11 мянган иргэнд 9 тэрбумыг өгнө

2016 оны 3 сарын 22

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар иргэд татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагддаг. Тухайлбал, иргэн орон сууц  худалдан авсан, эсвэл сургалтын төлбөрөө төлсөн тохиолдолд түүний 10 хүртэлх хувийг буцаан авдаг билээ. Тэгвэл энэ хөнгөлөлтөд хамрагдаж, бичиг баримтаа бүрдүүлж өгсөн иргэдийн эхний ээлжийн буцаан олголтыг гуравдугаар сардаа багтаж өгөх гэж байна.

Эхний ээлжид нийслэлийн хэмжээнд 2016 оны нэгдүгээр сарын 22-ны өдрөөс өмнө өгсөн 11 700 иргэний 9.2 тэрбум төгрөгийг баталгаажуулаад Төрийн сангийн газарт хүргүүлсэн байна. Эдгээрийн 116 иргэний материал зөрчилтэй гарчээ. Тухайлбал, иргэний дан, нэр зөрөх тохиолдол гарсан байна. Энэ жилийн хувьд үүнээс өөр ноцтой зөрчил гараагүй хэмээн мэдээллээ. Эдгээр иргэдтэй дахин холбогдож зөрчлийг нь арилгаж, материалыг дахин Төрийн сан руу явуулжээ.

Гэхдээ энэ нь зөвхөн эхний ээлжид материалаа өгсөн иргэний мэдээлэл юм. Дараагийн ээлжид энэ мэтчилэн данс, нэр зөрсөн явдал гарвал татварын байгууллагаас тухайн иргэнтэй холбогдож, зөрүүг нь арилгах юм байна. Хэрвээ иргэн тань руу татварын байгууллагаас зөрчилтэй холбоотойгоор эргэн холбогдохгүй бол таны мэдээлэл баталгаажиж, буцаан олголт авах нь тодорхой болсон гэж ойлгох хэрэгтэй юм.

Харин хоёрдугаар ээлжийн иргэдийн буцаан олголтыг ирэх дөрөвдүгээр сарын дотор олгохоор баталжээ. Одоогоор ганцхан Говь сүмбэр аймгийн иргэдэд л буцаан олголтыг 100 хувь өгчээ. Харин бусад аймаг, нийслэлийн хувьд 3, 4 дүгээр саруудад ээлж дараалан олгоно. Улмаар тавдугаар сар гэхэд буцаан олголтыг бүрэн дуусгах юм байна.

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 75 мянга 395 иргэнд 45.8 тэрбум төгрөгийн татварын буцаан олголтыг хийхээр баталгаажуулжээ. Эдгээрийн 60 хувь нь орон сууц, 40 хувь нь сургалтын төлбөрийн буцаан олголт юм байна.

Хувь хүний орлогын албан татварын хуулиар хөнгөлөлт эдлэх боломжийг 2009 оноос эхлүүлж байсан юм. Анх 2009 онд 10 мянган иргэн татварын хөнгөлөлтөд хамрагдаж байсан бол 2016 онд энэ тоо 75 мянгад хүрчээ.

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна