Цэргийн албанд ажиллаж байгаа энгийн ажилтнуудад анхаарал хандуулахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Цэргийн албанд ажиллаж байгаа энгийн ажилтнуудад анхаарал хандуулахыг хүсэв

 

УИХ-аар 2015 онд шинэчлэн баталсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт орсон өөрчлөлт шинэчлэл, онцлогыг таниулах уулзалт ярилцлагыг Батлан хамгаалах яамны харъяа аж ахуйн нэгж, Зэвсэгт хүчний анги, байгууллагад зохион байгуулсаар байна. Уулзалт ярилцлагыг УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон холбогдох ажлын хэсгийнхэн хөтлөн явуулж байгаа юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн долоо хоногт БХИС болон Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний ангийн ажилтан, алба хаагчдад бодлогын баримт бичгээ танилцуулсан бол энэ удаа Зэвсэгт хүчний 015, 065, 089, 310 дугаар ангийнхантай хөтөлбөрийн дагуу уулзаж ярилцлаа. Уулзалтын эхэнд Ц.Цолмон сайд бодлогын баримт бичиг болоод салбарт өрнөж буй бүтээн байгуулалт, эрх зүйн орчны шинэчлэл, гадаад хамтын ажиллагаа, эх оронч хүмүүжил гэсэн сэдвүүдээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. "Юуны өмнө та бүхэндээ өнгөрсөн ч гэсэн "Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн мэндийг хүргэе. Бид түүхт ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтлаа. Цаашдаа хийж хэрэгжүүлэх бодлогын олон ажил угтаж байгааг та бид мэднэ" гээд Батлан хамгаалах бодлогын баримт бичигт орсон зарчмын өөрчлөлтүүдийн талаар ярив. Тухайлбал, Батлан хамгаалах тогтолцоо Зэвсэгт хүчин, Дайчилгаа, Орон нутгийн хамгаалалт гэсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ.  Орон нутгийн хамгаалалтыг цөөн үгээр тодорхойлбол бүх нийтээр улс орноо батлан хамгаалах тухай юм. Засаг захиргаа, бүтцийн хүрээнд зохицуулах боломжтой энэ асуудлыг бид тусгайлсан хууль болгох шаардлагатай байгаа учраас  мэргэжилтэн, судлаачдын баг хуулийн төсөл боловсруулаад ажиллаж байна. Бодлогын баримт маань улс төр, эдийн засаг, эрх зүй, нийгэм, цэргийн гэсэн таван чиглэлтэй тухай тэр уулзалтын үеэр онцолж байв. Мөн Батлан хамгаалах бодлогын баримт бичигт Төрийн цэргийн байгууллын тогтолцоо, түүний бүрэлдэхүүн дэх байгууллагуудын эрх зүйн үндсийг тодорхойлсон.  Тайван цагт Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага нь  цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн цол, цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдал нь нэгдмэл байхаар тусгалаа. Зэвсэгт хүчин нь өөрөө агаарын цэрэг, хуурай замын цэргээс бүрдэнэ. Агаарын цэрэг гэдэг бол манай харьцангуй шинэ учраас үүнийг цаашдаа төгөлдөржүүлсэн бие даасан цэрэг болгож хөгжүүлэх маш том ажил бий. Ер нь үе, үеийн УИХ, Засгийн газраас батлан хамгаалах салбараа дэмжих хандлагатай байдаг. Иймд бидний зүгээс хамгийн оновчтой шийдэл олж, санал санаачлагаа хэрэгжүүлж чадвал Зэвсэгт хүчин маань улам хүчирхэгжиж чадна" гээд батлан хамгаалах салбарт өрнөсөн бүтээн байгуулалт бусад асуудлын талаар мэдээлэл өгсөн.

 

 

Хэдийгээр улс орны хэмжээнд эдийн засаг хүнд байгаа энэ үед бид цэргийнхний тэтгэвэр тэтгэмжийг бууруулахгүй байх, онцгой ур чадвар шаардсан мэргэжилтэй боловсон хүчнийхээ цалинг нэмэгдүүлэх чиглэлийг баримталж ажиллалаа.  2015 онд хамгийн олон цэргийн алба хаагч орон сууцныхаа нөхцлийг сайжрууллаа. Энхийг сахиулагчид маань үүргээ нэр төртэй гүйцэтгэж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөөр байна. "Оюутан цэрэг" хөтөлбөрт эцэг эхчүүд, их дээд сургуулийн багш нар баяр хүргэж хүүгээ, оюутнаа тэсвэр хатуужилтай, үг даадаг, асуудалд тайван уужуу ханддаг болсон тухай талархал илэрхийлсээр байна. Өнгөрсөн жил оюутан залууст эх оронч хүмүүжил олгох, цэргийн анхан шатны мэдлэг олгох үүднээс Монголын Үндэсний дээд сургууль "Цэргийн тэнхим" байгуулах хүсэлтийг Батлан хамгаалах яаманд ирүүлж бид дэмжин ажилласан. Энэ жил 4 ч их, дээд сургуулиас "Цэргийн тэнхим" байгуулах хүсэлтийг ирүүлээд байна.   2015 онд УИХ-аар Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг батлагдсантай уялдуулан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэх эрх зүйн үндэс тавигдлаа. Энэ хүрээнд  Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн бариад байна.  “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон.  Цаашид бидний өмнө Батлан хамгаалах салбарын багц хуулийн шинэчлэл, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрийг тодорхойлон хэрэгжүүлэх, цэргийн шинэчлэлийн бодлогыг гүнзгийрүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг дээшлүүлэх, улс орны томоохон бүтээн байгуулалтын ажилд идэвхийлэн оролцох зэрэг зорилтууд тавигдаж байна" гэв.

 

Мэдээлэлтэй холбогдуулан хэд, хэдэн цэргийн алба хаагчид асуулт асуусан бөгөөд үүний нэг нь Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа О.Баянжаргал байв. Тэрээр "Салбарынхаа төлөө хийж хэрэгжүүлсэн ажлууд болоод хууль эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл өгсөн Батлан хамгаалахын сайд танд энд цугласан бие бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлье. Өнөөдрийн уулзалтад ар талын гурван ч ангийн бүрэлдэхүүн ирсэн байна. Миний асуух гэсэн зүйл юу гэхээр цэргийн алба хаагчдаас гадна энэ салбарт ажиллаж байгаа энгийн ажилтан алба хаагчдын нийгмийн асуудал орхигддог нь нууц биш. Хагас цэрэгжилтийн байдалтай, ачаалалттай ажилладаг ч цалингаас эхлээд халамж, тэтгэмж хангалтгүй байгаа нь үнэн. Тэдний ажил, үйлчилгээг  цэргийн биш Хөдөлмөрийн хуулиар  зохицуулж байгаа. Энэ асуудалд салбарын сайдын зүгээс хэрхэн анхаарал хандуулж байгаа бол" гэсэн юм.

 

Ц.Цолмон "Хөндөгдөж байгаа асуудлыг та асуулаа. Үнэхээр анхаарал хандуулж, шийдэх ёстой. Ялангуяа, энгийн алба хаагчдыг цэргийн алба хаагчдын эрх зүйн орчинд оруулах, цаашлаад цэргийн алба хаагч болгоод явуулах чиглэл баримталж ажиллана" гэсэн юм.

 

 

Асуултад нэмж УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ахлах зөвлөх, хурандаа Т.Наранхүү "УИХ-д өргөн баригдаад удаагүй байгаа  Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр  ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Ажлын хэсгийн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ахалж байна. Холбогдох мэргэжилтэн, салбарын төлөөлөл оролцсон дэд ажлын хэсэг ч гэсэн ажиллаж байгаа. Энгийн алба хаагчдын эрх зүйн байдлыг засч сайжруулах асуудал  бидний өмнө тулгарч байгаа нь үнэн. Одоогоор энгийн ажилтан, алба хаагдын эрх зүйн орчны талаар Зэвсэгт хүчний тухай  хуулийн төсөлд заасан. Цаашдаа энэ асуудлыг ажлын хэсэг дээр ярилцаад улам тодорхой болгоно" гэсэн юм.

 

Асуултад нэмж УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны ахлах зөвлөх, хурандаа Т.Наранхүү "УИХ-д өргөн баригдаад удаагүй байгаа  Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр  ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Ажлын хэсгийн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ахалж байна. Холбогдох мэргэжилтэн, салбарын төлөөлөл оролцсон дэд ажлын хэсэг ч гэсэн ажиллаж байгаа. Энгийн алба хаагчдын эрх зүйн байдлыг засч сайжруулах асуудал  бидний өмнө тулгарч байгаа нь үнэн. Одоогоор энгийн ажилтан, алба хаагдын эрх зүйн орчны талаар Цэргийн албаны тухай хуульд тусгайлан зааж оруулсан байгаа. Цаашдаа энэ асуудлыг ажлын хэсэг дээр ярилцаад улам тодорхой болгож, төгөлдөржүүлэх шаардлага бий" гэсэн юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж