Пибоди дампуурлын ирмэгт, харин бид?

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

Пибоди дампуурлын ирмэгт, харин бид?

Дэлхийд алдартай Пибоди Энержи дампуурлаа зарлахад тун дөхснөө мэдэгдэж, нэгж хувьцааных нь ханш 3 ам.доллар хүрэхтэй үгүйтэй болжээ. Зөвхөн 2015 онд Пибоди-гийн хувьцааны ханш бүтэн 97% унасан. Өнгөрсөн 7 хоногт төлөх ёстой байсан 70 сая долларын төлбөрөө хойшлуулснаар Пибоди Энержи санхүүгийн маш хүнд байдалд орсноо мэдэгдсэн юм. Компанийн нийт өр төлбөрийн хэмжээ 6.3 тэрбум долларт хүрсэн бөгөөд ирэх сар гэхэд АНУ-ын Дампуурлын тухай хуулийн “Chapter 11”-ын дагуу дампуурлаа албан ёсоор зарлаж, хуулийн хамгаалалтанд орж магадгүй болоод байна. 2015 онд Альфа Начурал Ресурс, Патриот Көүл, Арч Көүл гээд Америкийн урдаа барьдаг нүүрсний компаниуд дампуурлаа зарласан. Эдний араас Пибоди нэмэгдвэл Америкийн нүүрсний салбар, эдийн засаг, хөрөнгийн зах зээлд том нөлөө мэдрэгдэнэ. Энэ байдалд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасан, гол зах зээл Хятадын аж үйлдвэржилт удааширсан, нүүрсний оронд байгалийн хийн хэрэглээ нэмэгдсэн гээд олон зүйл нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж байгаа.

7,600 ажилтантай, 133 жилийн түүхтэй, дэлхийн нүүрсний салбарын хамгийн том хувьцаат компани Пибоди Энержи иймэрхүү байхад Монголд байдал ямар байна вэ? Төрийн, хувийн хэвшлийн гэлтгүй хамаг л нүүрсний компаниуд хаагдах нь хаагдаж, үлдсэн ганц нэг нь санхүүгийн хүндрэлтэй тэмцэлдэж байна. 2-3-хан жилийн өмнө нүүрсний салбар Монголын нийт экспортын 40%-ийг бүрдүүлж, экспортын хэмжээгээр зэсийг ардаа орхиж, төсвийн ачааны голыг “үүрэлцэж” байсан. Төр нүүрсний салбарыг дэмжинэ, анхаарна гэж ярьдаг ч өнөөдөр экспортын төмөр зам ч үгүй, экспортын нэгдсэн бодлого ч алга. 1072 хувьцаа гэх сонгуулийн хоосон амлалтаар хуурснаас өөр бараг юу ч хийгдсэнгүй. Биднийг дотроо маргалдсаар суух зуур нүүрсний үнэ шаланд тулж, гадаад, дотоодгүй байдал хүндрэв. Үнэ гэдэг өсдөг унадаг, хувьцаа гэдэг хөөрдөг, буудаг болохыг бид ойлгож авлаа. Олон улсын зах зээлд гараа ч үгүй төрийн компаниас хувьцаа амалж суухын оронд байгаа хэдэн компаниуддаа ажиллах боломжийг нь олгоод, татвараа ахиухан аваад суух байж гэдэг сургамжаа бид авлаа.

Дэлхийн “томчууд” ийн хэцүүдэж байхад бид дотоодын компаниудаа ад үзэн гоочилж, “дампуурах нь, сүйрэх нь” гэж хараах энүүхэнд. Зах зээлийн хүндрэлийн эсрэг тэмцэж яваа аж ахуйн нэгжүүдийнхээ өмнөх гавьяаг үнэлдэггүй юм гэхэд ядаж хүндхэн үед нь нэмж “түлхэхгүй” баймаар. Адаглаад энэ зуур нүүрсний дэд бүтэц, экспортын бодлогоо цэгцэлж, алдсан алдаагаа давтахгүй байвал үнэ эргээд өсөх үед нүүрсний компаниуд төсөвт татвараа төлөөд эхэлнэ, монгол нүүрс ч үнэ цэнэтэй болно. Хямралын үед америкчууд Пибоди Энержи-гээ муучилж, дампуурчихаасай гэж хүлээж суугаагүй нь лавтай. Хямралыг хямралаар биш ухаанаар давж гарахыг хаа хаанаа бодууштай болжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж