АНУ, Кубын хөндүүр сэдэв

2016 оны 3 сарын 22

 

Их Британийн эзэмшилд байсан Кубын Гуантанамо арал дээр одоо 50 гаруй цэргийн хөлөг онгоц, 1,400 орчим барилга байшин, 9,000 гаруй албан хаагчтай АНУ-ын хамгийн хуучин, хамгийн том цэргийн бааз байрлаж байна. АНУ-ын хамгийн заналт дайснууд, алан хядагчдын хоригдож буй энэ газар АНУ, Кубын хамгийн хөндүүр сэдэв билээ. Хүйтэн дайны сөргөлдөөнөөс болж хагас зуун жил өөд өөдөөсөө сөрөн зогсч байсан АНУ, Куб хоёр улс дипломат харилцаагаа сэргээх гэж хичээж байгаа ч зөвхөн энэ сэдвийг хөндөхөөс зайлсхийж байгаа юм.

 

Куб арал дээр 88 жилийн дараа түүхэн айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг айлчлалынхаа үеэр Гуантанамогийн асуудлыг хэлэлцэж магадгүй гэсэн таамаг байсан ч энэ асуудлыг сөхөхөөс татгалзсан аж.

 

Гуантанамо АНУ-ын сүр хүч бас ерөнхийлөгчийн сул талыг илтгэсэн бэлгэ тэмдэг гэгдэх болсон юм. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын Засаг захиргаа Гуантанамо арал дээр цэргийн хүчээ төвлөрүүлэх, дүрвэгсдийг байрлуулах, ХДХВ туршилт явуулах, цэргийн сургуулилт хийх зэрэг олон зорилгод ашиглаж иржээ. Мэдээж тэнд бас алан хядлагын сэжигтнүүдийг эрүүдэн байцаадаг.

 

Гуантанамогийн шоронд сэжигтэн, хоригдлуудад эрүү шүүлт явуулж, хэрцгийгээр тамладаг тухай мэдээллүүд олонд ил болоход Барак Обама тус цэргийн бааз дах Делта шоронг хаана гэж олон удаа ам гарч байсан юм. Гэвч АНУ-ын Конгресс шоронг хаахыг эсэргүүцсэн билээ.

 

Куб дах айлчлалын үеэр Барак Обама, Раул Кастро нарын дунд сөхөгдөх нэгэн том асуудал нь Гуантанамо арлын маргаан байх нь гарцаагүй.  Коммунист улсын удирдагч Раул Кастро Гуантанамог Кубын мэдэлд шилжүүлэн өгөхөөс нааш ямар ч найрсаг харилцаа тогтохгүй гэж хатуу хэлсэн аж.

 

1903 онд АНУ тус арлыг түрээслэх тодорхой болзолгүй гэрээ Кубтай байгуулсан юм. Мөн 1934 онд талууд гэрээгээ сунгасан боловч аль нэг тал нь зөвшөөрөөгүй тохиолдолд гэрээг цуцлахгүй гэж тохирсон нь одоо маргаан дагуулж байгаа юм. Кубын Засгийн газар гэрээг албадлагын дор сунгасан учраас хүчингүй гэж үздэг.

 

1959 онд Фидель Кастро Кубын Засгийн эрхэнд гарсны дараа арлын нэг жилийн түрээсийн төлбөр болох 4,000 орчим ам.долларыг авахаас татгалзаж, оронд нь газрыг буцааж өгөхийг шаардаж байжээ.

 

Барак Обама Гуантанамог хаахаар Конгресст дахин нэг удаа хандсан ч шал дэмий оролдлого болсон билээ.

 

Цагаан ордны төлөөлөгчид болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри АНУ-д Гуантанамо дах цэргийн баазыг хааж, арлыг буцааж өгөх төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдэж байв.

 

Гэвч АНУ-ын эдийн засгийн хоригт 50 гаруй жил туйлдаж, ядарсан Кубын ард иргэдийн хувьд ажилтай, орлоготой, мөнгөтэй болох юу юунаас илүү чухал учраас нутгийн иргэд АНУ-ын цэргийн бааз орон ажилд орохыг хүлээж байгаа аж.

 

Гуантанамогийн нутгийн иргэд арал дээрх АНУ-ын цэргийн баазад ажилладаг байхад тэндхийн олон өрх орлоготой, мөнгөтэй байжээ. Бүр хүйтэн дайны үед ч тэндхийн куб ажилчид хангалттай цалин авдаг байсан аж. 1964 он хүртэл тэнд куб ажилчдыг ажиллахыг зөвшөөрдөг байв. Гэвч хоёр талын сөргөлдөөн даамжрах үед куб ажилтнуудын тоо буурсан аж. Ингээд хоёр жилийн өмнө Гуантанамогийн санхүүжилт зогсоход сүүлчийн куб ажилчин халагджээ.

 

Харин одоо Кубын энэ газрын оршин суугчид хамгийн ядуу хүмүүс болсон аж. Тэндхийн оршин суугчдын дийлэнх нь сарын 250 песо буюу 10 хүрэхгүй ам.доллараар амьдралаа залгуулдаг.

 

Гуантанамо дах АНУ-ын цэргийн баазыг тойруулан өндөр хана хэрэм байгуулсан нь хоригдлуудыг оргохоос сэргийлэхээс гадна Кубын иргэдийг цагаачлахаар АНУ руу гарахаас хориглох зорилготой.

 

Түүгээр хил давах нь амь насаа ч алдах маш аюултай хэдий ч жилд ийм тохиолдол хэд хэдэн удаа гардаг гэж нутгийн иргэд ярьжээ.

 

Гэвч сайн сайхан амьдрал хайж, эх орноосоо дүрвэхийн оронд сайн цаг ирнэж хүлээж буй хүмүүс Гуантанамод олон.

 

АНУ цэргийн баазаа хааж, газрыг нь буцааж өгвөл тэд нутагтаа эдийн засгаа хөгжүүлэх өөр арга зам хайхад бэлэн. Гэвч энэ бүхэн цаг хугацааны асуудал гэж тэд ярьж байна.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна