Л.Энх-Амгалан: Бизнесийнхэн “Чөтгөрийн тойрог”-т орчихоод байна

2016 оны 3 сарын 22

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа. 

 


 

-НӨАТ-ын хуулийн хэрэгжилт өөрсдөд нь дарамт болж бууж байгаа талаар бизнес эрхлэгчид МАН-ын бүлэгт ханджээ. Тэд энэ хуу­лийг яаралтай өөрчилж өгөх хүсэлт тавьж байна. Ер нь хуульд бүх асуудал байна уу, яагаад ийм байдал руу орчихов оо. Хуулиа өөрчлөх боломж бий юү?

 

-Төрийн бодлого бодитой байх ёстой л доо. Тэр нь юу гэхээр амьдрал дээр хэрэгжих бо­ломжтой, амьдралын шаард­лагаар үүссэн асуудлыг зохи­цуулах учиртай юм. Гэтэл НӨАТ-ын хууль эсрэгээрээ бол­чихлоо. Бас хуулиас давсан журмууд гэж ярьдаг. Тэгвэл хуу­лиасаа давсан журам гаргахын хамгийн том гай нь энэ хуулийн хэрэгжилт дээр тодорхой хараг­даж байна. Татварын ерөнхий газраас НӨАТ-ын хуулийг хэ­рэг­жүүлэх журам гэж гаргасан байдаг. Үүгээр бүх аж ахуйн нэгжийг кассын машин, интер­нэт сүлжээнд холбогдох, программ хангамж авахыг журам­ласан. Энэ нь өөрөө нэг аж ахуйн нэгж хамгийн бага­даа хоёр сая төгрөгийн нэмэлт зардал гаргах болчихоод байна. Тиймээс энэ бол буруу, харалган шийдвэр.

 

-Яагаад?

 

-Жижиг аж ахуйн нэгжээр жишээ татъя. Сард нэг сая төгрөгийн борлуулалт хийдэг компани хоёр сая төгрөгийн кассын машин худалдаж авна гэж үнэхээр байхгүй. Өдөрт нэг тэрбумын борлуулалт хийдэг “Номин”-гийн сүлжээ дэлгүүр хоёр сая төгрөгөөр кассын ма­шин авч болох ч, “Долоон буудал”-д ТҮЦ ажиллуулж өдөрт 50 мянган төгрөгийн бор­луулалт хийдэг хүнд хоёр саяар машин ав гэж шахдаг буруу л байхгүй юу. Тэр тусмаа эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ дэмжих учиртай. Гэтэл улам л дарамт, шахалт тавиад байж болохгүй. Эдийн засаг муудсанаас болоод аж ахуйн нэгжүүд орлогогүй бол­чихлоо. Дээр нь долларын ханш өсч, төгрөгийн худалдан авах чадвар буурснаас болоод бизнесийнхэн хохирчихсон. Арилжааны банкууд ч зээл өгөхөө больж байна. Яагаад гэвэл Засгийн газрын 16 хувийн хүүтэй эрсдэлгүй бонд авах нь банкуудад ашигтай байна ш дээ. Тэгээд арилжааны банкууд зээлээ хумьчихсан. Ийм хүнд үед Засгийн газар НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхдээ хуу­лиасаа давсан журам гаргаж нэг аж ахуйн нэгж дээр хоёр сая төгрөгийн дарамт учруулж байгаа нь бизнесийнхэнд маш том дарамт болж байна.

 

-Кассын машин авах ту­хай заалт хуульд байхгүй юу?

 

-Хуульд тийм заалт байхгүй. Хамгийн гол нь НӨАТ-аа л ав гэсэн. Яаж авах, тэр ажлыг хэрхэн зохион байгуулах нь Засгийн газрын үүрэг. Гэхдээ ийм үүрэгтэй учраас гээд шууд л хоёр саяын машин ав гэж тулгаж болохгүй. Ядаж тэр машинууд нь дотроо сонголттой байж болно ш дээ. Гар утас гэхэд хүний хэрэгцээнээс ха­маараад сонголттой байдаг биз дээ. 50 мянгынх байхад, 500 мянган төгрөгийн үнэтэй нь ч байдаг. Түүнтэй л адилхан. Сарын 500 мянган төгрөгийн борлуулалт хийдэг ТҮЦ заавал хоёр сая төгрөгийн үнэтэй машин авна гэдэг хэцүү. Нөгөө талаас энэ хуулийг хэрэгжүүлэх гэж шахаж байгаа нь төсвийн орлогоо нэмэх гэсэн Засгийн газрын санаа. Бизнес эрхлэгчид “Татвар, цагдаа дарамт үзүүлж байна. Кассын машин авсангүй гээд торгууль тавьж байна” гэж ярьж байна. Эдийн засгийн хямралтай үед хувийн хэвшил нэг сая хүнийг ажилтай, орлого­той байлгаж байгааг бодох ёстой. Нэг сая хүнийг ажилтай, орлоготой байлгах нь чухал юм уу, төсвийн орлогоо харах ёстой юм уу. Энийг жигнэж үзэх хэрэгтэй. Аль нь өнөөдөр Монголын эрх ашигт нийцэх юм. Аж ахуйн нэгжүүд үнэхээр хүнд байгаа. Борлуулалт байх­гүй, хаалгаа барьчихсан, бүх ба­раагаа зээ­лээр өгчихсөн л яваа шүү дээ. Ийм “чөтгөрийн тойрог”-т орчихсон. Энэ тойр­гоос Засгийн газар уг нь бизнес эрхлэгчдээ гаргах ёстой юм.

 

-Яаж гаргах вэ?

 

-Лиценз, зөвшөөрлийн хуу­лиа цаг алдалгүй батлах ёстой. Өнөөдөр Монголын аж ахуйн нэгжүүдэд жилдээ ирж байгаа давхацсан хяналт шалгалт, тайлан баланс нь дэндүү их байгаа. Улиралд л 10-15 янзын тайлан гаргаж өгдөг.  Гааль, татвар, хорио цээр, мэргэж­лийн хяналт гээд л. Энэ мэтээр бизнесийн дарамтууд бодитоор оршоод байна. Гэтэл дээр дахиад НӨАТ-ын хуулийн хэрэгжилт нэрмээс болчихлоо. МҮХАҮТ-аас бизнесийн хүнд суртлын индекс гэж жил бүр гаргадаг юм. Тэндээс харахад бизнес эрхлэгчдэдээ үзүүлж байгаа төрийн дарамт улам л ихсээд байна. Татварын дарамт, тусгай зөвшөөрөл, мэргэжлийн хяналт гээд олон янзын дарамт байна. Дээр нь зээл олдохоо больчихсон. Одоо ихэнх аж ахуйн нэгж ломбардын хүүгээр л үйл ажиллагаа явуулж байна ш дээ. Ийм хүнд үед дахиад нэрмээс болох хэрэггүй юм. 

 

Хуулийн хэрэгжилт цаг үеэ олсонгүй. Бизнес эрхэлж байгаа хүмүүст том дарамт үзүүлэхүйц ха­ралган шийдвэр болжээ. Ядаж машинууд нь сонголттой, эсвэл аж ахуйн нэгжүүдийн тат­вараас суутгах маягаар хэ­рэг­жүүлсэн бол арай хөнгөн тусах байсан болов уу. Өөрөөр хэлбэл, хуулийн хэрэгжилт цагаа олсонгүй. Хэрэгжүүлж байгаа механизмын хувьд өндөр өртөгтэй хууль болчихлоо.

 

-НӨАТ-ын хууль хэрэг­жиж эхэлснээс хойш бараа, материалын үнэ өссөн гэсэн мэдээ байна. Тэгэхээр жирийн иргэдэд ч бас дарамт болж байгаа юм биш үү?

 

-Мэдээж бараа бүтээг­дэхүүний үнэ тодорхой хэм­жээнд нэмэгдэнэ. Хоёр сая төг­рөгөөр хөрөнгө оруулалт хийж байгаа аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүний үнээ нэмж л зардлаа гаргана ш дээ. 
 

 

-Одоо тэгээд яах вэ. Хуулиа өөрчлөх үү?

 

-Татварт өөрт нь тавьдаг зарчмууд бий. Энгийн байх, ойлгомжтой байх, дарамтгүй байх, шударга байх гээд. Гэтэл энэ татвар чинь энгийн бус, ойлгомжтой биш, дарамттай татвар болчихлоо. Бас шударга бус татвар болчихсон. Аж ахуйн нэгжүүд бол НӨАТ-ыг дамжуулж төлдөг. Гэтэл иргэдийн төлж байгаа татварыг төрд дамжуулж өгснийхөө төлөө хоёр сая төгрөгийн зардал гаргах болчихоод бай­на. Энэ бол татварт тавьдаг зарчмууд алдагдсаны шинж. Иймээс л хүмүүс бухимдалтай байна. Цаг хугацааны хувьд ийм хүндрэлтэй үед уг нь Засгийн газар өөрөөр ажиллах ёстой юм. Эдийн засаг хүндэр­сэн үед бусад улс орон аж ахуйн нэгжүүдийнхээ тат­­варыг хөнгөлдөг. Бүр төлдөг нийгмийн даатгалын шимт­гэлийг нь тодорхой хуга­цаа­гаар хойшлуулдаг. Шинээр бай­гуу­лагдсан ком­панийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нь эхний 3, 5 жилээр нь чөлөөлдөг. Ма­найд л эсрэгээрээ дарамт нэ­мээд байх юм. Тиймээс энэ алдаатай хуулиа засах ёстой. Хоёрт, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан журмаа Засгийн газар өөрчлөх ёстой. Ямар ч  тохиолдолд хууль хэрэг­жихдээ  ард түмнийхээ халаасыг тэмтэрдэг байж болохгүй. 

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.ARDIINERKH.MN