Азтанг гурван сар хүлээнэ

2016 оны 3 сарын 22

НӨАТ-ын урамшууллын системийн сугалаанаас супер азтан тодорч 400 сая төгрөг хожлоо. 400 сая бага мөнгө биш. Нэгэн айлын амьдралыг бүрэн шийдэх хэмжээний энэ мөнгийг огт татвар төлөхгүйгээр хожно гэдэг бол үнэхээр зүүдэнд ч оромгүй явдал. Сугалаанаас азтан тодорлоо гэх мэдээлэлтэй зэрэгцэн хүн бүр шахам азтаны өмнөөс тооцоо хийж, байр машин худалдан авахаа шахав. Үнэндээ бол 400 сая их мөнгө. Гэвч тэр их мөнгийг хожсон тэр хүн өнөөг хүртэл худалдан авалтын баримтаа бүртгүүлээгүй байна. Үүнээс үүдэн 400 сая худлаа шоу байж, тэгээд ч төсөвт тэр хэмжээний мөнгө байхгүй, зориуд бүртгүүлээгүй баримтаас азтан төрүүлсэн гэхчилэн элдэв хар дагуулж  эхэллээ. Тиймээс бид НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгаас эргэлзээтэй асуултуудад хариу авлаа.

Хүний өмнөөс таамгаар бүртгүүлэх боломжгүй

НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш долоон удаагийн сугалааг зохион байгуулснаар супер азтан буюу 400 сая төгрөгийг нэг хүн, 20 сая төгрөгийг дөрөв, дөрвөн сая төгрөгийг 21, 500 мянган төгрөгийг 226 хүн, 100 мянган төгрөгийг 2 250 хүн, 20 мянга төгрөгийг 22 066 хүн хожжээ. Нийтдээ улсын хэмжээнд 70 470 хүн азтан болсны  5924 нь сугалаагаар хожсон  мөнгөө авчээ. Азтануудад  234 420 000 төгрөгийг Төрийн сангаас олгоод байгаа юм. Харин үлдсэн азтанууд өнөөг хүртэл баримтаа ebarimt.mn тад албан ёсоор бүртгүүлээгүй байна. Тэр дундаа өнгөрсөн ням гаригт /2016.03.20/ тодорсон 400 сая төгрөгийн супер азтанг хэзээ бүртгүүлэхийг тэсч ядан хүлээж байгаагаа төлсийн нэгжийнхэн хэлж байна. Хүмүүсийн хараад байгаа шиг худлаа шоудах ямар ч боломжгүй гэнэ. Мөн зөвхөн баталгаажуулж бүртгүүлсэн баримтуудад нь сугалааг явуулах нь шударга биш үү, хэн ч бүртгүүлээгүй баримтаас азтан тодорсон нь эргэлзээ төрүүлээд байгаа юм биш үү гэсэн асуултад “Зөвхөн бүртгүүлсэн баримтын хүрээнд сугалаа явуулах боломжгүй. QR код бүхий бүх баримтын хүрээнд сугалааг явуулах нь шударга. Магадгүй та ч зарим үед баримтаа бүртгүүлж амжаагүй байгаад сугалаанаас хоцорвол гомдолтой байх болно. Аж ахуйн нэгжүүд баримт хэвлэж өгсөн тохиолдолд бүх мэдээлэл манай системд бүртгэгдэж, сугалаанд оролцох эрх нээгдэнэ” гэлээ.

Супер шагналтны худалдан авалтын баримтын 26024190 гэсэн найман оронтой тоо лотто бөмбөлөгтэй тохирсон тул 400 саяын азтан болсон. Энэхүү дугаарын өмнө АА-ZZ хүртэлх үсгэн кодыг таамгаар хийгээд азтан болох болмжтой гэж харж буй хүмүүс ч бий. Ийм боломж байгаа эсэхийг тодруулахад “Та бүхэн бүртгүүлэх гээд оролдоод үз. Хамгийн наад зах нь худалдан авалтын үнийн дүн хэд байсныг хэрхэн таамаглах вэ. Нөгөөтэйгүүр үсгэн кодыг таамгаар бүртгүүллээ гэхэд цаана нь бидний шалгаж тодруулах, нягтлах олон зүйл бий. Дахин давтагдашгүй дугаар, төлбөрийн огноо, цаг  минут, худалдаж авсан бүтээгдэхүүний төрөл, үнийн дүн, задаргааг багцлаад шалгах юм. Оргил худалдааны төвийнхөн ч азтаны өмнөөс оруулах боломжгүй” гэсэн хариу өгч байна.

Харин баримтаа хямгадаагүйгээс хаяж үрэгдүүлсэн бол таны өмнөөс өөр хүн бүртгүүлчих боломжтойг анхаарах ёстой ажээ. Баримтаа бүртгүүлж хадгалахгүй бол алганд багтсан аз тань харих магадлалтайг төслийн нэгжийнхэн сануулж байна.

20 сая төгрөг хожсон хоёр дахь азтан оюутан байжээ

Долоон удаагийн сугалаанаас хорин сая төгрөгийн азтан дөрвөн хүн тодорчээ. Тэдний эхнийх нь сар шинийн өмнө шагналаа авсан залуу гэр бүл гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин хоёр дахь 20 саятан нь АНУ-д суралуахаар бэлдэж байсан оюутан охин байжээ. Тэрбээр АНУ-д суралцах мөнгөө сугалаанаас олсондоо тун чиг баяртай байгаагаа илэрхийлжээ. Азтан хэн бэ гэдгийг хүн бүр мэдэхийг хүсч байгаа ч азтан хүсээгүй бол нийтэд мэдээлэх боломжгүй гэдгийг төслийн нэгжийн удирдлага санууллаа. Урьд өмнө нь сугалаа зохион байгуулсан улс орны туршлагаас харахад ч хүний эрхийг дээдлэхгүйгээс алдаа гарсан тохиолдол бий гэнэ.

Хорин саяыг хожсон нөгөө хоёр хүн болоод супер шагналын эзэн одоогоор хараахан тодроогүй байгаа ажээ. Тэднийг баримтаа бүртгүүлэхийг гурван сарын хугацаанд хүлээх ажээ. Гурван сардаа бүртгүүлэхгүй бол тэр мөнгө Төрийн сандаа үлдэх гэнэ. Тэр мөнгөөрөө хаа нэгтээ цэцэрлэг, сургууль барих, эсвэл хэн нэг өвдсөн зовсонд зориулж буяны үлйд зориулж болохгүй юу гэсэн асуултад “Бид хуулийн дагуу ажиллаж байгаа. Хуулинд азтанг гурван сар хүлээнэ. Тэр хугацаанд азтан тодрохгүй бол мөнгө Төрийн сандаа үлдэнэ гэсэн заалт бий. Нөгөөтэйгүүр зарим хүмүүс 400 сяаыг нэг хүн өгч байхаар 10 айлд 40 саяар өгөөч гэсэн байсан. Гэвч аз бол аз. Тухайн иргэнийг НӨАТ-ын хуулийг дэмжиж, ил тод нээлттэй дэийн засгийг хөгжүүлэх, далд эдийн засгийн буурулахын  төлөө оруулсан хувь нэмрийг нь үнэлж, төрөөс сугалаагаар урамшуулж буй хэлбэр. Түүнээс нэг компани, аж ахуйн нэгжийн хийж буй ажил биш. Төрийн ажлыг хуулийн дагуу хийх ёстой” гэлээ.

Кассын машины тоо 33 мянгад хүрчээ

НӨАТ-ын шинэ  хууль хэрэгжиж эхлэхээс өмнө улсын хэмжээнд 12 мянган кассын машин ажиллаж байжээ. Харин одоо 33 мянга болж. Цаашид ч нэмэгдэнэ гэдэгт хууль хэрэгжүүлэгчид итгэлтэй байна. 50 сая төгрөгөөс дээш орлого бүхий НӨАТ суутган төлөгчид өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд бүгд кассын машинтай болж, НӨАТ-ын баримт өгдөг болжээ. Харин олонход үйлчилдэг, бага дунд орлоготой иргэдийн амжиргаагаа залгуулдаг худалдаа үйлчилгээний төв, захуудын хувьд кассын машин тавих, НӨАТ-ын баримт олгоход хойрго хандаж байгаа аж. Тэдний хувьд лангуу ажиллуулдаг гэх нэрээр сарын 6000 төгрөгийн татвар төлдөг. Гэтэл лангуун дээр мах худалдаалагч нэг иргэний өдрийн орлого 50 сая төгрөгт хүрдэг гэсэн албан бус тоо гарчээ. Чухам тэр орлого нь ил болохоос худалдаачид эмээж, татвар төлөхөөс цааргалж байгааг мэргэжилтэн үгүйсгэсэнгүй. Мөн тэдний башир аргыг мэдсээр хэр нь зарим  хууль боловсруулагчид  дэмжиж  байгаад ч харамсдагаа хэллээ.

НӨАТ-ын баримт олгдоггүй бас нэгэн салбар бол ахуйн үйлчилгээнийхэн. Үсчин, зурагчнаас эхлээд гутал, хувцас засвар, таксины үйлчилгээнийхэн хуулиас гадуур аж төрж байна. Үйлчлүүлэгчид ч дэлгүүрээс нэхдэг баримтаа тэднээс нэхэх нь үгүй. Гэвч нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид хүртэл QR код бүхий баримт өгөх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа гэнэ. Одоогоор таксины үйлчилгээ эрхлэгч зарим компаниуд гэрээ хийхээр ярицлсан бол автобусныхан таг чиг байгаа ажээ.

Д.ЦЭЭПИЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна