Тусгай зөвшөөрөлгүй барилга баривал 9.6 саяар торгоно

2016 оны 3 сарын 22

Хоёр жил гаруй дуншсан Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас өнгөрсөн сард баталсан билээ. Долоон бүлэг 26 зүйлтэй Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж есөн бүлэг 50 зүйлтэй болгон өргөжүүлжээ.

Хуульд орсон эхний томоохон өөрчлөлт бол барилга, байгууламжийг төвөгшлөөр ангилдаг болсон явдал. Төсөл санаачлагчид барилгыг таван төвөгшилд хувааж, тусгай зөвшөөрөл олгох, тухайн барилга байгууламжийн барилгын ажилд зөвшөөрөл олгох асуудлыг шууд ангилалтай болгожээ.

Нэгдүгээр ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг ямар нэгэн бүртгэл, зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэх боломжтой бол II, III, IV, V ангилалд хамаарах барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхэлнэ. Барилгын эзэн хувь хүн болон хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагад бүртгэлтэй байх бөгөөд бүртгэлийг цахим хэлбэрээр хийж нийтэд нээлттэй болгохоор тусгажээ. Ту­хайн байгууллага, ажилт­ны үзэмжээс шалтгаалан хүнд суртал гаргадаг явдлыг зогсоох зорилгоор барилгын ажлын зөвшөөрөл олгох үйл явцыг хуульд нарийвчлан зохицуулсан бөгөөд тодорхой хугацаа тогтоож өгсөн. Түүнчлэн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох, хяналт тавих, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд тусган гүйцэтгэх нь зөв гэж төсөл санаачлагчид үзжээ.

Барилгын салбарын томоохон асуудал болсон чанар, аюулгүй байдлыг хуульд тусгай бүлэг болгон оруулжээ. Барилгын чанарын баталгаат хугацаа буюу  зүгшрүүлэх, тохируулах хугацаа гэж өмнө нь гурван жил байсныг нэг жил байхаар зохицуулалт хийсэн. Цаашлаад барилгын чанар, элэгдлийн хугацааг ашиглалтын хугацаатай уялдуулан нарийвчилж, хуучин барилгыг Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргасан тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга шийдвэр гаргаж албадан буулгах юм байна. Зардлыг буруутай этгээдээр гаргуулна.

Барилгын тухай тогтоомж зөрчигчдөд ногдох хариуцлагын хувьд ч шинэчилсэн найруулгад чангарчээ. Тухайлбал, Барилгын тухай хуулиар өмнө нь тусгай зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн компанийн 2-4 сая төгрөгөөр торгодог байсан бол шинэчилсэн найруулгаар торгуулийн хэмжээ хоёр дахин нэмэгджээ. Тодруулбал, тус хуулийн 50.1.-т энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй, мөн хуулийн 27.2, 27.3, 27.4, 27.6-д заасныг зөрчиж барилгын ажлыг эхлүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн буюу 9.6 сая төгрөгөөр торгоно.

Түүнчлэн барилгын ажлын явцад төсөлд заасан тухайн барилга байгууламжийн барилгын ажлын талбайн хэмжээ, хил хязгаар, зураг төсөл, барилга архитектурын эх загвар /эскиз/ зураг, барилгын материалыг дур мэдэн өөрчилсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 4.8 сая төг­рө­гөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 9.6 сая төгрөгөөр торгох заалтууд оржээ.

Энэхүү шинэчилсэн найруулгыг ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Барилгын салбарынхан хуулийн заалтууд өмнөхөөсөө чангарсан, хуулийг дагаж гарах журам, стандартад уян хатан хандах ёстой гэцгээж байна. Энэ тухай Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч Б.Батбаатар “Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахгүй явсаар хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн. Энэ хооронд зарим зүйл, заалт хуучирсан. Зарим нь зах зээлийн үед тохирохгүй болсон. Ялангуяа энэ хямралын үед яах вэ гэдэг нь чухал. Барилгын салбар өөдтэй, өнгөтэй явах үед  хатуу заалт оруулсан нь эргээд дарамт болох шинжтэй байна. Санхүүжилтийн талд нарийн анхаарах ёстой. Ажил хийлгэсэн бол төр нь мөнгөө өгдөг, хийсэн нь чанартай гүйцэтгэдэг. Гэтэл хуулиар чанартай ажил хийх шаардлагыг өндөр хэмжээнд тавиад байгаа хэрнээ төр нь санхүүжилтээ олгохгүй хариуцлага алдаж байна. Тиймээс дагалдаж гарах журам нь дарамт учруулахгүйгээр зөөлөн байх хэрэгтэй” гэж байв. Түүнчлэн Барилгын хөгжлийн төвийн дэд захи­рал, ерөнхий инже­нер Д.Гантулга “Шинэ­чилсэн найруулгаар барилгын үйл ажиллагааг төвөгшлөөр нь ангилдаг болсон. Бага төвөгшилтэй буюу тусгай зөвшөөрөл шаардлагагүй, дунд төвөгшилтэй, өндөр төвөг­шилтэй гэж. Уг нь төвөгшлөөр нь биш эрсдэлээр нь ангилвал дээр байсан” гэв.

Б.ЗАЯА

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна