О.Чулуунбилэг: Булаг, шандын эхийг хамгаалах журамтай болно

2016 оны 3 сарын 22

Дэлхийн усны өдөр өнөөдөр тохиож, Монгол Улс ач холбогдол өгөн тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэйгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Цаглашгүй гэрэлт төв төрийн бус байгууллага хамтран өнөөдөр “Ус ба уламжлал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Монголчууд гол, горхио хамгаалах бодлогыг эртнээс уламжлалт зан үйлдээ түшиглэн хэрэгжүүлж ирсэн байна. Энэ талаар болон бусад асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэгээс тодрууллаа.

Жижиг гол мөрнийг хамгаалах бодлого хууль эрх зүйн хүрээнд тусаагүй байгаа учраас Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой санаачилга гаргаж ажиллаж байгаа юм байна гэж ойлголоо. Яг ямар ажил хийнэ гэсэн үг вэ? 

-Монгол орны томоохон гол, мөрнийг хамгаалах чиглэлд УИХ-аас “Урт” нэртэй хуулийг баталсан бол горхи, булаг, шандыг хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байгаа. Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаанаас хамаарч маш олон булаг, шанд ширгэж үгүй болсныг мэргэжлийн байгууллагууд мэдээлдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтод “Байгалиа хамгаалах монгол уламжлал зан үйлийг сэргээн хэвшүүлж булан шандын эх, овоог хамгаалж, цэвэр ариун байлгах уламжлалыг сэргээхэд анхаарч ажиллана. Үлгэрчилсэн журмыг боловсруулна” гэж заасан байдаг. Тийм учраас шашны байгууллагуудтай хамтарч булаг шандын эх булгийг хамгаалах үлгэрчилсэн журам боловсруулан ажиллаж байна. Журамд орон нутаг бүр өөрийн онцлогт тохирсон журмыг иргэдийн оролцоотой баталж гаргана. Булаг шанд, рашааны эх овоог хамгаалах зорилгоор хашаажуулж, хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлнэ. Булаг, шанд, рашааны эх, овоог хамгаалах иргэдийн нөхөрлөлүүдийг бий болгож, хариуцуулан ажиллуулах. Ундарга нь татарсан, ширгэсэн булаг шанд рашааныг нөхөн сэргээх ажлыг иргэд, нөхөрлөлүүд хамтран зохион байгуулах. Булаг, шанд, рашааны эх, овооны дэргэд газар ухах, мод огтлох, хог хаягдал хаяхыг хориглох зэрэг асуудлыг тусгасан.

-Булаг, шандын эх овоог хамгаалахад шашны байгууллагуудын оролцоо чухал гэсэн зүйл яригдсан. Их засаг хуульд гол усыг хамгаалах чиглэлээр нэлээд хатуу заалт тусгасан талаар та баримт дурдсан. Үүнийг тодруулахгүй юу?

-Монголчуудын байгалиа хамгаалах бодлого уламжлалт зан үйлтэй нь нягт холбогддог. Тийм учраас уламжлалт зан үйл, соёлыг тээж яваа хүмүүстэй хамтран  ажиллах нь илүү үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа юм.

Их засаг хуулийн тухайд 44 дүгээр зүйлд “Ус руу шээвээс цаазална. Хувцсаа голын усанд оруулбал хатуу шийтгэл оногдуулна. Усыг хутгахад сав хэрэглэгтүн. Хувцсаа хуучран урагдахын өмнө угаахыг хориглоно” хэмээн заасан байдаг бол 1764 онд тогтоосон Халх журам хуулийн 173 дугаар зүйлд “Мэдсээр байж, шоглож ус бохирдуулбал шүдлэн морь, үхэр хоёр ав, үзсэн гэрчид үхэр өг. Хүний ухсан, зассан усыг булаацалдан маргавал нэг хязаалан морь ав. Өөрийн малыг усалж дуусаад усаа эс өгвөөс нэг морь ав” гэсэн нь усыг бохирдлоос хамгаалах чиглэлээр тухайн үед ямар хатуу хууль хэрэгжүүлж байсны баримт юм.

Тухайн үеийн торгууль нь бодоор яригдана гэдэг нь одоогийнхоор бол жип машины өртөгтэй тэнцэнэ.

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас цаашдаа энэ чиглэлээр өөр ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах уу? 

-Швед улсад ирэх наймдугаар сард усыг хамгаалах чиглэлээр том арга хэмжээ зохион байгуулагдана. Түүнд Монгол Улсыг төлөөлөн шашны байгууллагууд, мөн байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож, “Ус ба шүтлэг” сэдвээр том салбар хуралдааныг нь манлайлж оролцохоор болж байна. Монгол Улс байгаль хамгаалах соёл өндөртэй улсад тооцогддог учраас дэлхийн улс орнууд өндөр ач холбогдол өгч, долоон салбар хуралдааныхаа нэгийг Монгол Улсыг удирдахыг санал болгосон юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна