“МАН худал, хулгайг дэмжих хэрэггүй”

2016 оны 3 сарын 22

НӨАТ-ын хууль хэрэгжээд гурван сар өнгөрч байгаа ч МАН-ын бүлэг болон жижиг бизнес эрхлэгчдээс уг хуультай холбоотойгоор санал шүүмжлэл багагүй гаргах болсон. Тиймээс энэ асуудлаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай уулзаж ярилцлаа.


-НӨАТ-ын тухай хууль жижиг, дунд бизнес эрхлэгчдэд том дарамт болж байна гэж УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэх боллоо. Яг үнэндээ НӨАТ-ын хууль татвар цуглуулах биш  хөрөнгө, ажил үйлчилгээг бүртгэлжүүлэх зорилготой гэдэг биз дээ?

-Нэмүү өртгийн албан татварын хуулийг анх 1997 онд баталсан байдаг. Гэхдээ өнгөрсөн 16 жилийн турш зөвхөн худалдааны татвар маягаар хэрэгжиж ирсэн хууль. НӨАТ-ыг үндсэн философиор нь хэрэгжүүлээгүйгээс болоод сүүдрийн эдийн засаг дахь мөнгөний хэмжээ манай улсын ДНБ-ий 90 хувьтай тэнцлээ. Энэ бол Монголын эдийн засаг өнгөрсөн 25 жилийн турш шал буруу тогтолцоогоор явж ирсний үзүүлэлт. Тиймээс НӨАТ-ыг үндсэн философийнх нь дагуу хэрэгжүүлэх үүднээс өнгөрсөн 2015 оны долдугаар сарын 9-нд УИХ-аас хуулийг шинэчлэн баталсан. Хууль хэрэгжиж эхлээд гурван сар өнгөрч байна. Хуулийн зорилго бол Монгол Улс дахь нийт ажил үйлчилгээ, хөрөнгийг бүртгэлжүүлэх явдал гэдгийг зөв мэдээлэх хэрэгтэй.

Энэ хуулийн төслийг боловсруулсан хүн нь МАН-ын Ж.Эрдэнэбат шүү дээ. Ж.Эрдэнэбат Шийдлийн засагт МАН-аас Сангийн сайдаар ажиллаж байхдаа хуулийн төслийг боловсруулж, батлуулсан хүн. Гэтэл яагаад өнөөдөр үүнийгээ ярихгүй байгаа юм бэ. Боловсруулж батлуулсан хуулийг нь намын бүлэг нь шүүмжлээд байхад яагаад ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа юм бэ? Уг нь "Дөрвөн 10"-ын бодлогыг батлуулсан хүн нь М.Энхболд шүү дээ. Хэдийгээр санаа нь АН-ынх байсан ч гэлээ. Мөн Оюутолгойн гэрээг МАН хийсэн. Манай Ардын намынхан өөрийнхөө хийсэн гавъяаг ярихгүй, өрөөлийн хийсэн ажлыг дэмжихгүй юм. НӨАТ-ын хуулийг улстөржүүлж байхаар баталсан хуулиа сайн сурталчил гэж  Ардын намынханд зөвлөмөөр байна. Уг нь НӨАТ-ын хуулийн хоёр драфт явж байсан. Нэгийг нь Аж үйлдвэрийн яамнаас, нөгөөг нь Сангийн яамнаас боловсруулсан хоёр төсөл яригдаж байсан. Аж үйлдвэрийн яамнаас боловсруулсан төсөл нь арай гайгүй. Гэтэл Сангийн сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатын боловсруулсан төслийг УИХ-аар хэлэлцэж баталсныг МАН-ынхан мартчихаагүй байлгүй. Хүний ажлыг баллуурдах гэж улайрахдаа өөрсдийнхөө хийсэн бүхнийг “машиндаад” явах юм, МАН.

-Шинэ хуулиар бол НӨАТ төлөгч нь эцсийн хэрэглэгч болсон. Гэтэл яагаад жижиг, дунд бизнес эрхлэгчдэд халтай гээд байгаа юм бэ. НӨАТ-ын эцсийн төлөгч болох хэрэглэгчдээс гомдол гараагүй байхад бизнес эрхлэгчид ингэж улайраад эсэргүүцээд байгаа нь татвар төлөхгүй гэсэн нэг башир арга юм шиг харагдаад байх юм?

-НӨАТ-ын эцсийн төлөгч нь хэрэглэгч. Тэр утгаараа хэрэглэгчээ дэмжиж, төлсөн НӨАТ-ынх нь 20 хувийг буцааж өгч байгаа. Дээр нь сугалаагаар урамшуулж байна. Энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлж байгаа НӨАТ-ын хууль бол өмнөх хуулиасаа асар их ялгаатай болсон. Өөрөөр хэлбэл, эдийн засаг эрүүлжих хөрс суурийг нь бүрдүүлж байна. НӨАТ-ын шинэ системийг хэрэгжүүлэхээс өмнө бид татварын өршөөл үзүүллээ. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж, 34,4 их наяд төгрөгийг ил болголоо. Энэ бол манай эдийн засаг тэр чигтээ хулгай байсныг л харуулсан явдал болсон. Жижиг бизнес эрхлэгчдэд НӨАТ-ын хууль ямар ч дарамт авчрахгүй. Жилийн орлого нь 50 саяас доош бол тэр бизнес эрхлэгч НӨАТ суутган төлөгч биш гэсэн үг. Жилдээ 50 саяас доош орлоготой бизнес эрхлэгчид иргэдэд сугалаанд оролцох талон л өгч байгаа. Тэгээд ч ямар нэг баримт өгөх нь яагаад хэн нэгэнд дарамт болсныг мэдэхгүй байна. Ажил үйлчилгээ авсан иргэн яагаад баримтаа авч болохгүй гэж. Юм болгоныг үгүйсгээд, харлуулаад байвал улс орон маань хөгжихгүй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэх үед ч МАН-ынхан хамгийн их эсэргүүцэж байсан хүмүүс шүү дээ.

-МАН-ынхан яагаад эдийн засгийн шинэчлэлийг эсэргүүцээд байгаа юм бол?

-Мэдэхгүй л дээ. Харин миний хүсч байгаа зүйл бол татварын бүх системд Монгол Улс шинэчлэлт хийх хэрэгтэй. Тиймээс Татварын ерөнхий хууль, Аж ахуйн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулиа яаралтай батлаад өгөөч гээд энэ эрх мэдэлтнүүдээс, улстөрчдөөс гуйгаад явж байна. Уг нь улстөрчид өөрсдөө ингэж яриад, баталсан хуулиа сурталчлаад явж байх ёстой хүмүүс. Гэтэл манай танхим тэдний өмнөөс ажлыг нь хийгээд хуулийг нь сурталчлаад явж байна.

НӨАТ-ыг эсэргүүцээд байгаа хүмүүс  ажил үйлчилгээ хөрөнгө нуух гэсэн арга ядсан үйлдэл. Тэдний “гэмт хэрэг”-ийг энэ олон жил төр барьж явсан хэрнээ МАН-ынхан яагаад дэмжээд байгаа нь хачин байгаа биз. Шударгаар татвараа төлдөг хүмүүст бол ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Монгол Улс гэрэлтэй эдийн засагтай болох ёстой. Бизнес эрхлэгчид нь том, жижиг гэлтгүй бүгдээрээ шударгаар татвараа төлдөг болох ёстой. Шударгаар татвараа төлсөн нь нийтийн мөнгөний хуваарилалтад шударгаар оролцдог болох ёстой. Монгол Улс бүртгэлгүй хөрөнгө, мөнгө үлдээхийг хүсч байгаа нь хулгай, худлыг л дэмжсэн хэлбэр гэж би харж байгаа

 

НӨАТ-ын хуулийг ажил үйлчилгээг бүртгэх юм байна. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг гэмт хэрэгтэн болгохоос хамгаалах юм байна. Том утгаараа аливаа нийтийн мөнгөнөөс хулгай хийх боломжийг хязгаарлах юм байна гэж ойлгочих хэрэгтэй. Энэ бол санхүүгийн систем тэр чигээрээ эрүүлжих анхны алхам.

-Яг үнэндээ танай намын бүлэг зарим нэг бизнес эрхлэгчдийн гомдол дээр сонгуулийн шоу болгох гэсэн дүр зураг харагдаад байна?

-Аль намын бүлэг байх нь гол биш. Эдийн засгийг эрүүлжүүлэх систем дөнгөж эхлэлээ тавьж байгаа энэ үед намууд бодлоготой, болгоомжтой хандах ёстой.  Би эрх зүйчийн хувьд Татварын ерөнхий хууль, НӨАТ-ын хуулийн заалтуудын ялгааг сайн мэднэ. Тэр утгаараа эдийн засаг зөв гольдрол руугаа орох эхний алхмыг ингэж муйхраар улстөржүүлэхийг дэмжихгүй байна. Ардчилсан нам нь ч байна уу, Ардын нам нь ч байна уу, чухал биш. Сонгууль яах вэ болдгоороо болно. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ. Түр зуурын, өнөө маргаашаа бодсон улс төр хөөгөөд улс орны эдийн засгийн чухал асуудлаар тоглож болохгүй л дээ. Арай гэж эдийн засгаа эрүүлжүүлэх анхны алхмаа тавьж байхад  асуудлыг ингэх эргүүлж, бизнес эрхлэгчдийг турхирч болмооргүй санагдах юм.

-Кассын машинд хамаг учир байгаа юм биш үү?

-Бас л нэг шинэ технологи. Гэхдээ кассын машинтай холбоотой асуудлыг Татварын ерөнхий хуулийн 18.1.18-д өөрчлөлт оруулж байж суулгаж өгсөн. НӨАТ-ын хуультай холбоод байх шаардлага ч байхгүй. Тэгээд Монголын эдийн засаг, санхүүгийн системд шинэ технологи оруулж ирж байгаагаас айх шалтгааныг олж харахгүй байна. Шинэ системээр эцсийн хэрэглэгчид хяналт тавиад, бүх ажил үйлчилгээг бүртгээд эхлэхээр татвараас бултдаг хүмүүст л ашиггүй болж байгаа юм. Шударгаар татвараа төлдөг хүмүүст бол ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. НӨАТ-ыг зөв ашиглавал сүүдрийн эдийн засагт  эргэлдэх мөнгийг ил болгох  зорилготой.  Монгол Улс гэрэлтэй эдийн засагтай болох ёстой. Бизнес эрхлэгчид нь том, жижиг гэлтгүй бүгдээрээ шударгаар татвараа төлдөг болох ёстой. Шударгаар татвараа төлсөн нь нийтийн мөнгөний хуваарилалтад шударгаар оролцдог болох ёстой. Монгол Улс бүртгэлгүй хөрөнгө, мөнгө үлдээхийг хүсч байгаа нь хулгай, худлыг л дэмжсэн хэлбэр гэж би харж байгаа.

Ж.ЭРХЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна