Долларын ханшийн өсөлтөөс аж ахуй нэгж хохирох ёсгүй гэв

2016 оны 3 сарын 21

218.1 хөдөлгөөний санаачлагчид болох иргэн Т.Баярхүү, Ц.Шинэбаяр, Г.Ганбат нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Иргэний хуулийн 218.1-дэх Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг шаардаж буйгаа мэдэгдлээ.

Тэд “Долларын ханш өсөхийн хэрээр валютын зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд хохирч байна. Өнөөдөр долларын ханш 2050 төгрөгтэй тэнцэх боллоо. Гэтэл гурван жилийн өмнө ч юм уу доллар 1400 төгрөгтэй тэнцэж байх үед валютын зээл авсан аж ахуйн нэгж өнөөдөр асар их хохирол амсч байна. УИХ-аас баталсан дээрх хуулийн заалтаар ийм үед иргэн, аж ахуйн нэгж хохирох ёсгүй. Харамсалтай нь, долларын ханш чинээндээ тултал өсчихөөд байхад уг заалтыг нэг ч удаа хэрэгжүүлсэнгүй иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан уриалга, мөн шаардлага хүргүүлж байна” гэсэн юм.

Шаардлагад:

  • УИХ-ын харъяа бүтэц болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкуудын холбоо, Худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоод болон бусад хэрэгтэй төлөөллүүдээс оролцуулсан ажлын хэсгийг УИХ дотроос зохион байгуулж, ам.долларын зээлүүдийг Иргэний хуулийн 218.1 заалтын дагуу төгрөгийн зээлд шилжүүлэх асуудлыг шийдэх.

  • Монголбанк, Монголын банкуудын холбоотой хамтран банк бүрээр олгогдсон ам.долларын зээлийн олгогдсон үеийн төгрөгийн ханшаар тооцсон дундаж шилжүүлэх итгэлцүүл ханшийг тодруулж баталгаажуулах.

  • Ажлын хэсгийн судалж, баталгаажуулсан ханшийн дагуу арилжааны банкуудын ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлж гэрээнүүдийг шинэчлүүлэх.

  • Хэрэгжих шатанд банк бусад сонирхогч этгээдүүдээс янз бүрийн санхүүгийн заль булхай оруулахгүй байхыг хянаж хэрэгжүүлэх.

  • 2015 онд батлагдсан Онцгой албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тогтоосон нэгж ам доллар 1470 төгрөг гэсэн ханшаас ямар ч тохиолдолд ихэсгэхгүй байх.

  • Ажлын хэсгийн явуулах үйл ажиллагааг биечлэн хянаж, долоо хоног бүр ард түмэндээ мэдээлж байх гэжээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна