Н.Назарбаев охиныхоо замыг засав

2016 оны 3 сарын 21

 

Казакстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевын Нур Отан нам ням гаригт болсон парламентын бүх нийтийн сонгуульд 82 хувийн санал авч, ялалт байгуулсныг сонгуулийн урьдчилсан дүн харуулсан байна. Тус улсын сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр Коммунистууд болон Ак Зол хэмээх хоёр жижиг нам долоон хувийн санал авч, парламентын доод танхимд суух эрхтэй болсон байна. Ингэснээр парламентын доод танхимд урьдын адил гурван намын төлөөлөл суух ажээ. Харин Социал Демократ нам Ауыл болон Бирлик зэрэг намууд парламентад төлөөллөө суулгах долоон хувийн босгыг давж чадаагүй байна. Казакстаны 75 настай удирдагч Н.Назарбаев намынхаа “ялагчдын хурал” дээр баяр хүргэж үг хэлэхээр очиход тус намын бэлгэдэл болсон хөх, шар өнгийн хувцсаар гоёсон хүүхдүүд түүнийг угтаж, Нурсултан, Нур Отан хэмээн уухайлж байжээ.

 

Гэвч 1989 оноос хойш Н.Назарбаевын удирдаж буй газрын тосны баялаг нөөцтэй Казакстаны эрх баригч намын ялалтанд хэн ч гайхахгүй байна. Барууны ажиглагчид энэ оронд сонгууль хэзээ ч чөлөөтэй болж байгаагүй гэдэг бөгөөд Н.Назарбаевын талаар таагүй зүйл бичсэн сонин, хэвлэл хаагддаг аж.

 

Ажиглагчдын таамаглаж байснаар Н.Назарбаевын охин тус улсын Шадар сайд Дарига Назарбаев парламентад намын жагсаалтаар орсон гэнэ. Дарига Назарбаев парламентын доод танхимын дарга болох нь бараг тодорхой болсон бөгөөд энэ нь Казакстаны ирээдүйн удирдагч хэн болохыг харуулсан явдал болсон юм. Н.Назарбаев парламентын сонгуулийг товлосон хугацаанаас нь өмнө явуулсныг газрын тосны үнийн уналт эдийн засагт нь нөлөөлсөнтэй холбон тайлбарлаж болно.

 

Н.Назарбаев ням гаригт хэлсэн үгэндээ Засгийн газар парламентдаа илүү эрх мэдэл өгөх зорилгоор Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах гэж байгаа талаар мэдэгдсэн боловч өөрчлөлт хэзээ болохыг дурьдаагүй юм.

 

Казакстаны Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр тус улсын 9.8 сая сонгогчийн 77.1 хувь нь сонгуульд саналаа өгсөн байна.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна