ТОСК 183 ахмадыг бүртгэжээ

2016 оны 3 сарын 22

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн Улаанбаатар хот дахь бүртгэл энэ сарын 21 буюу өчигдрөөс эхэлсэн. Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн гадна өчигдөр 471 ахмад бүртгүүлэхээр дугаарлан зогссон байсан юм. Ням гаригийн өглөөнөөс эхлэн бүртгэл хүлээж хоносон ахмадуудын 420-ийнх нь материалыг ТОСК өчигдөр хүлээж авчээ. Улмаар 183 ахмад настны материалыг бүртгэлд хамруулж, нягтлан шалгахад бэлэн болсон байна. Үлдсэн 237 ахмад настны материал дутуу учраас буцсан аж. Мөн ихэнх ахмад настнууд тэтгэврийн зээлтэй учраас орлогын 50 хувьд хүрэхгүй тохиолдол их гарчээ. Иймээс ахмадууд давхар батлан даагч буюу хамтран зээлдэгчийн бичиг баримтыг мөн бүрдүүлэх шаардлагатай юм.

ТОСК-ийнхан бүртгэлийн эхний өдөр ажлаа хийж чадахгүй, өндөр настнуудад хүндрэл чирэгдэл их учруулж байна. Бүртгэлийн ажилтнууд нь удаан зэрэг шүүмжлэлийг хүртээд байсан. Тэгвэл өнөөдөр тэд нийт 11 мэргэжилтэн бүртгэлийн ажилтныг гаргаж, нэг иргэнийг гурван минутын дотор бүртгэж буй юм. Харин түрээсийн орон сууцад орох хүсэлтэйгээр бүртгүүлэхээр ТОСК-ийн гадаа шөнө нь хонож, өдөр нь дугаарлан өнжиж буй  ахмадуудыг ирсэн дарааллаар нь бүртгэж, оруулах зохион байгуулалтын ажлыг Чингэлтэй дүүргийн цагдаа нар хариуцаж байна. Зарим ахмадын тухайд ТОСК-аас бүрдүүлэх материалын жагсаалтад ороогүй зүйлсийг шаардаж буйг шүүмжиллээ. 

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй  иргэд бүрдүүлэх бичиг баримтаа бүрэн хангаж ирэх шаардлагатайг ТОСК-аас дахин дахин сануулж байна. Мөн бүртгэлд хамрагдах иргэд зээлийн мэдээллийн сангаас лавлагаа авах шаардлагагүй. ТОСК, Монгол банктай хамтран тухайн иргэний зээлийн мэдээллийг шууд гаргаж буйг ч тайлбарлалаа. Өчигдөр эхэлсэн ахмадуудыг бүртгэх бүртгэл өнөөдөр өндөрлөнө. Харин маргааш, нөгөөдөр хоёр  2016 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны залуу гэр бүлийг, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон төрийн албан хаагч, байгалийн гамшиг гэнэтийн аюулд нэрвэгдэж орон байргүй болсон өрхийг 25-28 ний өдөр, 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эхийг гуравдугаар сарын төгсгөлд 30 ний өдөр бүртгэх юм. Харин Харьяалах ангиллын хуваарьт өдрүүдэд бүртгүүлж амжаагүй болон материалын шаардлага хангаагүй буцаагдсан иргэд энэ сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 01-нд дахин бүртгүүлэх боломжтой.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 


Түрээсийн орон сууцад орох хүсэлтэй иргэдийн тавигдах шалгуур үзүүлэлт, бүрдүүлэх бичиг баримт:

Шалгуур, үзүүлэлт

Түрээсийн орон сууцад хамрагдах иргэдэд тавигдах шалгуур, үзүүлэлтэд

  • Эрх зүйн бүрэн чадамжтай 21 насанд хүрсэн байх

  • Тухайн орон нутагт түр болон байнга оршин суудаг

  • Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой байх

  • Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх

Бүрдүүлэх бичиг баримтууд

Төрийн өмчийн түрээсийн орон сууцад амьдрах хүсэлтэй иргэн “Төрийн орон сууцны корпораци”-д, орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцад амьдрах хүсэлтэй иргэн аймаг, нийслэлийн засаг даргын Тамгын газарт дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Үүнд: 

  • Иргэний цахим үнэмлэхийн хуулбар

  • Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/

  • Энэхүү журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл

  • Орлого тодорхойлох баримт бичиг / нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт/-ын хуулбар

  • Үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа

  • Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд энэхүү журмын 4.1-д заасан баримт бичгээс гадна аймаг нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна