Борцтой шөл сансарт үлдсэн түүх

2016 оны 3 сарын 22

35 жилийн тэртээх энэ өдөр (1981 оны гуравдугаар сарын 22-нд) монгол хүн анх сансарт ниссэн юм. Тэрхүү түүхт өдөр Монгол Улсын баатар, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа дэлхийн 101 дэх сансрын нисгэгч, Монгол Улс иргэнээ  сансарт нисгэсэн 10 дахь орон болсон юм. Түүхэнд мөнхөрсөн сансрын нислэгийн талаарх сонирхолтой баримтуудыг уншигчдадаа хүргэе.

  • Жүгдэрдэмидийн Гүррагчаа 1947 оны 12 дугаар сарын 5-нд анхдагчуудаараа алдартай Булган аймгийн Гурванбулаг суманд төржээ. Тэрбээр Гурванбулаг сумын дунд сургууль, дараа нь Хишиг-Өндөр сумын дунд сургууль, Булган аймгийн нэгдүгээр арван жил гээд гурван дунд сургууль дамжин суралцжээ. Багадаа ном унших, зураг зурах, техник, спорт гээд олон зүйл сонирхдог байжээ.

  • 1981 оны  гуравдугаар сарын 22-ны өдөр. Улаанбаатарын цагаар 22 цаг 42 минутад  Монгол хүн анх удаа сансарт нисчээ.  Ж.Гүррагчаа Байконурын сансрын буудлаас “Союз-39” хөлгөөр сансрын уудамд аялсан юм.

  • Монгол Улс НҮБ-ын 101 дэх орон болсон шиг Ж.Гүррагчаа 101 дэх сансрын нисгэгч болсон.  Харин манай улс сансарт хүнээ нисгэсэн 10 дахь орон. Тэрбээр Монголын анхны, Азийн хоёр дахь сансрын нисгэгч юм.

  • Союз-39 хөлгийн багийнхан бүтэн нэг долоо хоног, 20 цаг 42 минутыг огторгуйд өнгөрүүлэхдээ цэнхэр гаригийг 124 удаа тойрчээ. Нислэгийн хугацааг цагаар тооцвол 188 цаг 42 минут, зөвхөн минутад шилжүүлбэл 11.322 минут ажээ.

  • Монгол Улс сансрын уудамд өөрийн иргэнээ аялуулах гэж бүтэн 5 жилийн турш бэлтгэжээ. 1977 оны  тавдугаар сард сансрын нисгэгч шалгаруулах эмнэлгийн үзлэгт 10 гаруй мянган хүнийг оролцуулж,  хувийн хэрэг, ажил байдлын тодорхойлолтыг судалж байжээ. 13 хүнийг хоёрдугаар шатны үзлэгт оруулж, 17 нэр төрлийн шинжилгээ хийлгэхэд Ж.Гүррагчаагаас гадна М.Ганзориг, Д.Сүрэнхорлоо, С.Сайнцог нар шалгарч байжээ.

  • Сансрын нисгэгчийн хувцсанд хадах 4 төрлийн билэг тэмдэг, логог Герман Улсын Эйбенштог хотын оёдлын үйлдвэрт 1980 онд захиалан хийлгэжээ. Мөн  5 төрлийн зурагт хуудас 8000 ширхэг, 2 төрлийн энгэрийн тэмдэг 30.000 ширхэг, 3 төрлийн нааж тогтоодог хуудас 7000 ширхэг, шуудангийн марк, тамга гаргажээ.

  • Алтанбулаг, Халхын гол, Эрдэнэтийн газрын хөрснөөс дээж авч, бэлэг дурсгал болгож, сансарт илгээжээ. 

  • Эх орны үндэсний үйлдвэрүүд монгол хүн сансарт нисэхэд зориулж чихэр, чүдэнз, ундаа, малгай, цамц, “Болор” архи зэрэг 60 гаруй шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэжээ.

  • Ж.Гүррагчаа сансарт нисэхдээ биедээ 30 нэр төрлийн эд зүйлс авч явсны дотор  төрийн далбаа, Үндсэн хууль, сүлд тамгаас гадна аавынх нь хаш хөөрөг, ээжийнх нь илгээсэн 10 төгрөг, БНМАУ-ын маршал Ю.Цэдэнбалын зураг  байжээ.

  • Монгол хүн сансарт ниссэн өдөр Монгол Улсад 206 хүүхэд мэндэлжээ. Тэдний 97 нь эрэгтэй, 109 нь эмэгтэй.  206 хүүхдийн 178 нь нийслэл Улаанбаатар хотод төрсөн. Тэр өдөр мэндэлсэн хүүхдүүдэд аав ээж нь Сансар, Огторгуй, Од  гэх нэрийг олонтаа өгчээ. Тэдний 15 нь Гүррагчаа нэртэй бөгөөд Жанибеков нэртнүүд ч цөөнгүй.

  • Өнөөдрийг хүртэл оросын сансрын нисэгчдийн хоол хүнсэнд монгол борц, монгол чацаргана багтаж байдаг. Борц, чацарганыг анх "интеркосмос" олон улсын программын хүрээнд Монголын сансрын нисэгч Ж.Гүррагчааг нисэхэд анх туршин үр дүн нь сайн байсан тул оросын сансрын нисэгчийн хоолны цэсэнд үлдээсэн түүхтэй.

  • Сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, сансрын нисэгчийн хувцас хэрэглэл, сансрын хөлгүүдийн загварын  үзүүлэн өдгөө  Одон орон геофизикийн судалгааны төвд хадгалагдаж байдаг ажээ.

  • Сансарт хүн 5-8 см өсдөг
  • 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд ЗХУ-ын сансрын нисгэгч Ю.А.Гагарин «Восток» хөлгөөр дэлхийг тойрон 108 минут ниссэн билээ. Харин НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оны дөрөвдүгээр сарын долоонд хуралдаж, 60 гаруй орны өргөн барьсан саналыг үндэслэн энэ өдрийг Олон улсын сансрын нисгэгчдийн өдөр хэмээн баталжээ.

  • Сансрын нисгэгчдийн хувьд нар 1,5 цаг тутамд мандаж, бас жаргадаг. Өөрөөр хэлбэл өдөрт 16 удаа гэсэн үг. Иймээс сансрын нисгэгчдийн нойрны дэглэм алдагдахаас сэргийлэн сансрын хөлөг, станц дээр дэлхийн цагийг баримтлах болжээ.

  • Одоогоор 483 хүн сансарт хөөрснөөс 18 нь амь үрэгджээ. Энэ нь эрсдлийн  коэффициент 3.74 хувьтай  гэсэн үг. Харьцуулахад Иракт АНУ-ын цэргүүдийн эрсдэл  0.39 хувь бол  Вьетнамын дайны үеэр 2.18 хувийн эрсдэлтэй  гарчээ.

  • Хүн сансарт очмогцоо  5-8 см өндөр болдог. Сансарт хүндийн хүч байхгүй учраас сээр нуруу тэгширдэг аж. Гэхдээ хожим нь нуруу өвдөх, мэдрэлийн систем хямрах шинж тэмдэг илэрдэг. Ихэнх сансрын нисгэгчид сансрын өвчинд нэрвэгддэг. Таталцлын хүч байхгүй тул сансарт хэдэн cap байсны дараа хөл, гарын байрлалыг мэдрэхгүй, удирдаж чадахаа байдаг гэнэ. Түүнчлэн дэлхийд ирээд барьсан юмаа унагадаг зуршилтай болдог аж.

  • Сансарт хүндийн хүч байхгүй тул тэнд хүмүүс хурхирдаггүй.

  • 1996 онд сансрын хоёр нисгэгч анх секс хийжээ. Тэд жингүйдэлд 10 байрлал туршиж, зургааг нь сунадаг бүс ашиглахгүйгээр хийх боломжгүйг тогтоосон байна. Италийн эрдэмтэд «Жингүйдлийн орчинд эрчүүдийн цусан дахь тестостерон багасдаг тул бэлгийн дур хүсэл төрдөггүй» хэмээн мэдэгджээ.

  • ЗХУ-ын сансрын нисгэгчид «Цөлийн гэгээ» киног заавал үздэг уламжлалтай. Багийнхан өглөө нь хундага оргилуун дарс балгана. Харин орлон нисгэгчдийн баг 100 грамм техникийн спирт уудаг. Дараа нь бүгд өрөөнийхөө хаалган дээр гарын үсгээ үлдээнэ. Эдгээр хаалгыг будах, угаах хориотой.

  • АНУ-ын сансрын нисгэгч Скотт Кэлли сансарт 340 хоног ажиллаад саяхан  (2016.03.02) эх дэлхийд буцаж ирсэн. Тэрээр тус улсын сансрын нисгэгчдээс хамгийн олон өдөр ажилласан хүн болж түүхэнд бүртгэгдсэн байна.

Бэлтгэсэн Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна