Японд флаш моб гэрлэх санал дэлгэрэв

2016 оны 3 сарын 22

Японд флаш моб гэрлэх санал ид дэлгэрч байгаа гэнэ. Ялангуяа залуусын дунд ихэд дэлгэрч байгаа гэрлэх санал тавих энэ аргыг  үйлчилгээний газрууд бизнес болгон гэрлэх санал тавих гэж залууст бүжигчид түрээслэх юмуу флаш моб бүжиг заах үйлчилгээ үзүүлдэг болсон аж.

Осака хотын “Emotion Rise” нэртэй газар л гэхэд гурван жилийн өмнө нээгдсэн бөгөөд гэрлэх санал тавих флаш моб бүжгийн үйлчилгээ үзүүлдэг аж. Тэднийх мөн Токио, Нагойя, Фукуока зэрэг хотод ч мөн салбартай гэнэ.

Тэднийх жилд 500 орчим флаш моб бүжгийн захиалга хүлээж авдаг юм байна.

Захиалгын 70 орчим хувь нь хуримын үдэшлэг, үлдсэн хувь нь гэрлэх санал тавих флаш моб байдаг гэнэ. Флаш мобыг захиалагчдын хүсэлтээр олон нийтийн газар, ажил дээр нь эсвэл гэрт нь хийдэг байна.

Захиалагчдын хүсэлтээр хэдэн ч флаш моб бүжигчин сонгож болохоос гадна япон эсвэл гадаад, бас эмэгтэй бүжигчин гэж тусгайлан сонгох бөгөөд 250,000 – 500,000 иенийн үнэ хөлстэй байдаг гэнэ. Мөн хосуудыг нисдэг тэргээр авчрах тусгай үйлчилгээ хүртэл байдаг аж.

Гэрлэх санал тавих флаш моб үйлчилгээ ердөө таван минут үргэлжилдэг ч гэсэн үйлчлүүлэгчид 100 хувь сэтгэл хангалуун үлддэг хэмээн “Emotion Rise” компанийн ажилтан ярьсан байна.

Флаш моб бүжиг 15 жилийн өмнө анх Европт гарснаас хойш дэлхийн олон оронд тарсан юм.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна