УИХ-ын дарга Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.22/ Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллаж байна. Улсын Их Хурлын дарга З.Энхболд дагалдан ажиллаж буй төлөөлөгчдийн хамтаар сумын Засаг даргын Тамгын газар ажиллах үеэр сумын удирдлагууд цаг үеийн мэдээлэл танилцуулав. 

Тосонцэнгэл сум нь 8837 хүн амтай төсвийн байгууллагад 664 хүн ажиллаж, аж ахуйн нэгжид 600 гаруй хүн хөдөлмөр эрхэлж байна. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй 1589 иргэн байгаа бол 676 малчин өрх байдаг байна. 

Улсын Их Хурлын дарга үргэлжлүүлэн Тосонцэнгэл сумын иргэдтэй уулзалт хийж, Монгол Улсын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцууллаа. 2015 оны намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын хороо 131 удаа хуралджээ. Нийт 426 хууль 64 тогтоол баталсан бөгөөд үүний 29 нь бие даасан хууль, 355 нь нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль байсан бол 11 нь Олон улсын гэрээ конвенц соёрхон батлах тухай хууль байсан. 

Мөн хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр батлагдсан Эрүүгийн хууль, Захиргааны ерөнхий хууль, Анхны ардчилсан сонгууль болж Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиудыг дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн ахмад настай гэр бүлийн гишүүний нийгмийн хамгааллын баталгааг сайжруулж, орлого нэмэгдүүлэх Хамтын тэтгэврийн тухай хуулийг тайлбарлан, мэдээлэл хийв. Иргэнд ээлтэй, хариуцлагатай, нээлттэй, ил тод, нэгдсэн стандарт, жишгийн дагуу төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үүргийг төрийн байгууллагуудад хүлээлгээд буй Захиргааны ерөнхий хуулийн талаар мэдээлэл өгч, 2016 оны 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлэхэд төрийн байгууллагуудын үйлчилгээ ямар хэлбэрээр явагдах талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм. 

Үргэлжлүүлэн эдийн засгийн зарим асуудлуудын талаар мэдээлэл өгөв. 2011-2012 оны эдийн засгийн огцом өсөлт нь бодит байгаагүйн дээр хүртээмжгүй байсан гэдгийг бүгд мэднэ. Монгол Улсын орлогын гол эх үүсвэр болсон зэс, алт, нүүрс, төмрийн хүдэр зэрэг түүхий эдийн үнэ дэлхий зах зээл дээр огцом буурч, эдийн засаг хөөсрөх гол шалтгаан болсон Оюу толгой уурхайн хөрөнгө оруулалт зогссон. Энэ үед эдийн засаг хүндхэн байдалд орсон ч гэсэн Улсын Их Хурал, Засгийн газраас зөв арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Дэлхийн түүхий эдийн үнийн савалгаанд олон улс орон өртсөн талаар Улсын Их Хурлын дарга тайлбарлан, бусад орнуудад үзүүлсэн нөлөөлөл, үндэсний мөнгөн тэмдэгтийн өнөөгийн ханшийн талаар танилцуулж, нөхцөл байдлын талаар иргэдэд мэдээлэл өглөө. 

Валютын ханш өсч байна хэмээн олон хүн шүүмжилж байгаа ч үүний үр дүнд бэлэн зүйл импортоор худалдан авахын оронд монголчууд өөрсдөө үйлдвэрлэж эхэлсэн. Иргэд хэрэглээгээ хангахын тулд өрхий болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхол нэмэгдсэний дээр Улсын Их Хурал, Засгийн газраас үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих бодлогуудыг авч хэрэгжүүлсэн. Засгийн газар “Чингис”, “Самурай” бонд гаргаж, үүнээс орж ирсэн хөрөнгийн гуравны нэгийг үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр зээл болгож өгсөн. Үйлдвэржилтийг дэмжих зээлийн эргэн төлөлт хэвийн явж байгаа. Түүнчлэн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжих хэрээр монгол хүмүүс ажлын байртай, орлоготой болж амьдралын түвшин сайжирч байгаа үр ашигтай болохыг тайлбарлав. Мөн иргэн бүрт хүртээмжтэй автозам, дэд бүтэц, эрчим хүчний бүтээн байгуулалтуудад бондын хөрөнгийн гуравны нэг хэсгийг зарцуулсан. Тосонцэнгэлчүүд ч гэсэн Улаанбаатар хот руу явахдаа бүтэн хоног явж хүрдэг байсан бол өнөөдөр автозамтай болсноор 8-12 цаг явж байна. Энэ нь цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна хөгжлийг түргэсгэх олон чухал ач холбогдолтой болох талаар Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа үеэр хэлж байв. 

Түүнчлэн олон нийтийн дунд буруу тайлбарлагдан, яригдаж буй улсын өрийн талаар танилцууллаа. Зээл авах нь санхүүгийн энгийн харилцаа бөгөөд зээлээ төлөх чадваргүй тохиолдолд өр болдог талаар тайлбарлан, Монгол Улс зээлээ төлөх чадамжтай хэмээн гаднын улс орнууд зээл өгч байгаа учир хөгжлийг түргэсгэх зорилгоор зээл авсан. Энэ нь аюултай нөхцөл байдал биш бөгөөд бусад орнуудын энэ төрлийн үзүүлэлтийн талаарх статистик мэдээлэл танилцуулсан юм. 

Мөн бондын хөрөнгийг улс орны эдийн засаг, хөгжлийг түргэсгэх салбаруудад зарцуулсан талаарх дэлгэрэнгүй тайланг мэдээлж, бодит үр ашгийн талаар мэдээлэл өгсөн юм. Хатуу хучилттай автозамаар явж буй иргэн, ая тухай орон сууцанд амьдарч буй иргэн, найдвартай цахилгаан, дулааны эх үүсвэрт холбогдсон иргэн, үндэсний үйлдвэрт ажиллаж байгаа монгол хүн бүр бондын хөрөнгийг үр ашгийг хүртэж байгаа талаар тайлбарлалаа. 

Улсын Их Хурлын дарга Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэдийн уулзалтын үеэр эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын талаар тайланг танилцуулж, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад цэргийн албан хаагчдыг оролцуулах “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн талаар танилцуулж, ач холбогдлыг тайлбарласан. Мөн тэрээр, Засгийн газраас 2012 оноос  эхлэн олгож эхэлсэн жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл нь барилгын салбарт үзүүлсэн нөлөөлөл, цаашлаад үйлдвэрлэл, монголчуудын ажил эрхлэлтэд нөлөөлсөн талаар холбогдох тоо баримтад тулгуурлан дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн. Түүнчлэн олон мянган жилийн мал аж ахуй эрхэлж буй туршлагатай монголын ард түмний эдийн засгийн шинэ боломж, шинэ гарцын талаар танилцуулан, малчин өрх бүр малаа эрүүл байлгахын чухлыг тайлбарласан юм. Өнөөдрийн байдлаар ДНБ-ий 13.6 хувийг эзэлж буй хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх нь чухал болохыг Улсын Их Хурлын дарга танилцуулгадаа онцлоод, Монгол Улсад боломж байгаа ч үүнийг ашиглахгүй байгаа талаар хэлж байв. Тиймээс эхний ээлжинд малчин бүр малаа эрүүл байлгаснаар ОХУ, БНХАУ, Вьетнам руу махаа экспортолж, орлогоо нэмэгдүүлэх бодит боломжийг ашиглаарай хэмээн уриалсан юм. Засгийн газраас энэ чиглэлээр тодорхой хөтөлбөр хэрэгжүүлж байгаа, "Сайн малчин" хөтөлбөрийн малчин данс ашиглах, нийгмийн даатгалаа төлөх, малаа эрүүл байлгах гурван шалгуурыг хангаснаар эхний ээлжинд зээлийн хүүгээ сарын 0.8 хувь болгон бууруулах болно. Үүний цаана малчин өрхүүдийн орлого нэмэгдэх нэн ашигтай боломж нээгдэж байгааг хэлж байсан юм. Танилцуулганыхаа төгсгөлд Улсын Их ХУрлын дарга З.Энхболд "Таван толгойд биш, таван хошуу малдаа найдаж хөгжицгөөе" гэдэг урилга дэвшүүлсэн талаараа хэлсэн. Үргэлжлүүлэн иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. 

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг уулзалтад оролцсон иргэдийн сонирхсоны дагуу Хамтын тэтгэврийн хуулийн талаар мэдээлэл өгсөн. Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл баримтлал нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн гэр бүлийн гишүүнд түүний амьдрах хугацаанд тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр давхар олгогдоход оршиж байгааг тэрбээр онцолсон. Хууль батлагдсанаар тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг ач холбогдолтой болохыг гишүүн тайлбарласан юм.

Түүнчлэн  Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав Засгийн газраас Завхан аймагт хийж буй бүтээн байгуулалтуудын талаар танилцуулсан. Завхан аймагт сүүлийн жилд улсын төсвөөс 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Цахираас Тосонцэнгэл хүртэлх 127 км автозам энэ хөрөнгөөс байгуулагдсан. Иргэн бүр ашиг тусыг нь хүртэж буй энэ мэт бүтээн байгуулалтыг 2012 оноос хойш Засгийн газраас хийж байгаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн энэ хавар Засгийн газраас тогтоол гарган малын үнэгүй өвс, хөнгөлөлтэй үнээр тэжээл өгсөн талаар мэдээлсэн. Мөн аймгийн боловсролын салбарт хийсэн ажлуудын тайланг танилцуулж, Тосонцэнгэл сумын иргэдэд мэдээлэл өглөө.

Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Тосонцэнгэл сумын удирдлагууд ажиллалаа.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж