Хүйтэн дайн дууссан ч хүйтэн харилцаа хэвээрээ

2016 оны 3 сарын 22

 

Гавана хотод даваа гаригт болсон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Кубын Ерөнхийлөгч Раул Кастро нарын хамтарсан хэвлэлийн хурал арай л гал авалцуулаагүй байна. Раул Кастрог ийм ширүүн байхыг харж дасаагүй Кубын иргэд хамтарсан хэвлэлийн хурлыг зурагтаар үзээд гайхаж хоцорчээ. Барак Обама Куб дах гурван өдрийн айлчлалыг түүхэн хэмээн нэрлэж, тус улсын эсрэг тавьсан эдийн засгийн хориг бүрэн цуцлагдана гэж найдаж буйгаа илэрхийлсэн билээ. Гэвч АНУ хоригийг тийм ч амар цуцлахгүй нь нэгэнт тодорхой болж, Кубын хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг сөргүүлэн тавьсан байна.

 

Барак Обама, Раул Кастро нарын хамтарсан хэвлэлийн хурал ширүүн уур амьсгал дунд болж өнгөрсөн нь хүйтэн дайн хэдийн дуусч, АНУ, Куб хоёр дипломат харилцаагаа сэргээх болсноо зарласнаас хойш 15 сар өнгөрч байгаа ч хоёр талын  хүйтэн харилцаа өөрчлөгдөөгүйг дахин баталсан юм.

 

Барак Обама айлчлалынхаа хоёр дах өдөр Кубын Гавана хотын Хувьсгалчдын ордонд зочлохдоо Раул Кастрогоос хүний эрх зөрчигдөж буй асуудалд анхаарлаа хандуулахыг сануулж байгаа аж. Харин АНУ-ын шүүмжлэлийн хариуд Раул Кастро АНУ-ын эдийн засгийн хориг харилцаагаа сэргээж, найрсаг болгоход саад болж байгааг хэлсэн байна. Раул Кастро мөн АНУ-ын цэргийн бааз байрлаж буй Гуантанамог Кубын Засгийн газарт  буцаан өгөхийг хүсчээ.

 

Кубын удирдагч Раул Кастро "Танай манай хоёр оронд хэзээ ч арилахгүй асар том ялгаа бий” хэмээн шуудхан хэлж орхисон аж.

 

Цагаан ордны төлөөлөгч нар хоёр удирдагчийн хамтарсан хэвлэлийн хуралд хэдэн долоо хоногийн өмнөөс бэлтгэж, сэтгүүлчдэд асуулт асуух эрх олгохыг Кубын Засгийн газрын албаны хүмүүсээс хүссэн байна.

 

Раул Кастро сайхан зантай үедээ сэтгүүлчдийн ямар ч асуултанд хариулдаг боловч хэвлэлийн хурал зарлах нь маш ховор аж. Улс төрийн хилс хэрэгтнүүдийн асуудал барааны хомсдол болон хүнд суртал газар авсан Кубын хамгийн эмзэг асуудлын нэг. 

 

Түүнээс нэгэн америк сэтгүүлч улс төрийн хилс хэрэгтнүүдийн талаар асуухад Раул Кастро “Хэрэв сэтгүүлч та шударга бусаар хоригдсон нэг ч болов хүний нэрийг хэлж чадвал би өнөө орой ч суллахад бэлэн” хэмээн хариулсан юм.

 

Кубын эрх баригчид жагсаал цуглаан хийсэн хүмүүсийг жилд хэдэн арван удаа баривчилж хорьдог боловч сүүлийн жилүүдэд тэдгээр хүмүүст олон жилийн ял өгөх нь харьцангуй багассан юм. Учир нь Кубын Засгийн газарт  хүний эрхийн байгууллагууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс шахалт үзүүлэх болсонтой холбоотой. Куб АНУ-тай дипломат харилцаагаа сэргээснээс хойш улс төрийн хилс хэргээр хоригдож байсан хэдэн арван хоригдлыг сулласан. Хүний эрхийн олон улсын байгууллага Эмнести Интернэйшнл байгууллага гэхдээ саяхны илтгэлдээ Куб улс төрийн хилс хэргээр хүнийг хорьж буй нотолгоо гаргаж чадаагүй.

 

Барак Обама, Раул Кастро нарын хамтарсан хэвлэлийн хурлыг Засгийн газар, Коммунист намын хяналт дор байдаг Кубын төв телевизээр дамжуулсан байна. 

 

Хамтарсан хэвлэлийн хурлын үеэр гадаадын олон сэтгүүлчдийн асуултад хариулсан Раул Кастро “Би хангалттай гэж бодож байна” хэмээн хэлснээр хурал дуусчээ. Хэвлэлийн хурлын дараа Барак Обама сурсан зангаараа Кубын удирдагчийн нуруун дээр алгадахаар гараа мөрөн дээгүүр нь давуулах гэсэн боловч Раул Кастро илт эгдүүцэн, гарыг нь мөрөндөө хүргэлгүй барьжээ.

 

Хоёр удирдагчийн үл ойлголцлын энэ жигтэй агшинг зурагчид дурандаа буулгасан нь цахим ертөнцөд түгж эхлээд байна.

 

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн хэлж буйгаар Барак Обама Кубын хувьсгалын удирдагч, ерөнхийлөгч асан Фидель Кастротой уулзах төлөвлөгөө байхгүй аж. Барак Обамаг дагалдан АНУ-ын бизнесийн төлөөлөгчид хамт яваа бөгөөд технологийн аварга Гүүгл коммунист арал дээр өндөр хурдны, интернэттэй технологийн төв байгуулахаар болсон байна. Технологийн төв Кубын хэрэглэгчдэд одоо хэрэглэж байгаагаас нь 70 дахин хурдтай интернэтийн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх гэнэ.

 

Раул Кастро АНУ, Кубын эдийн засгийн харилцаа сайжирч байгаа хэдий ч тус улсын эсрэг эдийн засгийн хориг хүчин төгөлдөр хэвээр байгааг хэлж байсан. Барак Обама Конгресст хоригийг цуцлах тухай санал оруулсан ч хууль тогтоогчид энэ асуудлаар дахин санал хураалт явуулаагүй байна.

 

Нэгэн америк сэтгүүлч ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөгч Бүгд найрамдах намын Доналд Трамп, Ардчилсан намын Хиллари Клинтон нарын алийг нь ялна гэж бодож байна гэсэн асуултад Раул Кастро “Би АНУ-д сонгууль өгдөггүй шүү дээ” хэмээн хариулсан байна.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна