энхбаяр бөлгөө. Үнэндээ түүнийг үе дамжсан тэшүүрчин гэж  болох юм билээ.   Энэ тухайгаа тэрбээр   “Би анх 12-тойдоо тэшүүр хөлдөө углаж үзсэн” хэмээсэн  боловч өвгөн эцэг нь “ Миний хүү дөнгөж гурав хүрч байхдаа ээжийнхээ  тайлаад тавьсан тэшүүрийг хөлдөө углачихаад ор түшин бидний инээдийг бардаг байлаа.   Хүүхэд гурван настайдаа ирээдүйгээ зөгнөдөг гэдэг дээ. Энхбаяр маань тэр л балчирхан үедээ ирээдүйгээ зөгнөсөн  хэрэг” гээд “Бидний үеийнхэн буюу 1940,1950- иад оны залуус  Монгол Улсад спорт хөгжихөд их үүрэг гүйцэтгэсэн. Залуус зуны дэлгэр цагт гар бөмбөг, теннис тоглож, өвөл болохоор Хандгайт, Их тэнгэрийн аманд цана чаргаар гулгаж  өнжинө. Тэшүүрийн спорт 1960-аад оны эхээс  ид хөгжиж, Монголын баг тамирчид  тив дэлхийд хүчээ үзэж байлаа шүү дээ. Гавьяат тамирчин  Лувсаншаравын Цэнд багш 1964,1968,1972 оны өвлийн олимпод оролцон Ази тивийн аварга болж байсан  юм шүү дээ” хэмээн   бидний ярианд  оролцон  бяцхан тайлбарыг хийв.  Өдгөө гавьяаныхаа амралтыг эдлэн  ач, зээгээ тойруулан жаргаж суугаа Монгол Улсын  урлагийн гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор дууны  шүлгийн яруу найрагч Ч.Дагвадорж  гуай, гэргий Б.Чулуун эгч хоёр ч  Хөвсгөл аймагт  багшилж байхдаа   Дэлгэрмөрөн, далай ээжийн мөсөн дээр   хөх гантай  төмрийг тэгшилж, ирлэсэн монгол тэшүүрээр гулгадаг байсан аж. Б.Чулуун эгчийн хувьд аймгийн аваргаар шалгарч, спортын мастер цол хүртсэн ахмад тэшүүрчин юм билээ.  Харин Энхбаяр дасгалжуулагч  аав ээж шигээ тэшүүртэй болохын зовлон амссангүй. ”Какос “хэмээх орос тэшүүрийг  эсгий гутал дээр бэхлээд л боллоо.   дасгалжуулагч маань  их спортод хөл тавьсан тухайгаа  “Миний найз Ламжавын Тайванжаргал гэж хүүхэд байлаа.Тэднийх  Сансрын туннелиэс холгүйхэн  орон сууцанд аж төрөх. Байрных нь гадна өвөл байнга  овойж хөлдсөн мөсөн тош бүхий жижигхэн  талбай байх. Тэнд л би тэшүүр дээр тогтож  сурсан.  Гулгах техник, хурд хийх т энэ тэрийн тухайд юу ч мэдэхгүй. Гулгаж сурах тусам хорхойсч гэртээ орохыг мэдэхгүй  өдөржин гулгана. Тэгтэл  найз маань “Хүүхдийн биеийн тамирын оройн сургууль хичээллэж эхэлжээ. Тэнд тэшүүрийн секц  хэчээллэдэг  гэнэ  гэх сонинг дуулгав.   Үүнийг сонссон даруйд  аавыгаа   шалж гарлаа. Уг нь би  Пионерийн ордны уран зураг, баримал, сийлбэр,ботаникийн дугуйланд суралцдаг байхгүй юу. Зурахын тухайд тун дажгүй, багш нартаа тоогддог цөөхөн шавь нарынх нь  нэг.  Гэсэн ч секцийн тухай сонссоноос хойш тэшүүр бодогдоод салдаггүй, бараг л шөнө нь зүүдэлж байсан байх аа. Тэгсэн ашгүй аав маань нэг хагас сайн өдөр өнөө секц хичээллэж байгаа газар руу дагуулаад явлаа шүү. Хүүхдүүд гулгах шиг л болж байна аа.  Мөс нь цэнхэртэж, гялалзаад л.  Миний гулгаж сурсан тоштой яаж зүйрлэхэв. Ингэж л би их спорттой,  Л.Цэнд багштайгаа учирсан.   Энэ бол 1975 он.    Л.Цэнд багшийн бидэндтэй хичээллэж байх үе бол ёстой л  од нь гийсэн он жилүүд байсан юм.   Бидний дундаас Ч.Дагвадорж,Ч.Мэндбаяр,  Г.Болд, А.Болд,  А.Содномдаржаа,  Д.Болдтөмөр ,  Р.Хүрэлбаатар,  Н.Ганболд, Ч.Мөнхцэцэг, М.Мөнхцэцэг Г.Болормаа гээд олон  тамирчин олон улсын болоод  спортын мастерын болзол хангаж,   Н.Ганболд маань Азийн аваргаас  мөнгөн медаль хүртэж  байлаа.  Ийн тэшүүрээр хичээллэж байхдаа  багш шигээ сайн дасгалжуулагч болохоор сэтгэл шулуудан Багшийн дээд сургуулийн биеийн тамирын ангид элсэн суралцсанаар  хүүхэд насны мөрөөдлөө биелүүлсэн  гэж хэлж болно”  хэмээн  даруухан нь аргагүй өгүүлсэн.

 Эл дурсамжийн араас “ Та ид гулгаж байсан үеийнхээ амжилтаас дурдсангүй” гэх нэхэл хатуутай гэмээр  асуултыг түүнд тавихад “ Би холын зайч,  1500,3000,5000 метрийн зайд уралддаг байсан гэсэн үг.  Намайг тамирчин байх үед  хүчтэй өрсөлдөгч олон байлаа.  Улсын аварга шалгаруулах тэмцээний эхний байруудад шалгарахын төлөө бүтэн жил  хөдөлмөрлөх учиртай. Нэг өдрийн бэлтгэл тасархад л  сарын бэлтгэлээ  салхинд хийсгэлээ гэсэн үг.  Тиймээс бэлтгэл таслах эрх бидний хэнд нь ч байгаагүй. Ингэж байнгын бэлтгэлтэй байж гэмээнэ жилийн эцэст  Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргана.  Миний тухайд 1976 оны намар Цэнд багшийн удирдлага дор хичээллэж эхлээд тэр өвлөө Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс анхны алтан медалиа хүртсэн юм.  Түүнээс хойш олон  жил  Улсын болон Бүх ард түмний спартикад амжилттай оролцож, аваргын алт, мөнгө медалын эзэн болж байлаа. Мөн тамирчин байх үедээ эх орноо төлөөлөн олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцож байснаас  Япон улсад зохион байгуулагдсан Оюутны универсадад  оролцож байсан минь ер мартагддаггүй.   Бас 1991 онд улсын аваргын тэмцээнийг нэрлэх байна. Нөгөөтэйгүүр, би  залуудаа  Зэвсэгт хүчний “Алдар” нийгэмлэгийн тамирчин байв.  Хугацаат цэргийн албаа ч нийгэмлэгтээ  хааж , Цэргийн гурван төрөлтөөс алтан медаль авч байлаа. Одоо ч “Алдар”-аараа овоглон, нийгэмлэгийнхээ тамирчдыг дасгалжуулж явна”  гэсэн юм.  Д.Энхбаяр багш   2008 онд их спортдоо эргэн ирсэн юм билээ.   Энэ удаад тэрбээр тамирчин бус цагийн үеийн ороо бусгаа байдалд хөл алдаад байсан тэшүүрийн спортыг сэргээн хөгжүүлэх төдийгүй монгол тэшүүрчнийг дэлхийд гаргах зорилго өвөртлөжээ.  Үнэн хэрэгтээ  Монгол Улс   шилжилтийн он жилүүдэд  өвлийн спортыг  хөгжүүлэх манатай байж,  нийгэмлэгүүд тарж,  олон арван  нэр хүнд бүхий тамирчин  амьдралын мөр хөөн ганзагын наймаанд мордоцгоосон шүү дээ.   Улс, аймгийн чанартай тэмцээнүүд 2010 он хүртэл  нэр төдий хэмжээнд зохион байгуулагдаж,  оролцдог тамирчдын тоо ч цөөхөн байсныг уншигч авгай та санаж  буй за.

Гүйлтийн тэшүүр ч үүнийг тойроогүй, дайрсан. Малчин хүн малаа  шуурганд уруудахыг хараад тэвчдэггүй шиг  Д.Энхбаяр дасгалжуулагч ч мөсөн талбайгаа эзгүйрэхийг  хараад сууж тэвчилгүй, хүнд үед амьдралыг авч гарсан сүм хийд  сэргээн засварлах уран  бүтээлийн ажлаа  орхин Монголын нэрийг дэлхийд дуурсгах тамирчдыг бэлтгэхийн төлөө  багшийнхаа хамт ханцуй шамлан  зүтгэж эхэлсэн байна.  

Нэгэн цагт зүрх сэтгэлээ зориулсан  тэшүүрийн  спорт нь хүсэл  мөрөөдлийнх нь оргил байсан бол эдүгээ  хөгжүүлэхийн төлөө зүтгэхээ үүрэг хариуцлага хэмээн  ухамсарласан гэлтэй. Ийн ярилцаж суухад Д.Энхбаяр дасгалжуулагчийг  холын мөрөөдөлтэй хүн юмаа гэсэн бодол төрсөн минь зөв  байж.  Өөр шиг нь тэшүүрчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүүхдүүдээ дагуулан  зэрлэг өвсөнд идэгдсэн талбайд бэлтгэл хийхээр явж байхдаа юун түрүүнд тархинд нь орж ирсэн бодол нь  дэлхийд нэр алдраа дуурсгаад байгаа Азийн орнуудын тэшүүрчид тэр дундаа БНСУ,Японы  дасгалжуулагч нартай холбоо тогтоон тэднээс дэмжлэг туслалцаа авахыг чухалчлах явдал.  Ингээд л биеийн тамирын чиглэлээр биш ч  хуучин социалист гэгдэж байсан орноос гадна хөгжлөөрөө дэлхийг түүчээлэгч АНУ,  БНСУ, Японы дасгалжуулагчидтай ч холбоо тогтоож, тэдний бэлтгэл сургалтын  арга туршлагаас суралцаж эхэлсэн байна . Тэшүүрийн спорт нь ч  төдхөн сэргээд ирэв.  Шавь нараас нь ОУХМ Г.Ууганбаатар, Д.Дэлгэрмаа, Г.Ургаацэцэг,  Б.Мөнх-Амьдрал, Б.Базарсад,  Б.Уранчимэг  нар нь БНМАУ-ын үеийн рекордыг шинэчлэн тогтоож, дэлхийд  улсынхаа нэрийг мандуулахын жимийг хойч үеийнхэндээ тавьж өгөн  гавьяа байгуулсан  бол Д. Гочоосүрэн, Батгэрэлт , Я.Зоригтбаатар, Б. Сумьяа нар нь туршлагатай тамирчдынхаа араас амжилтыг нь ахиулан түүчээлж явна. Хамгийн  сүүлд гэхэд ОУХМ Б. Сумъяа  Залуучуудын өвлийн олимпийн II  наадамд амжилттай оролцон  холимог багийн төрөлд тэргүүлж,  улсынхаа нэрийг дэлхий дахинаа дуурсгасан билээ.  Монгол Улс  өвлийн спортоос  алтан медаль хүртсэн анхны тохиолдол гэдгийг ч энд онцлон тэмдэглэх байна.Үнэндээ монголчуудын 52 жилийн турш өвлийн  цагаан олимпоос хүлээсэн  медаль нь  шүү дээ. Энэ  амжилт мөн үү гэвэл мөн. Д.Энхбаяр дасгалжуулагч Залуучуудын өвлийн цагаан олимпийн  анхны аваргыг төрүүлсэн үү төрүүлсэн. Анхны зам  гэдэг их хөдөлмөр, их хүч, эв нэгдлийн үр дүн байдаг билээ.  Гэхдээ  тэшүүрчид амжилтаа бататгах ёстой.  Гагцхүү амжилтыг бататгахад тамирчин,дасгалжуулагчийн хамтын хөдөлмөр,  хүчин чармайлт чухлыг  өгүүлэх юун  Ер нь түүний  дасгалжуулсан тамирчдаас улсын 1990 оноос өмнөх рекордыг 28 удаа шинэчлэн тогтоосон байдаг. Тэдний   үзүүлсэн  амжилтыг сонсоод  “Ямар мундаг юм бэ.  Үүнийг амжилт гэнэ биз дээ” хэмээн  бахархсандаа  дуу алдахад  Д.Энхбаяр багшийн  царай нь яльгүй гуних шиг,  дуу нь тэрүүхэндээ  бүдгэрснээ “Амжилт нь ч амжилт л даа. Гэхдээ гүйлтийн тэшүүр 1992  оноос  орхигдчихоогүй  бол юу боллоо гэж  жилд хорин хэдээрээ  рекорд эвдэгдэж байх вэ.  Саяхныг хүртэл  манай тэшүүрчид дэлхийн аварга,өвлийн олимпод цагаан хуудсаар л оролцдог байв.  Юун амжилт,  уралдсан  зайдаа  тойргоо гүйцээж чадвал зол юм шиг боддог,ойлгодог  байлаа шүү дээ, 2008 он хүртэл. Одоо  бүх зүйл өөрчлөгдсөн. Амжилт доллоор хэмжигдэж буй. Цагаан хуудас түүх болсон.  Дэлхийн цомын нормтив биелүүлэх цуврал тэмцээнүүдэд оролцон эрхээ авч гэмээнэ дараагийн тэмцээнд оролцох эрхээ авна.   Ямартай ч тэшүүрчид  маань  Дэлхийн цомд оролцох эрхээ авч,  дэлхийн шилдэг 28-нд  Монгол Улсын тэшүүрчин багтаж байна гэдэг бол чамлахааргүй үзүүлэлт.  Манайд сайн тэшүүрчин төрөх нөөц бий. Би ингэж хардаг.  Гагцхүү дэлхийн стандарт шаардлагыг хангасан битүү дээвэртэй ордонтой болох явдал. Тийм орчин байхгүйгээс Монголын тэшүүрчид  зундаа цардмал зам дээр хуурай бэлтгэл хийж, өвлийн сар дундаа орж байхад чүү чамай мөсөн дээр гарах жишээний. Сумъяа гэхэд зуны бэлтгэлийг сайн хийсний үр дүнд амжилт үзүүлсэн.  Дэлхийн тэшүүрчид зургадугаар сараас мөсний бэлтгэл хийж эхэлсэн байхад бид Солонгост 9, Чанчунд 14 хоногийн мөсний бэлтгэл хийгээд л олимпод оролцсон. Энэ мэтчилэн  дээр бид  алдаа гарган  тамирчдынхаа хайран сайхан бэлтгэл, боломжийг   дэмий үрчихэж байгаа юм”  гэсэн хариултад дүгнэлт  хийхэд  энэ салбарт ажилладаг мэргэжилтэн төдийгүй төр, засаг, хэн хүнгүй битүү дээвэртэй ордонтой болох тухай асуудалд  анхаарал хандуулах цаг болжээ гэх бодол төрснийг нуух юун.   Монгол хүн аливаа амжилтыг хүлгийнхээ хурдтай зүйрлэдэг . Дэлхийн залуучуудын цагаан олимпийг бидний  хэлж   сурснаар  хурдан  морьдынхоо  уралдаантай жишвэл  соёолон  морьдынхоо  тоосыг үзэж баяслаа. Энэ бол  хурд. Энэ бол эрч хүч. Энэ  бол залуу насны баясгалан.

Ган хүлэгтний хүслийн жигүүр жигүүр цуцаагүй

Ган хүлгийн ир ч хурцаараа.

Х.ХАТАН

"ЗУУНЫ  МЭДЭЭ" сонин

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна