Өнөөдөр Дэлхийн усны өдөр

2016 оны 3 сарын 22

 

Цэвэр усны гачигдалд байгаа олон улс орнуудыг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор НҮБ-аас 1993 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон,жил бүр өөр өөр уриан дор тэмдэглэж байхааршийдвэрлэсэн ба НҮБ-ын уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, манай улс 2005 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэж ирлээ.

 

Энэ жил “Ус ба ажлын байр” уриан дор усны өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэж байна. Усны салбарын хөдөлгөгч хүч болсон төр болон хувийн хэвшилд ажиллагч инженер, техникч, эрдэмтэн, багш нар, салбарын хөгжилд сэтгэл оюунаа зориулан хөдөлмөрлөсөн үе үеийн ахмадууд та бүхэндээ дэлхийн усны  өдрийн мэндийг дэвшүүлж, талархал илэрхийлье.

 

Ус бол усны салбарын олон хүнийг ажилтай болгодог. Усны хайгуул, судалгаа хийж нөөцийг тогтоохоос эхлээд усыг хуримтлуулах, тохируулах, олборлох, дамжуулах, хадгалах, түгээх, ариутгах, цэвэрлэх, чанарыг сайжруулах, усны үер гамшгаас хамгаалах зэрэг үйл ажиллагаанд маш олон хүний хүчний хамтын ажиллагаа шаардлагатай байдаг.

 

Хүн ам, эдийн засгийн салбаруудаа хүрэлцээтэй, найдвартай усны эх үүсвэртэй болгохын зэрэгцээ байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалж, ногоон хөгжлийн бодлогыг төрийн эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

 

Бид “Ус” үндэсний хөтөлбөр болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасны дагуу гадаргын усны нөөцөө түлхүү ашиглах зорилгоор Туул, Орхон гол болон Сэлэнгэ мөрний усыг хуримтлуулан ашиглах томоохон төслийн ажлуудыг эхлүүлээд байгаа ба үүний тулд усны салбарын мэргэжилтэй боловсон хүчнүүдээ мэргэшүүлэх, усны салбарын мэргэжилтнүүдийгбодлоготойгоорбэлтгэж, тэднийг усны барилга байгууламжийн эдгээр томоохон төслийн ажилд татан оролцуулах шаардлагатай байна.

 

Стратегийн үнэт баялаг болсон усны нөөцөө дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлал болох усны нөөцийн нэгдсэн менежментийн тулгуур болох усны сав газрын хүрээнд менежмент хийх бодлого баримталж байна. Иймээс усны сав газруудын менежментийг бэхжүүлэх, усны ашиглах боломжит нөөцийг сав газар бүрээр тогтоож зохистой ашиглах, хамгаалах, хянах, нөхөн сэргээх явдал чухал байна.

 

Усны салбарын эрдэм шинжилгээ, хайгуул судалгаа, хяналт-шинжилгээний ажлыг өргөжүүлж, усны нөөцөө хүн ард, эдийн засгийн хөгжлийг хангахад зориулан хуримтлуулах, шилжүүлэн ашиглах, арвилан хэмнэх, бохирдохоос хамгаалах ажлыг хамдаа хийх хэрэгтэй байна.

 

Монголчууд бид хүн ардын сайн сайхан амьдрал, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн түлхүүр болсон усыг “Чандмань эрдэнэ”-тэй зүйрлэдэг ба энэ хоёрхон үгэнд ус үнэ цэнэтэй, юугаар ч орлуулшгүй баялаг гэсэн агуу гүн ухаан багтаж байгаа юм.

 

Эх орны өнцөг булан бүрт суугаа усны салбарт сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байсан, ажиллаж буй хүн бүрт дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа  ажил хөдөлмөрийн ариун үйлст тань амжилт хүсч, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!


Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин,
Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг