Бас нэг Т-Батаарын ясыг Монголд буцаахаар боллоо

2016 оны 3 сарын 22

Өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сарын дундуур АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн албанаас тус улсын нутаг дэвсгэрт хууль бусаар оруулж ирэн 2007 онд дуудлага худалдаагаар зарсан Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг Монгол Улсад буцаах шийдвэр гаргасан билээ. 67 сая жилийн настай уг үлэг гүрвэлийн араг яс нь эхэндээ хэний эзэмшилд байсан нь тодорхойгүй байсан бөгөөд сүүлд Холливудын жүжигчин Николас Кейж уг олдворыг Беверли Хиллз дэх дуудлага худалдаанаас 276 мянган ам.доллараар худалдаж авсан болох нь тухайн үед илэрсэн юм.

Жүжигчин Николас Кейж уг асуудалд ямар нэгэн буруугүй нь тогтоогдсон бөгөөд АНУ руу уг олдворыг хууль бусаар нэвтрүүлсэн талаар огт мэдээгүй хэмээсэн байна. Түүнээс Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг хураан авч Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх шийдвэр гарсныг Николас Кейж хүлээн зөвшөөрчээ.

Тэгвэл Нью-Йорк хотын Прокурорын газраас 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг Монголын талд хүлээлгэн өгөх шийдвэрийг эцэслэн гаргасан байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын нэхэмжлэлтэй хэрэг юм. “Энэхүү олдвор нь хууль ёсны өмчлөгчөөсөө хулгайлагдсан соёлын болон шинжлэх ухааны чухал ач холбогдолтой зүйл юм” хэмээн АНУ-ын прокурор Прийт Бхарара мэдэгдсэн байна.

Үлэг гүрвэлийн олдворыг ирэх дөрөвдүгээр сарын 4-нөөс өмнө Николас Кейжээс авч Монголд буцаан өгөх шийдвэрийг мөн прокуророос гаргажээ.

Хууль бусаар гадагш гаргасан Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн олдворуудыг Монголд буцаан авах үйл ажиллагаа 2012 оны зунаас эхэлсэн билээ. Энэ үйл ажиллагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын соёлын өв олон жил гадагш хулгайн замаар гарсан байх магадлалтай. Хэрвээ Монголынх бол хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн үзэж АНУ-ын Техас мужийн хуулийн пүүст хандсан анх эхэлсэн түүхтэй. Ингэснээр Тираннозавр Батаар төрлийн олон үлэг гүрюэлийн олдворыг Монголд буцаан ирүүлэх боломж нээгдсэн байдаг.

АНУ-ын палеонтологич Эрик Прокопи нь Монголын говиос чулуужсан араг яснууд болон жүжигчин Николас Кейжээс хураагдсан энэхүү Тираннозавр Батаарын араг ясыг хууль бусаар авч ашиг олох зорилгоор худалдан борлуулсан буруугаа хүлээсний дараа буюу 2012 оны арванхоёрдугаар сард гурван сарын турш хоригдох ялаар шийтгүүлж байв.  Шүүхээр буруутай нь тогтоогдсоны дараа Эрик Прокопи нь АНУ-ын албаныханд 20 гаруй бусад олдворыг буцаан авахад тусалсан байдаг.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна