“Буянт-Ухаа III” хорооллыг ч түрээслүүлнэ

2016 оны 3 сарын 22

Засгийн газраас баталсан Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг Төрийн орон сууцны корпораци /ТОСК/ баталж, хэнийг хэрхэн, яаж хамруулах вэ?, төлбөрийн нөхцөл нь ямар байх гэдгийг тогтоосон журмыг боловсруулсан юм. Журмын дагуу өчигдрөөс “ТОСК” түрээсийн орон сууцад орох хүсэлтэй нийслэлийн иргэдийг бүртгэж эхэлсэн. “Буянт-Ухаа II” хороололд нийт 350 айлын орон сууцыг метр квадратаас нь хамаараад 200- 280 мянга хүртэлх төгрөгөөр түрээслүүлнэ. Дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл үргэлжлэх түрээсийн орон сууцад орох хүсэлтэй иргэдийн бүртгэлийг тойрсон асуудлаар ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулгатай ярилцлаа.

Эрэлт нь нийлүүлэлтээсээ давсан Түрээсийн орон сууцын хөтөлбөрийн талаар сүүлийн үед иргэд их сонирхож, мэдэхгүй асуултдаа хариулт хайж байна. Зарим  иргэд энэ хөтөлбөрийг сонгуулийн өмнөх шоу ч гэж харах тохиолдол их байлаа.  Үнэхээр иргэдээ зах зээлийн ханшаас арай доогуур өртөгтэй байрыг түрээслүүлэх Шийдлийн Засгийн газрын санаачлага сонгуулийн шоу юм уу?

Түрээсийн орон сууцыг гэнэт өнөөдөр шийдсэн асуудал биш. 1999 онд Улсын Их Хурлын Түрээсийн орон сууцны хөтөлбөр 23 дугаар тогтоолоор батлагдсан байдаг. Харамсалтай нь 17 жилийн турш энэхүү тогтоол ажил хэрэг болохгүй явсаар байгаад энэ жил л бодит амьдралд бууж, хэрэгжих эхлэл нь тавигдсан юм. Тэрнээс Чингис бондын санхүүжилтээр боссон “Буянт-Ухаа II” хороололын байрууд борлуулалтгүй болоод түрээслүүлэхээр шийдсэн асуудал биш. Орон сууцтай болох хүсэлтэй иргэд төлбөрийн 30 хувийг урьдчилгаа болгон төлөөд ипотекийн зээлд хамрагдаад энэ хорооллоос өөрсдийн сонгосон байраа худалдаад авч буй. Харин эхний ээлжид тус хорооллын 350 айлын байрыг түрээслэх болсон нь иргэддээ зориулсан төрийн бодлого.

З.Баянсэлэнгэ сайд анх энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсноо сэтгүүлчдэд мэдээлэхдээ түрээслэсэн байраа иргэд ирээдүйд өмчлөх боломжтой гэсэн тайлбарыг хийж байсан. Төд удалгүй танайхаас Барилга хот байгуулалтын сайдын энэ мэдээллийг үгүйсгээд түрээсийн орон сууцыг өмчлүүлэхгүй гэсэн тайлбарыг хийх болсон. Яагаад  иргэдэд өмчлүүлж болохгүй гэж?

-Энэ бол 100 хувь түрээсийн орон сууц. Хамгийн багадаа тав хүртэл жилийн гэрээ байгуулж, түрээсийн орон сууцанд хамрагдахаар журамласан. Таван жил түрээслээд орон сууцанд өөрийн сэтгэлээр хандаж, түрээсийн мөнгийг цаг хугацаанд төлсөн бол иргэд цаашаа үргэлжлүүлэн сунгах нь нээлттэй. Мөн иргэд түрээсийн орон сууцанд орохын тулд гурван сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцааг авна. Түрээсэлсэн байранд ямар нэгэн эвдрэл, гэмтэл гарвал барьцаа хөрөнгөөр нь шийдвэрлэнэ. Цаашид урт хугацаандаа түрээсийн орон сууцыг өмчлүүлэх асуудлыг ТОСК судалж үзнэ.

Түрээсийн орон сууц хэрэгжиж эхэлнэ гэж мэдээлснээс хойш иргэд ТОСК-ийн үүдэнд олноор дугаарлах болсон. Иргэд хэдэн төгрөгийн сарын орлоготой байж гэмээнэ энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой юм бэ? Тэдэнд ямар шалгуур тавих юм?

Түрээсийн орон сууцны төлбөр тухайн өрхийн сарын орлогын 25 хувь нь байна гэж тооцсон. Тодруулбал, Улаанбаатар хотод 280 мянган төгрөгөөр хоёр өрөө байр түрээслэх шийдвэр гарсан. Тэгэхээр 280 мянга нь нийт орлогын 25 хувь гэж бодвол  1.120.000 орлоготой өрх хамрагдах боломжтой. Тиймээс иргэд өөрсдийн сарын орлогоо тооцож түрээсийн орон сууцад хамрагдана. Хэрвээ сарын орлогынх нь 25 хувь түрээсийн төлбөрт нь хүрэхээргүй бол автоматаар хасагдана. Мөн түрээсийн орон сууцанд хамрагдах өрх, иргэн заавал гэр хороололд амьдардаг, анх удаа орон сууцад орж байх гэсэн шалгуурыг тавьсан.

2013 онд 17 мянга 800, 2014 онд 22 мянга, 2015 онд 27-28 мянган иргэн түрээсийн байранд амьдардаг, цаашид амьдрах хүсэлтэй гэсэн Барилга хот байгуулалтын яамны судалгаа байна? Эдгээр иргэдийг яавал бүгдийг нь хямд түрээстэй байранд оруулах вэ?

Иймээс л эхний ээлжид олгогдсон 350 айлын байрыг хэрхэн 28 мянган хүнд хуваарилах вэ гэдэг хүнд. Иймээс түрээсийн орон сууцад орох хүсэлтэй, шаардлагатай иргэн бүрийг бүртгэж аваад нь дараа нь сугалаа сугалуулаад л хэн азтай нь хамрагд гэж байгаа юм. Энэ арга бол хамгийн шударга нь. Өнгөрсөн долоо хоногийн нэг дэх өдөр бид Дархан-Уул аймгийн 85 айлын түрээсийн байранд хамрагдах хүсэлтэй иргэдийг гурван хоног бүртгээд дөрөв дэх өдөр нь сугалааны тохирлоо явуулаад 85 иргэнээ сонгосон. Тав дахь өдөр нь тэдгээр иргэддээ байрны түлхүүрийг нь өгсөн.

Цаашид түрээсийн үнэд өөрчлөлт орох уу? Хэрэв үнэ нэмэгдэхээр болбол түрээслэгч иргэдийнхээ саналыг сонсох уу?

Аль болох үнэд өөрчлөлт оруулахгүй, тогтвортой барих бодлого баримталж буй. Хэрэв ирээдүйд инфляцийн түвшинг харгалзаж үзээд үнээ нэмэх үү, бууруулах уу гэдгийг тухайн үед дор дор нь хэлэлцээд шийдээд явах байх.

Хот, аймаг, сум гэлтгүй түрээсийн орон сууцын эрэлт, нийлүүлэлтээсээ давжээ. Ийм үед хувийн хэвшлийн барилгын компаниуд борлогдохгүй гацсан орон сууцуудаа түрээслэх боломж бий юу? ТОСК, барилгын компаниудтай уулзаж, ярилцаж үзсэн үү?

Улаанбаатар хотод одоогоор 15 мянган орон сууц ашиглалтад орсон. ТОСК бонд  “Түрээс нэг” хөтөлбөр буюу бонд босгох ажлыг эхлүүлсэн. Одоогоор 20 тэрбум төгрөгийн бонд боссон. Үүнийг Голомт банк авна. Өөрөөр хэлбэл энэхүү бондын хөрөнгөөр борлогдохгүй зогссон барилгын компаниудын орон сууцын үнийг тохиролцож байж төр худалдаж авна. Өндөр өртөгтэй орон сууцыг бол авахгүй. Эргээд үүнийгээ иргэддээ хямд үнээр түрээслүүлнэ гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтоо ажил хэрэг болгох эхний алхамаа хийсэн. Ерөнхий сайд дэмжсэн.

Түрээсийн орон сууцад орох хүсэлтэй иргэн бүрийг бүртгэнэ гэсэн. Бүртгэлээ хэрхэн явуулах вэ?

Ахмад настнуудыг энэ сарын 21, 22 нд, 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны залуу гэр бүлийг 23,24 ний өдрүүдэд, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон төрийн албан хаагч, байгалийн гамшиг гэнэтийн аюулд нэрвэгдэж орон байргүй болсон өрхийг 25-28 ний өдөр, 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эхийг гуравдугаар сарын төгсгөлд 30 ний өдөр бүртгэнэ. Хэрэв иргэд дээр хуваарилсан  хугацаандаа бүртгүүлж амжаагүй, шаардлага хангахгүй шалтгаанаар буцаагдсан тохиолдолд энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний дотор дахин бүртгүүлэх боломжтой.

Нийт бүртгүүлсэн иргэдээсээ хэн нь байрны түлхүүрээ авах вэ гэдгээ сугална. Сугалаа дээр иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхэд сугална, хөнгөлттэй байрны зээлд хамрагдахад сугална, газраа өмчлөхөд гээд сугалаанаас өөр зохицуулалт байхгүй юу?

Өөр сонголт байхгүй. Шударга байя гэвэл сугалах нь л зөв. Орон сууцын нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан үед бол сугалахгүй байж болно шүү дээ.

Давхар зээлтэй иргэд болоод сарын тэтгэвэр нь шалгуур болгож тавьсан орлогын хэмжээнд хүрэхгүй бол яах вэ?

Цалин, тэтгэврийн зээлтэй түүнийгээ төлөх бололцоотойгоос гадна давхар орон сууцынхаа төлбөрийг төлөх баталгаатай гэдгээ нотолсон иргэдийг бүртгэнэ. Үүнээс гадна орлого нь хүрэхгүй байгаа иргэд хамтран түрээслэгч буюу батлан даагчтай байгаад орлого нь тавьсан шалгуурт хүрч байвал бүртгэх боломжтой. 

Өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөгүй мөртөө аав, ээжийнхээ өмчид нэр нь бичигдсэн залуус яах вэ?

Тийм тохиолдолд ялгаж салгана. Эцэг, эхтэйгээ амьдардаг. Нэр нь тэдний байрын ордер дээр бүртгэгдсэн. Гэвч тусдаа түрээсийн байранд амьдрах хүсэлтэй бүртгүүлэхээр ирвэл ТОСК-аас буюу манайхаас судалж үзээд, тухайн залуусыг бүртгэж авна. Яагаад гэвэл энэ бол залуучуудаа дэмжсэн бодлого.

Нийгмийн даатгал нэг хоёр сараар эсвэл нэг жилээр төлөөгүй иргэнийг бүртгэх үү?

Яагаад төлөөгүй гэдгээс шалтгаална.

2013 онд ахмадын байранд орохоор бүртгүүлсэн иргэд шууд түрээсийн орон сууцад орж болох уу?

Болохгүй.

Малчид  орон нутаг дахь түрээсийн орон сууцад хамрагдаж болно биздээ?

Болно.  Орон нутагт 579 айлын орон сууцыг түрээслэнэ. Төлбөр нь ч хотынхтой харьцуулахад бага130 мянган төгрөг байна.

Заавал дөрвөөс дээш хүүхэдтэй байж хамрагдах юм уу?

Эхний ээлжид эрэлт их, цөөхөн орон сууц байгаа учир заавал дөрөв гэж байгаа юм. Түүнээс биш салж, нийлсэн өрх толгойлсон аав, ээжийг оруулах боломжгүй.

2-3 сар байрны түрээсийн төлбөрөө төлөхгүй бол ТОСК тухайн иргэнтэй хийсэн гэрээгээ цуцална гэсэн үү?

-Таван жилээр гэрээ хийнэ. Гэхдээ гэрээг жил жилээр нь дүгнэнэ. Тэр байранд ямар хүн, яаж амьдарч байна вэ гэдгийг харна гэсэн үг. Хүний юманд амьдарч байгаа юм шиг хандсан байвал асуудал өөрөөр эргэнэ. Гэрээгээ цуцлаад явна. Тийм учраас төвөгтэй асуудал. Түүнчлэн нэг айлыг түрээсээр орууллаа гэхэд гурав, дөрвөн сар төлбөрөө төлөхгүй бол яах вэ. Энэ бол Чингис бондын хөрөнгөөр боссон, бид цаанаа хүү төлдөг мөнгө. Мөнгөө төлсөнгүй, байраа чөлөөл гэхээр “Шүүхдээд ав” гэвэл бид яах вэ гэх зэрэг асуудлыг журам болон гэрээндээ нарийн тусгаж өгсөн. Гурван сар мөнгөө төлөхгүй бол цагдаагийн байгууллага болон манай байгууллагын төлөөлөл очоод шууд тухайн иргэнийг байрнаас нь гаргана.

Түрээсийн хугацаа дуусахаас өмнө түрээсээ цуцалж болох уу?

Болно. Нээлттэй.

Түрээсийн байранд орох хүсэлтэй иргэд эхлээд гурван сарын барьцаа төлбөрийг ТОСК-ийн дансанд байршуулсан байх шаардлагатай тийм үү? Эргээд сугалаа явахад шалгарч чадаагүй бол барьцааны мөнгө яаж авах вэ?

Иргэд бүртгүүлэхдээ төлбөр төлөхгүй. Бүртгүүлсэн иргэн бүрийн бүрдүүлсэн материалыг ТОСК хянаад дараа нь та сугалаанд оролцох эрхтэй гэж иргэдэд мэдэгдэнэ. Харин сугалаагаар шалгарч байранд орох эрхтэй болсон иргэд түлхүүрээ авахаасаа өмнө барьцааны төлбөрөө манай дансанд хийсэн байх шаардлагатай.

Бүртгүүлээд сугалаагаар шалгарч чадаагүй иргэд яах вэ?

Дараа дараачийн ТОСК-аас зарлах түрээсийн орон сууц, байрны зээл гэх мэтийн бүртгэлд шууд оруулах давуу эрх олгоно. Учир нь түрээсийн орон сууц 350 айлаар хэмжигдэхгүй. “Буянт-Ухаа II” хороололд ашиглалтад орохоор барилга, инженерийн ажил явагдаж буй 6500 айлын орон сууц бий. Болж өгвөл энэ орон сууцыг бүгдийг түрээслэх бодлоготой байна.

Цаашид “Буянт-Ухаа III” хороолол гэж босох уу? Хэрэв ашиглалтад орвол бас түрээслэх үү?

3600 айлын хороолол босно. “Буянт-Ухаа III”  хорооллын зураг төслийг боловсруулаад явж байна. Энэ хавраас газар шорооны ажил эхэлнэ. Барилга барих  180 сая ам долларын санхүүжилтийг хоёр жилийн өмнө БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр шийдсэн. Барилга ашиглалтад ороод эхэлбэл мөн л түрээслэнэ.

Сар бүр 280 мянган төгрөгийг төлөөд байх санхүүгийн чадваргүй, орлоггүй иргэд бас бий. Иймээс төр түрээсийн орон сууцаас гадна 280 мянгаас доош үнэтэй нийтийн байрыг бий болгох шаардлагатай юм биш үү?

 Бидний 280 мянга гэж тогтоосон төлбөр одоогийн зах зээл дээрх үнээс гурав дахин хямд үнэ. Өнөөдөр Улаанбаатар хотод нэг өрөө байрны түрээсийн үнэ дунджаар 500-700 мянган төгрөг байна. Хоёр өрөө байр бол 700-900 мянган төгрөг байгаа. Гэр хороололд баригдсан нийтийн байр 280-300 мянган төгрөгийн төлбөртэй байна. Тэгэхээр түрээсийн эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт өндөр болсон учраас цаашдаа бодлогыг улам сайжруулж, үргэлжлүүлнэ. Энэ бол зөвхөн эхлэл.

Нэгэнт тантай уулзсаных та ирэх сарын нэгэнд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөөр болсон юм уу?

Би нийслэлийн Иргэдийн хуралд Хан-Уул дүүргээс сонгогдсон төлөөлөгч. Ирэх нийслэлийн сонгуульд ч нэр дэвшинэ. Иймээс хуулийн дагуу дөрөвдүгээр сарын нэгэнд ажлаа хүлээлгэж өгнө.

Ярилцсанд баярлалаа.

Д.УЛАМБАЯР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна