Д.Үүрцайх: “Төмөр замын төслийг төрийн яамд шалгаж, хүлээж авсан”

2016 оны 3 сарын 22

УИХ-ын гишүүн Х.Баттулга болон түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатар гэгч хүний зүгээс шинэ төмөр замын төслийн маргаанд Энержи Ресурс компанийг холбож буруутгасан утгатай мэдэгдлүүдийг хийсэн. Энэ талаар тодруулж, уншигчдад тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс бид Энержи Ресурс компанийн Хуулийн зөвлөх Д.Үүрцайхтай холбогдлоо.

-УИХ-ын гишүүн Х.Баттулга, түүний өмгөөлөгч нарын зүгээс Энержи Ресурс ХХК төмөр замын төслийг хэрэгжүүлж байгаад улсад шилжүүлж өгөхдөө асуудал үүсгэсэн гэж яриад байгаа. Энэ тал дээр танай компани албан ёсны хариулт өгөхгүй юу?

-Энэ бүгд ор үндэслэлгүй, Энержи Ресурс компани энэ яригдаад байгаа асуудлуудад ямар ч хамааралгүй гэдгийг бид хариуцлагатайгаар хэлэх байна. Энержи Ресурс компани Ухаа худаг-Гашуунсухайтын төмөр замыг улсын төсөв, татвар төлөгчдөд ямар ч дарамтгүйгээр, цэвэр өөрийн босгосон хөрөнгөөр барьж хэрэгжүүлэхээр 2008 оноос хойш ажиллаж байсан. Гэтэл төслийг зогсоож, төр өөрөө барина гэдэг шийдвэр гарсан. Бид энэ шийдвэрийг хүндэтгэн дагаж, төслийг төрд хариуцлагатайгаар хүлээлгэж өгсөн. 2013 оны 5-р сард манай концессийн гэрээг цуцалж, төмөр замын төслийг төрийн өмчит Монголын төмөр зам компанид албан ёсоор шилжүүлж авсан. Ингэснээр энэ төсөл дэх Энержи Ресурс компанийн оролцоо бүрэн дууссан. Гэтэл хэн нэгэн хувь хүн ямар ч эх сурвалжгүй мэдээлэл хийгээд, төсөл төрд нэгэнт шилжээд очсоноос хойшхи янз бүрийн асуудалд Энержи Ресурс компанийг холбогдуулж ярьсан. Нөгөөтэйгүүр, аливаа хэрэгт шалгагдаж байгаа хүний өмгөөлөгч нь батлагдаж, нотлогдоогүй зүйлсийг дур мэдэн ярьж, хувь хүн, албан байгууллагыг гүтгэх нь хууль бус.

Ер нь Энержи Ресурс ХХК бол улсад хийдгээ хийгээд явж байгаа үндэсний том татвар төлөгч, 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулагч гэдгийг тодотгож хэлмээр байна. 2009 онд байгуулагдсан цагаасаа хойш бид улсаас нэг ч төгрөг авалгүйгээр том хэмжээний хөрөнгө оруулалтуудыг шийдээд, төсөвт 760 гаруй тэрбум төгрөг төлөөд, улсын нийт экспортын 10 орчим хувьтай тэнцэх хэмжээний буюу 2 тэрбум гаруй долларын  валютын экспортыг дангаараа хийсэн байдаг. Энэ бүхэн бага тоо биш. Энэ компани улсад орлого оруулж байна уу,  улсыг хохироогоод байна уу гэдгийг хэн ч харсан ойлгоно. Гэтэл улстөрийн элдэв зорилгоор манай компанийг янз бүрийн сэдэвтэй холбогдуулж, гүтгэж, гүжирдэх нь хэрээс хэтэрч байна. Ер нь үндэсний компанийн талаар нэг талыг барьсан гүжир гүтгэлэг ингэж байнга зохион байгуулалттай тараах нь аливаа улс оронд хүлээн зөвшөөрөгдөж болдог асуудал уу гэдгийг холбогдох байгууллагууд нь харж, анхаарч байгаа байлгүй дээ.

-Танай компани төмөр замд гаргасан зардлаа худал мэдүүлж, улсаас 55 тэрбум төгрөг завшихыг завдаж байгаа гэж ярьсан? Энэ ямар учиртай юм бэ?

-Тухайн үед Сангийн яам, Зам тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам гэсэн 3 яамны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нягталж, шалгаад тогтоосон асуудал шүү дээ. Худал мэдүүлэх ямар ч боломжгүй.

2008-2012 онд Энержи Ресурс компаниас төмөр замын төсөлд 93.6 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Задаргааг харвал, 30 орчим тэрбум нь газар шороо, барилгын ажлын зардал, 39 тэрбум нь төслийн зураг төсөл, ТЭЗҮ, тооцоо судалгааны зардал, 22 тэрбум нь хөрөнгө босголт, удирдлага зохион байгуулалтын зардлууд байгаа. Үүнээс 9.3 тэрбум буюу туслан гүйцэтгэгчдэд шууд шилжих ёстой зардал нь хасагдаад компанид нөхөн олгох ёстой бодит зардлын хэмжээ 84.3 тэрбум буюу тухайн үеийн валютын ханшаараа 60 сая ам.доллар гэж тогтоогдсон. Яамдын ажлын хэсэг, Төрийн өмчийн хорооноос энэ бүх задаргааны дагуу баримт, материалыг бүрэн шалгаж нягтлаад, хүлээж авсныг нотлох албан ёсны дүгнэлт, Төрийн өмчийн хорооны акт, тогтоол одоо ч байж байна.

Төмөр зам гэдэг бол хэн дуртай нь дуртай газраа ухаад барьчихдаг байгууламж биш. Төмөр зам барихын өмнөх ерөнхий болон нарийвчилсан ТЭЗҮ, зураг төсөл, сансрын болон агаарын зураглал, геологи, геотехник болон хөрсний, гадаргын, гүний усны, археологи, түүх дурсгал, байгаль орчин нийгэмд  нөлөөлөх нөлөөлөл, нүүлгэн шилжүүлэлтийн гээд маш олон тооцоо, хайгуул шинжилгээ, судалгаанууд хийгддэг. Энэ бүхэн дээр бид Германы төмөр замын концерноос аваад Америк, Англи, Австралийн олон улсын техникийн, хууль, санхүүгийн чиглэлийн маш олон мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, холбогдох зардлаа бүртгэлжүүлээд явсан. Бид 5 жилийн процессыг ярьж байна. Гэтэл энэ 5 жилийн хугацаанд төмөр замын төслийг өргөн, нарийн царигтай, хувийн хэвшлээр бариулна, бариулахгүй гэж хэдэн удаа шийдвэр өөрчлөгдөж, хэдэн удаа эргэж буцсаныг та бүхэн мэднэ. Тэр болгонд бидний өмнө хийгээд явж байсан бүх зураг төсөл, тооцоо судалгаа дахин дахин өөрчлөгдөх шаардлагатай болж, тэр бүрт нэмэлт зардал чирэгдэл гарч байсан. Дээр нь төслийн санхүүжилт гэж маш чухал зүйлийг бид өөрсдийн хүчээр, бие даагаад шийдсэн байсан. 5 жилийн хугацаанд олон улсын хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулагчдаас бид 2 ч удаа төслийн санхүүжилт  амжилттай босгосон, түүнчлэн Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас нэмэлт санхүүжилт босгохоор амжилттай хамтран ажиллаж байсан. Энэ бүхэн өндөр өртөг зардалтай. Зөвхөн манай 600 сая долларын бонд дээр гэхэд олон улсын санхүүгийн, хуулийн зөвлөх үйлчилгээний зардал гэх мэтчилэн 13 орчим сая долларын бодит зардал гарсан байдаг. Одоо төрөөс барих төмөр зам дээр төрөөс мөнгө өгөөгүй, санхүүжилтээ босгож чадахгүй байна, бондын мөнгө хүрэлцээгүй гэдэг асуудлууд байнга яригддаг. Энэ том хэмжээний хөрөнгийг босгоно гэдэг маш амаргүйг бүгд ойлгосон байх. Бонд босгоно, хөрөнгө татна, санхүүжилт олно гэдэг өртөг зардал өндөртэй, мэргэжлийн өндөр ур чадвар, хугацаа шаардсан ажил байдгийг одоо улсаараа мэддэг болсон болов уу. Чингис бондыг гаргах үйл явцаас ч бид бүгдээрээ харсан. Өөрөөр хэлвэл, бүтэн 5 жилийн туршид хийгдсэн бүх ажлууд нийлсээр ийм хэмжээний зардал гарсан байгаа.  

Төр манай компанид зардал нэмж олгох байтугай дутуу олгохооор шийдвэрлэсэн. Учир нь Концессын тухай хуулиараа бол концессийг цуцалсан тохиолдолд тухайн талаас гарсан бодит зардлаас гадна учирсан бүх хохирол, чирэгдэл, тухайн хугацаанд олох байсан орлогыг тооцож, нөхөн олгоно гэж заасан байдаг. Концессын гэрээн дээр ч энэ эрхийг заасан байсан. Өөрөөр хэлвэл хуулийн дагуу бол учирсан хохирол,  алдагдал, олох байсан ашиг гэхчлэн нэмэгдээд нийт 293 тэрбум хүртэлх төгрөгийг нөхөн олгох ёстой байсан. Гэтэл Засгийн газраас хохирол, алданги зэргийг тооцохгүйгээр зөвхөн бодитоор гарсан зардлыг л олгоно гэж шийдвэрлэсэн. Концессын гэрээнд аливаа маргаантай  асуудлыг Лондонгийн олон улсын арбитраар шийдвэрлүүлнэ гээд заасан байгаа. Бид үндэсний компани гэдэг утгаараа төр засгаа хүнд байдалд оруулчихгүй, олон улсад улсынхаа нэр хүндийг унагаачихгүй байх талаас нь шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд, гэрээний эрхээсээ ч татгалзаад явж байгааг хэлмээр байна.

Ер нь олон улсад бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн нарийн хяналтан дор ажилладаг учраас санхүүгийн бүх мэдээлэл жил бүр олон улсын аудитаар нарийн шалгагдана. Зардлын дүнг хэн нэг захирал нь дур мэдэж хэдэн тэрбумаар өөрчлөх байтугай цент зөрүүлэх боломжгүй. Тэр тусмаа баримтгүй зардал хуурамчаар зохиох боломж бүр  хаана ч байхгүй.

-Санхүүгийн анхан шатны баримтуудаа гаргаж өгөхгүй байгаа гэж дурдсан байсан?

-Бас л үндэслэлгүй асуудал. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиараа, санхүүгийн анхан шатны баримтууд аль ч компанид өөр дээр нь хадгалагдах ёстой байдаг. Төслийг хүлээж авах шалгалт явагдах үеэр бид компани дээрээ баримт шалгахад зориулж тусгай өрөө гаргаж өгөөд, баримтуудыг нэг бүрчлэн шалгах боломжийг бүрэн олгосон. Хувилж авах боломж ч нээлттэй байсан. Үүний ч дагуу шалгагдаад, баталгаажсан асуудал. Дээр нь хэлэхэд, манай концессийг цуцлах тухай гэрээнд “...нийт зардал 93.6 тэрбум төгрөг болсныг Зам тээврийн яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамнаас хянан баталгаажуулж, улмаар Засгийн газар хүлээн зөвшөөрөв” гээд заасан байгаа. Энэ гэрээнд тухайн үеийн Зам тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга Л.Цогтбаатар, МТЗ компанийн захирал П.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурж, баталгаажуулсан байдаг.

-М-Си-Эс компани хуйвалдаан зохиож, асуудлыг хаацайлж байна гэсэн тухайд?

-Юуны өмнө М-Си-Эс групп, Энержи Ресурс гэсэн хоёр компанийг ялгаж, салгаж зөв ойлгох хэрэгтэй. Бүх л юман дээр М-Си-Эс-ийг Энержи Ресурс гэдэг компанитай холбож, гүтгэж ярихаа одоо зогсоогооч ээ гэж хэлмээр байна. М-Си-Эс групп бол Энержи Ресурсын олон хувь эзэмшигчдийн нэг. Энержи Ресурс бол толгой компани болох MMC  буюу Mongolian Mining Corporation-аараа дамжаад олон улсын хөрөнгийн зах зээлд гарсан, гадаад, дотоодын маш олон хувьцаа эзэмшигчидтэй, нээлттэй хувьцаат компани. Петровис, Шунхлай, Худалдаа Хөгжлийн банк зэрэг үндэсний компаниудаас аваад Англи, Америк гэх мэт олон улс даяар тархсан хувь эзэмшигчид яригдана. Тэгэхээр Энержи Ресурсыг М-Си-Эс групптэй санаатай, санаагүй хольж хутгаж ярих нь энэ бүх хувь эзэмшигчдийн эрхийг бүдүүлгээр үгүйсгэх төдийгүй энэ талаар мэдээлэлгүй ярьж байгаагаа харуулж байна.

-Ер нь Энержи Ресурс маш их өрөнд унасан, өр төлбөрөө төрөөр шийдүүлэх гэж байна гэдэг яриа ч яваад байгаа?

-Хувийн хэвшлийн компани татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэггүй учраас санхүүгийн бүх эрсдлээ өөрөө л үүрдэг. Өр төлбөрөө төрөөр шийдүүлнэ гэдэг бүр ч байж боломгүй зүйл. Энэ компани байгуулагдсан цагаасаа хойш улсын эдийн засагт ямар хувь нэмэр оруулсныг ярихгүй хэр нь санхүүгийн хүндрэлд орчихлоо гээд буруутгаж ярьж байгаад гайхдаг. Үнэндээ 2008 оноос хойш нүүрсний уурхайн төслийг олон улсад өрсөлдөх чадвартай болгохын тулд цогцоор нь төлөвлөөд, хэрэгжүүлж байсан ажлыг гацаасаар байгаад л ийм байдалд хүргэсэн шүү дээ. Уул уурхайн төсөлд дэд бүтэц, зах зээлд хүрэх гарц хамгаас чухал. Гэтэл гол дэд бүтэц болох төмөр замыг нь бариулахгүй хааж боогоод байхаар төсөл яаж амжилттай хэрэгжих юм вэ? Дэд бүтэцдээ зориулж бидний гадаад зах зээлээс босгосон бүх хөрөнгө, хүчин зүтгэлийг талаар болгосныг одоо бүгд л мэдэж байгаа болов уу.

-Тодруулга өгсөнд баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна