Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албаныхан хятадуудын гар хөл болж дуусчээ!

2016 оны 3 сарын 21

Одоогоос яг сарын өмнө “Алтайн хүдэр” компани болон БНХАУ-ын “Бугатын газрын ховор элементийн судалгааны хүрээлэн”-тэй холбогдох хэргийн талаар, түүнд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг илтэд Хятадуудын талд үйлчилж дотоодын компанийг хохироосон талаар бид нийтэлж байсан.

Уг түүхийг эргэн сануулахад одоогоос 6 жилийн өмнө буюу 2010 онд “Алтайн хүдэр” компани БНХАУ-ын “Бугатын газрын ховор элементийн судалгааны хүрээлэн”-тэй “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж баяжуулах 2 болон 3-р үйлдвэрүүддээ зориулан CTG-92 маркийн хуурай соронзон дамарт нийт 10 сеператорыг худалдан авсан ч яг ажиллагааны хувьд хятадуудын өгсөн баяжуулалтын хувь хэмжээнд хүрэхгүй байсан тул гэрээгээ цуцалж, 2011 оны 12 сард Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын үндэсний арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргахад тус арбитрын шүүх уг асуудлыг 2012 оны 4-р сард хянан хэлэлцээд, “Бугатын газрын ховор элемент судалгааны хүрээлэн”-гээс шүүхийн нэг шийдвэрээр 595,443 ам.долларыг “Алтайн хүдэр” компанид олгуулж, хохирлыг нь барагдуулах, “Алтайн хүдэр” компаниас 119,665 ам.долларыг “Бугатын газрын ховор элемент судалгааны хүрээлэн”-д олгуулах шийдвэр гарчээ. Өөрөөр хэлбэл өглөгөө хасаад “Алтайн Хүдэр” компани, хятадуудаас 475,778 ам долларын авлагатай үлдсэн байдаг.

Гэтэл энэ хэрэгт хөндлөнгөөс Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэлийн Албаны 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг гэгч хүүхэн гэнэт гарч ирэн 2012 оны 9 сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэн, тэрхүү өр төлбөрийг заавал өөрөөрөө дамжуулан хийлгүүлж, “Алтайн хүдэр” компанийг авлига өгөхийг удаа дараа шаардах болсноор барахгүй тэрээр хятадуудын авлагыг барагдуулахын төлөө шаргуу ажиллаж “Алтайн хүдэр” компанийн дансыг битүүмжлэн хаалгаж, 85,700 ам.долларыг хүчээр гаргуулан авсан байдаг бөгөөд хятадын компани “Алтайн Хүдэр”-ийнхнээс мөнгөө нэхэмжлэх болохоороо гэнэт гарч ирж Б. Ариунцэцэгээр шахуулж бужигнуулж байгаад эргүүлэн тэднээс авлагаа авах гэхээр Монгол дахь салбараа татан буулгасан гэдэг шалтгаанаар олддоггүй, түүнийг нь мань шийдвэр гүйцэтгэгч ч мэдэхгүй, мэдэх ч албагүй хэмээн зугатаад байдаг сэжигтэй үзэгдэл хэд хэд давтагдсан байна. Зүй нь “Алтайн хүдэр” компаниас өглөгийг нь авах, хятадуудаас авлагыг нь барагдуулах 2 ажлыг зэрэг хийх ёстой боловч Б. Ариунцэцэг тэгсэнгүй!

Сүүлдээ Б.Ариунцэцэг албан тушаал, эрх мэдлээ ашиглан “Алтайн хүдэр” компанийн өмчлөлийн 1000 гаруй тээврийн хэрэгслийг хот дотор хөдөлгөөнд оролцохыг зам цагдаад хандан болиулж, бүр компаний зүгээс өр авлагадаа тооцон өөр албан байгууллага, болон хувь хүний нэр дээр шилжин очсон тээврийн хэрэгслүүдийг нь хүртэл журамлан хувийн өмчид бүдүүлгээр халдаж, хятадуудынхаа хохирлыг барагдуулахын тулд Нийслэлийн шүүхийн шийдвэрийн нэрийн өмнөөс “Алтайн хүдэр” компанийн арилжааны банкууд дахь дансны хөдөлгөөнийг зогсоох тухай албан бичиг явуулж хаалган, компаний байранд нь 12 цагдаагийн хамт ирж “Ер нь би танай үйл ажиллагааг зогсоосон ч чадна” хэмээн хүч хэрэглэн сүрдүүлсэн байна.

Үүнийг эсэргүүцэн түүний энэ булхайтай ажиллагааг илчилсэн нийтлэл сарын өмнө сонин хэвлэл, вэбсайтуудаар гарсны дараа Б. Ариунцэцэг “Алтайн Хүдэр” компаний өр барагдуулах ажилтан Э. Хаш-Эрдэнэ рүү удаа дараа залгаж “Чи нотлох баримтаа аваад хурдан хүрээд ир! Байвал би нэг үзээдхэе” хэмээн залилах гэж оролдох, “Чи намайг яаж байгаа юм? Ер нь та нар намайг яаж чадахыг хараарай!” хэмээн улаан цайм дарамтлах зэргээр эгчээрээ болон өөрөө, мэдээлэл тавиулсан сонин хэвлэл, вэбсайтуудыг занаж, “Нийслэлийн шүүхийн шийдвэрээс ярьж байна” хэмээн дарамталж эхэлсэн тул өдгөө тус хэвлэл мэдээллийн байгууллагынхан түүний дээрхи бусармаг үйлдлүүдийг баримтжуулан шүүхэд хандаж эхлээд байна.

Б. Ариунцэцэгийн энэ үйлдлийг хууль бус хэмээн эсэргүүцэж “Алтайн Хүдэр” компаний зүгээс шүүхэд хандсан бөгөөд Шүүхээс тус хэргийг хянан шалгаж үзээд 2014 оны 9 сарын 23-ны өдөр “Алтайн Хүдэр” компаний арилжааны банкууд дахь дансыг битүүмжилсэн, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон авто тээврийн хэрэгслүүдийг битүүмжлэх, шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан ажиллагааг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал гаргуулах гэрээ байгуулсан үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоосон байна. Гэтэл 2 жилийн өмнө гарсан уг шүүхийн шийдвэр байсаар байтал Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Алба нь өөрөө шүүхийнхээ шийдвэрийг үл ойшоон нулимж, хохироод үлдсэн үндэсний компани дээрээ хууль бус “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” гээчээ явуулсаар л байна! Иймд шүүхээс дахин 2016 оны 3 сарын 4-ний өдөр Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд захирамж явуулж 2014 оны шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан ч Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны дарга, хурандаа Т. Энхбат нь компаний төлөөлөлд “Хэн ч надтай том дуугарч харьцдаггүй юм! Хууль зүйн яамны Дотоод аудитын газар, ШШГЕГ, Харъяа дүүргийн Цагдаагийн байгууллага 3 наад хэргийг чинь шалгаж байгаа болохоор би битүүмжлэгдсэн машинуудыг чинь суллахгүй мэдэв үү! Тэгээд шалгалтын чинь хариу гардаг юм бол их үсрээд л намайг хална биз. Өөр яадаг юм ер нь?” хэмээн аархаж, дарга, цэрэггүй дээд байгууллага болох шүүхийнхээ шийдвэрийг биелүүлэхгүй даналзаж сууна.

Монгол улсаас зугатан алга болсон хэрнээ төрийн албан хаагчдыг авилгалдан дотоодын компанийг дарамтлуулж байгаа хятадууд руу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг чухам хэзээ, хаанахын ямар дансаар хичнээн төгрөгийн гүйлгээ хийж үйлчилсэн, дээрхи хятадын компаниас төрийн албан хаагч түүний ах дүү, хамаатан садны данс руу шагнал болгож хичнээн хувийг нь шилжүүлснийг шалгахад уг нь ядах юмгүй мэт.

Монгол улс уг нь төртэй, өөрийн гэсэн дүрэм журам, хууль цаазтай тай улс! Гэтэл ард иргэд, хувийн хэвшлийн компаниудаа төрийн байгууллагын нэрээр дарамтлан хааж боож, өөрсдөө хуулиа зөрчиж ажиллах нь тэгээд зөв юм уу? Ингэж хуультай ч юм шиг, хуульгүй ч юм шиг  үлгэн салган явснаас нэг мөр төр нь, хуультай ч хуулиа мөрддөггүй юм аа гээд үнэнээр нь зарлачих л даа? Тэгвэл ард иргэд, хувийн хэвшлийнхэн бид ч гэсэн хувийн журмаар асуудлаа шийдэцгээе, тэгэх үү?!  

Төлбөртэй нийтлэв

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна