Хоёр жилд сая тонн цемент үйлдвэрлэжээ

2016 оны 3 сарын 22

30 жилийн түүхтэй Хөтлийн цемент шохой ХК хуурай аргын технологийг нэвтрүүлснээсээ хойш нэг сая тонн цемент үйлдвэрлэжээ. Хөтлийн “Цемент шохой” ХК  хуурай аргын технологийг өнгөрсөн 2014 онд нэвтрүүлж, өндөр чанарын цемент үйлдвэрлэж эхэлсэн юм. Байгуулагдсан цагаасаа хэрэглэж ирсэн  нойтон аргын технологи нь 29 жилийн хугацаанд үйлдвэрлэсэн 4.3 сая тонн цементтэй харьцуулж хэлбэл өнгөрсөн  хоёр жил тус компанийн үйлдвэрлэлийн үсрэнгүй үе байсныг илэрхийлнэ. Энэ талаарх мэдээллийг тус  компанийн  Гүйцэтгэх захирал А. Шоовдор Хөтлийн  цемент шохой ХК, болон тус үйлдвэрийн бүтээгдэхүүний гол худалдан  авагчидтай хийсэн  “Үйлдвэрлэгч-Хэрэглэгчийн”  уулзалтын  үеэр хэлсэн юм. Түүнчлэн хоёр жилийн дараа хүчин чадлаа дахин нэг тонноор  нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа ч тодотгов.

Уг уулзалт өнгөрсөн долоо хоногт болж, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон Хөтөл ХК-ийн холбогдох удирдлагууд, монголын барилгын материал хэрэглэгчдийн холбоо, цемент хэрэглэгчдийн төлөөллөөс бүрдсэн 80 орчим хүн  оролцлоо.

Уулзалтын үеэр Аж үйлдвэрийн сайд үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын  бодлого хэрхэн хэрэгжих талаар мэдээлэл өгөв.  Тэрээр “Дотоодын  эдийн засгийн  цусны эргэлтийг сайжруулахын тулд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой. Монголыг монголчууд л хөгжүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалт зөвхөн уул уурхайн салбарт л байсан. Сүүлийн  25 жилийн хугацаанд  нэг ч гадаадын шууд хөрөнгө оруулалт боловсруулах  үйлдвэрт орж ирээгүй. Харин энэ ажлыг үндэсний үйлдвэрлэгчид хийж байна. Үүний тод жишээ нь Хөтлийн цемент шохой үйлдвэр. Энэ жишгээр бусад  дагалдах  үйлдвэрүүд болон  нефть боловсруулах, зэс баяжуулах гэх мэт  мега төслүүд хөдлөх  ёстой.  Үүний тулд  Аж үйлдвэрийн  яам ажиллана. Гагцхүү үнийн асуудал дээр эргэлзээ байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед эрэлт, нийлүүлэлт аль, аль талдаа бэрхшээл байгаа. Үүнийг шийдэхийн тулд бидэнд үнийг тогтвортой барих зайлшгүй шаардлага байна” гэсэн  юм.

Үйлдвэрлэгчдийн хувьд Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн зээлийг тогтвортой үргэлжлүүлэх, хийт  бетоны дотоодын зах зээлийг хамгаалж өгөх хэрэгтэй байна. Үүнээс гадна Хөтөл цемент шохойн үйлдвэр үнээ тогтворжуулах асуудлыг анхаарч, цаашдаа савлагааны асуудлыг хэрэглэгчдийн хүсэлт, хэрэгцээнд нийцүүлэн зохицуулалт хийх боломжтой эсэхийг асуусан юм.  Түүнчлэн үйлдвэрлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг төрийн бодлогоор үргэлжлүүлэн дэмжиж өгөхийг хүсэж байлаа.

Мөн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн сайхан Суманд ажиллах үеэрээ Улаанбаатар төмөр замын харьяа Хөтлийн Төмөр бетон дэрний үйлдвэр, “Дорнын өргөө” хийт бетоны үйлдвэр, “Жавхлант” гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Эдгээр үйлдвэрийн зарим нь Чингис бонд, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан зэргээс санхүүжилт авч, эргэлтийн хөрөнгө үүсгэсэн юм байна.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна