Ж.Сүхбаатар хувь заяатайгаа эвлэрчээ

2016 оны 3 сарын 21

МАХН-ын нэр хүнд өдрөөс өдөрт унаж, гишүүд нь зугатаж эхэлсэнтэй МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхбаатар эвлэрсэн бололтой. Тэрээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Шударга ёс эвслийн бүлгээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Л.Цог, Г.Уянга нарын тухайд “Хэвлэлийн хурал хийхээс өмнө ийм зүйл боллоо. Одоогоор нам дээр мэдэгдсэн юм алга. Энэ сонин мэдээ биш. Яагаад гэвэл тэд сүүлийн саруудад намынхаа эсрэг ажиллагаа явуулж байсан. Эртнээс бэлтгэгдсэн тодорхой бүлэглэлүүдийн явуулж байгаа арга ажиллагаатай уялдсан зүйл байсан” гэсэн тайлбар хийв.

Уг нь УИХ-д бүлэг байна гэдэг олон талын давуу талтай. Ганц нэгээрээ хашгираад аливаа асуудлыг шийдүүлэхэд хүч хүрдэггүй. Ядаж л дэмжихгүй байгаа хуулийн төслөөрөө завсарлага аваад наадах цаадахынх нь учрыг олоод байх боломжтой. Гэтэл МАХН-ын генсек бүлэггүй болохдоо ер санаа зовохгүй байгаа бололтойдог шүү. УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг нь тарж бутрахаас илүүтэй МАХН-ын даргыг чиглэх улстөрийн захиалгат, зохиомол увайгүй гүжирдлэгийн эсрэг зогсоох нь чухал байгаа гэдгээ энэ үеэр мэдэгдэж, мэдэгдэл гаргаснаа ч хэлээд амжив.

Уг нь тэрээр хэдэн жилийн өмнө “Т.Бадамжунай гэх том авлигач МАН-д байгаа цагт шударга ёс тогтохгүй” хэмээн хаалга саван одож байсан нэгэн юм.

Мөн түүний тодотгосноор МАХН-ын Ёс зүйн хороо хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг намын Бага хурлаар оруулах шийдвэрт хүрчээ. УИХ-ын гишүүн Л.Цог, Булган аймгийн Мянгатын дарга асан н.Дашдондог нарт ч хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Харин намуудтай хамтрах асуудлын Монголын ногоон намтай хамтран ажиллах ажлын хэсэг, АН, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээг дүгнэх ажлын хэсэг гарч ажиллаж байгаа аж.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна