Н.Энхбаяр, М.Энхсайхан нар хамтарсан мэдэгдэл гаргалаа

2016 оны 3 сарын 21

МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар өнөөдөр уулзсан байна. Тэд Л.Цог, Г.Уянга нарын эвслээс гарах шийдвэрийн талаар ярилцаж хамтарсан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд Л.Цог, Г.Уянга нар ёс зүйгүй алхам хийснийг дурдсан байна. Мөн “Шударга ёс” эвсэл цаашид үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжтай байгааг тодотгоод хэрэв дээрх хоёр гишүүн эвслээс гарах шийдвэрээ АН-ын эрх бүхий албан тушаалтны санаачлагаар хийсэн бол Засгийн газрыг байгуулсан анхны гэрээ хүчингүй болно хэмээн мэдэгджээ. Ингээд мэдэгдэлийг бүрэн эхээр хүргэж байна.

  1. Хэдийгээр УИХ-ын гишүүн нь УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарах эсэх шийдвэрээ өөрөө гаргах нь түүний бүрэн эрхийн асуудал мөн боловч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж сонгогчдын дэмжлэгийг авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон Л.Цог, Г.Уянга нар энэ шийдвэрээ гаргахын өмнө эвсэл, намын удирдлага болон нөхөдтэйгээ уулзаж санал бодлоо солилцолгүйгээр улс төрийн, ёс зүйн, жудаггүй алхам хийж байгаад харамсаж байна.

  2. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг цаашид үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн чадамжтай байгаа гэдгийг тэмдэглэж байна.

  3. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл тус эвсэлд багтаж байгаа улс төрийн намууд өнөөгийн хамтарсан Засгийн газрыг тогтвортой ажиллуулах бодлого байр сууриа баримталсан хэвээр байгаагаа мэдэгдэж байна.

  4. Хэрэв АН болон АН-ын эрх бүхий албан тушаалтны санаачлагаар хамтарсан Засгийн газарт квотын дагуу ажиллаж байгаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн аль нэгэн гишүүнийг солих өөрчлөх алхам хийсэн тохиолдолд хамтарсан Засгийн газрыг байгуулсан анхны гэрээ хүчингүй болно хэмээн үзэж байгаагаа мэдэгдэж байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна