Эвслийг задлах нь?!

2016 оны 3 сарын 22

МАН-ынхантай хавсарч Ч.Сайханбилэгийг огцруулах улс төрийн тоглолт нь бүтэл муутай болсон Г.Уянга, Л.Цог нар бүлгээсээ албан ёсоор гарахаа өчигдөр мэдэгдлээ. Энэ бол улс төрийн хүрээний цочир мэдэгдэл биш. Угаасаа энэ яриа улиг болтол мэдээлэгдсэн, энэ удаад л албан ёсоор баталгаажсан болохоос тэд аль хэдийн бүлгийн болон намынхаа шийдвэртэй санал нийлэхээ болиод удаж байгаа билээ.

Ингэснээр “Шударга ёс” эвсэл албан ёсоор найман гишүүнтэй үлдэж байгаа юм. Үүнээс өмнө буюу хамгийн түрүүнд Д.Батцогт гишүүн бүлгээсээ хоёр жилийн өмнө гарч Ардчилсан намд албан ёсоор элссэн.

Л.Цог болон Г.Уянга гишүүний хувьд бүлгийн дарга, тэр байтугай намынхаа даргадаа удирдуулахаа больсон агаад хувийн тоглолт хийгээд удаж буй тэд хэзээ нэгэн цагт “Шударга ёс” эвслийн бүлгийг задлах нь тодорхой байсан гэж хэлж болно. Харин хэзээ вэ гэдэг нь цаг хугацаа хийгээд эрх ашгийн асуудал байлаа. Гол нь цаг наашилж, сонгууль айлсаж байхад бүлгээсээ гарсан тэдний хувийн тоглолтын цаад шалтгаан нь улс төрийн хүрээнийхний сонирхлыг татаж байгаа болохоос.

Улстөрчдийн тоглолт хэзээ ч зорилгогүй хийгддэггүй бөгөөд Л.Цог, Г.Уянга нарын энэ үйлдэл хэний захиалга вэ гэдэг л улс төрийн хүрээнийхний дунд хамгийн их сонирхол татаж байгаа нь лавтай.

Хэрэв үнэхээр “Шударга ёс” эвслийг задлах нь З.Энхболдын тактик мөн бол АН жоомоо алах гээд гэрээ шатаахтай адилхан болно. Илүү тодорхойгоор хэлбэл, М.Энхсайханыг засгаас хөөх гээд Ардчилсан нам засгаа нураах эрсдэлтэй.

Хувь хүмүүсийнхээ хувьд намын байр суурь болон бүлгээс гарах шийдвэр таалагдахгүй байгааг үгүйсгэхгүй. “Шударга ёс” эвслийн бүлгээс гарах мэдэгдлээ албан ёсоор зарласны дараа Г.Уянга, Л.Цог нарын асуудлаар МАХН, МҮАН-ын дарга нар уулзаж, мэдэгдэл гаргасан бөгөөд “Шударга ёс эвсэл” цаашид үйл ажиллагаа явуулах хууль зүйн чадамжтай байгаа” талаар дуулгав. 

Үнэндээ ч өнгөрсөн жилүүдэд Г.Уянга болон Л.Цог нар засгийн аль ч асуудлаар эсрэг кноп дарж ирсэн. Тэднийг гарлаа гэхэд “Шударга ёс” эвсэлд аз, эз алийг нь ч авчрахгүй. Өөрөөр хэлбэл, “Шударга ёс” эвсэлд тэд байлаа ч, байхгүй байлаа ч ялгаагүй. Харин бүлгээс гарлаа гэхэд Г.Уянгад алдах юм үгүй бол Л.Цог УИХ-ын дэд даргын суудлаасаа чөлөөлөгдөхөөр болж байна. Түүнийг эл суудал суулгасан субъект нь АН ч биш, МАН ч биш “Шударга ёс” эвсэл.

Нөгөө талдаа “Шударга ёс” эвслийн бүлгээс тэд гарснаар “Засаг задрах уу” гэсэн нэг асуулт тавигдаж байна. Гэвч үүнд “Үгүй” гэдэг хариултыг М.Энхсайхан, Н.Энхбаяр нар өглөө. Өөрөөр хэлбэл, “Шударга ёс” эвслийн бүлгээс хоёр хүн гарлаа гээд эвсэл задрахгүй.  Эвсэл задарлаа ч энэ нь Шийдлийн засгийн хувь заяатай ярих хэмжээний том улс төр үүсэхгүй. Ингэж дүгнэх үндэслэл нь Ардчилсан нам МҮАН болон МАХН-тай гар барьсан болохоос зөвхөн  “Шударга ёс” бүлэгтэй эрх мэдлийн наймаа хийгээгүй.

Өөрсдийнх нь кноп өнгөрсөн хоёр жил бүлгээ бүү хэл намаа айлгах хэмжээнд үнэлэгдэж чадаагүй Г.Уянга болон Л.Цог нарын улс төрийн энэ шийдвэрийн ард улс төрийн өөр нэгэн хүчин байж болзошгүй гэсэн хардлага ч төрж байна. Ингэж үзэх шалтгаан нь М.Энхсайхан болон Н.Энхбаяр нарын мэдэгдэлдээ дурдсан “АН болон АН-ын эрх бүхий албан тушаалтны санаачлагаар хамтарсан засгийн газарт квотын дагуу ажиллаж байгаа МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн аль нэгэн гишүүнийг солих өөрчлөх алхам хийсэн тохиолдолд хамтарсан Засгийн газрыг байгуулсан анхны гэрээ хүчингүй болно” гэдгээ мэдэгдсэн явдал.

Эндээс харахад эвслийг задлах энэ бүх процессын ард З.Энхболд байна гэж М.Энхсайхан, Н.Энхбаяр нар хардаж байгаа бололтой. Хэрэв үнэхээр “Шударга ёс” эвслийг задлах нь З.Энхболдын тактик мөн бол АН жоомоо алах гээд гэрээ шатаахтай адилхан болно. Илүү тодорхойгоор хэлбэл, М.Энхсайханыг засгаас хөөх гээд Ардчилсан нам засгаа нураах эрсдэлтэй.

Ялангуяа эвслийг задлах цаад зорилго нь Н.Энхбаярын хүмүүсийг засгаасаа хөөж туухаас илүү М.Энхсайханыг унагаах гэсэн оролдлого байхыг үгүйсгэхгүй. Тавантолгойн төслөөс болж таарч тохирохоо больсон З.Энхболд М.Энхсайханыг засгаасаа хөөж явуулахыг Ч.Сайханбилэгээс нэг бус удаа шаардаж байсан тухай хов жив ч саарал ордноос сонсогдож байсан. Мөн ирэх сонгуульд эвсэл болж оролцохгүй гэдгээ М.Энхсайханы зүгээс илэрхийлж, З.Энхболдын тавьсан саналаас татгалзсан нь эвслийг задлах нэг шалтаг болсныг хэн мэдлээ. Түүнчлэн Тавантолгой төсөл болон төмөр замын дуулиант хэрэгт холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүмүүсийг баривчилсны дараахан “Жудагтай Монгол” гэх төрийн бус байгууллагаас М.Энхсайханыг Тагнуулын төв газарт шалгуулахаа илэрхийлсэн зэргээс харвал эвслийг задлах гэсэн энэ оролдлогын цаад зорилго болон золиос нь Н.Энхбаяр биш М.Энхсайхан болж магадгүй юм.

Нөгөө талаар наанаа улс төр нам гүм, саарал ордон эл хуль ч цаанаа Тавантолгойг тойрсон бүлэглэлүүдийн тэмцэл хэрүүлийн үр хөврөл нь өнөөдөр ч үргэлжилсээр байгааг харуулж буй.

Ямар ч байсан эвслийг задлах нь М.Энхсайхан, Н.Энхбаяр нараас гадна З.Энхболдод ашиггүй. Яагаад гэвэл гэрээгээ зөрчиж болох ч гэрээ шатаах эрсдэл байгаа болохоор тэр.

 Ж.ЭРХЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна