Амьтны үрийг алагчлах гишүүд

2016 оны 3 сарын 22

Хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг барьж хорилоо хэмээн УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис нарт хуурай агсам тавих шахам аашлав. Хуульд хөхүүл хүүхэдтэй эхийг барьж хорихгүй гэсэн заалт байдаг бол хэрэгжүүлэхийг шаардах нь зөв л байх. Гэхдээ хүний эрх зөрчсөн ийм үйлдэл бүрийн төлөө тэд дуугарсан юм уу. Хэрвээ Д.Түвшинжаргал УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах биш байсан бол Г.Уянга гишүүн Хорих 461 дүгээр ангид очиж, сэтгүүлчдийн нүүрэн дээр Хууль зүйн сайд руу утас цохих санаа тавих байсан болов уу. Л.Эрдэнэчимэг гишүүн Цагдаагийн ерөнхий газрын даргад шаардлага хүргүүлэх байсан уу.  

УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол хууль санаачлан батлах. Түүнээс хууль хяналтын шалгаж, мөрдөх процесст хөндлөнгөөс оролцох эрх байхгүй гэсэн үг.  Хэн нэгэн эх, хүүхдийн мууг үзэх гэсэнгүй. Эндээс харагдаж байгаа дүр зураг нь ардын хүүхэд араатанд хазуулаад амиа алдахад араас нь гашуудах төргүй юм байна. Харин ардаа гишүүнтэй туслахыг хоригдоход араас нь багшралдаад гүйлдэх эмэгтэй улстөрч олон  л байдаг аж. Ийм эмзэглэмээр  бодол эрхэм гишүүдийн үг, үйлдлээс төрж байгааг нуух юун. Түүнчлэн улаанбурханаар  10 хүүхэд амиа алдахад Г.Уянга гишүүний ам яагаад хаалттай байв аа.

Учир нь хэдхэн хоногийн өмнө дөрөвхөн настай хүүхэд нохойд уруулан амь насаа алдсан сэтгэл сэртхийлгэм хэрэг болоод өнгөрсөн билээ. Уг хэрэг явдлын талаар Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар санаа зовж байгаа юм алга. Сайдын туслахын төлөө л гүйлдээд, гүйгээд байгаа болохоос.

Хэрэв тэд үнэхээр хүүхдийн эрхэнд санаа зовдог байсан юм бол дээрх эмгэнэлт хэргийн араас хөлөө хүрэх, хэлээ хүрэх газар хүртэл яагаад явахгүй байгаа юм бэ?.  Яагаад хүүхдийн аюулгүй амьдрах орчинд анхаарлаа хандуулахгүй байгаа юм бэ.  Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль баталлаа гээд шоудаад байсан. Хүний алаг үр гэгээн цагаан өдөр гэрийнхээ дэргэд араатанд идүүлсэн байхад амь насыг нь яагаад нэхэхгүй байгаа юм бэ.

Ардын хүүхэд араатан хазуулаад амиа алдахад араас нь гашуудах төргүй юм байна. Харин ардаа гишүүнтэй туслах хоригдоход араас нь багшралдаад гүйлдэх эмэгтэй улстөрч олон байдаг юм байна гэсэн эмзэглэмээр бодол эндээс төрж байгааг нуух юун.

Адаглаад л  энэ хэрэг дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагад хандаж, зовж, шаналсан эцэг эхтэй нь уулзсан уу ? гэж асуумаар байна. Гэтэл тэд  гишүүний туслахын хүүхдэд анхаарлаа хандуулаад байгаа болохоос араатан бариулж амиа алдсан хүүгийн талаар амаа ангайж ч байгаа юм алга.  Тэр тусмаа тойргоос нь сонгогдсон Л.Эрдэнэчимэг энэ хэргийн хаагуур нь яваад, хэний төлөө юу хийгээд байна вэ гэдгийг  аргаа барсан иргэд асууж, сураглаж сууна.   Эрх мэдэлтэй гишүүний туслахын идэж ууснаас илүү энгийн иргэний хүүхэд энэ хорвоод аюулгүй амьдрах аргагүй болчихоод байгаад чимээгүй суугаа нь Монголын улстөрчдийн үнэн төрхийг илчиллээ гээд хэлчихэд хатуудаж магадгүй. Гэхдээ л  амиа алдсан хүү Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Цээлийн задгайд амьдардаг байсныг Л.Эрдэнэчимэг гишүүнд энэ дашрамд дуулгая.  Сонгинохайрхан дүүрэг бол эмзэг, ядуу бүлэг ихтэй дүүрэг. Дүүргийнхээ иргэдийн төлөө дуугар гэж эрхэм гишүүнд саарал ордонд суух эрх мэдлийг Сонгинохайрханчууд олгосон бус уу. Тэгээд ч үнэндээ Л.Түвшинжаргалыг эрхийг нэхээд байгаа хүмүүсээс эргүүлээд асуухад  хөхүүл хүүхэдтэй хүн хулгай хийж худлаа хэлж, бусдыг залилж, төсвийн мөнгийг завшиж болно гэсэн үг үү?

Хэрвээ дөрвөн настай балчир хүүхдийг нь улсын цэцэрлэгт багтаах орон тоо байсан бол, хүүхдээ хүнээр харуулах мөнгө байсан бол энэ эмгэнэлт явдал гарах байсан уу эрхэм эмэгтэй гишүүд ээ. Хүүхэд рүү ноцон амь насанд нь халдсан нохой зодоонч нохой байсан тухай шуугиж байна. Ийм нохойг тэжээгч аюулгүй байдлыг хангаагүйгээрээ хариуцлага үүрэх болж байгаа ч эрхэм гишүүд ээ, хүүхдийн битгий алагчилж бай.  

Ядуу хүний хүүхдэд ч амьдрах эрх гэж бий. Тэгээд ч “Аяганы алагаас адууны алаг дээр” гэсэн үг байдгийг энд сануулахад буруудахгүй болов уу.

Д.БАТХҮҮ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна