Тэр 6-р ангид орохдоо үеийнхнээсээ тасархай бөх болчихсон байв

2016 оны 3 сарын 22

М.Жамъянпүрэв начин хийе гэснээ эргэлзэлгүй хийчихдэг, уран гоё барилдаантай бөх. Түүний барилдаан монгол бөхийн түүхэнд нэгэн тод мөр болон мөнхрөх учиртай. Хэдийгээр жижгэвтэр биетэй ч барилдаан нь цаанаа л нэг онцгой. Ямар нэг барилдаанд сайн ч барилдсан, муу ч барилдсан уран барилдаан үзүүлэхгүй өнгөрөх нь нэн ховор. Энэ тухай асуухад “Сайхан мэх хийгээд давахад үзэгчид уулгалаад л, алга нижигнэтэл таших нь миний хувьд юу юунаас илүү том шагнал байдаг. Энэ уухай, алга ташилтыг сонсох гэж ямар ч барилдаан дээр ямар ч байсан нэг сайхан давах юмсан гэж хичээдэг. Уран барилдааны шагнал ч цөөнгүй авч байлаа. Заримдаа гоё барилдах гэж байгаад уначихна аа бас….” гээд инээж суудагсан.

Тэр хамгийн анх уран барилдааны шагналд том хар хөгжим авсан нь одоо ч гэрт нь байдаг гэнэ лээ. Түүнд үеийнхнээсээ давж үзээгүй бөх тун ховор. 1999 онд МҮБХ-ноос зохион байгуулсан “Миний нутаг сайхан” урлаг спортын наадмын аймаг аймгаас шалгарсан шилдэг 32 бөхийн барилдаанд тасархай түрүүлсэн түүхтэй. Тэгэхдээ их аварга Б.Бат-Эрдэнээс эхлээд “жижиг” Сүхбат, “өндөр” Г.Өсөхбаяр, “шагай” шиг Д.Сумъяабазар, “хавирдаг” Ч.Батзориг гээд монгол бөхийн дэвжээг чимсэн олон сайхан бөхчүүдийг бүгдийг нь орхин түрүүлсэн онцлогтой. Энэ барилдаанд баараггүй түрүүлэх нь гэж яригдаж байсан “адтай заан” А.Сүхбатыг гэхэд начин маань халз хутгадаг дархан мэхээрээ төвөггүйхэн хаячихаж билээ. Энэ бол Өвөрхангай, Төв аймгийн аль нь энэ тоглолтонд түрүүлэхийг шийдвэрлэх маш хариуцлагатай барилдаан байсан юм.

Начинг бүр жаахан хүүхэд байхад нь л нутгийнхан нь бөх болно гэж урам нэмж, итгэл өгч дэмнэсэн гэдэг. Тэр тусмаа сургуулийнх нь захирал өөрөө бөхөд их дуртай болохоороо хаана л бол хаана хамаагүй түүнийг хүүхдүүдтэй барилдуулдаг байж. Тиймдээ ч 6-р ангид орохдоо үеийнхнээсээ тасархай бөх болчихсон байв. Учир нь сургуулийн хэмжээнд болдог том жижиг бүхий л барилдаанд мань хүн түрүүлж 50 мөнгө, 1 төгрөгийн байг нь гаргаахгүй хамчихдаг байсан гэнэ лээ. Цаашлаад бөх гээд тодорчихсон байсан учраас сургуулийн аваргаар оролгүй шууд аймгийн аваргад барилдаад түрүүлж байсан удаатай.

1995 онд улсын их баяр наадмын гурвын даваанд у.н С.Баатарыг, дөрөвт у.н А.Сүхбатыг /д.а/, у.з Д.Эрдэнэбатаар 5 давж улсын начин цол хүртсэн бол 2002 онд а.а Д.Батболдоор /у.х/ 5 давж цолоо баталсан түүнээс бид “заан” цолыг мөн ч их хүлээсэн дээ. Гэхдээ түүний уран гоё барилдаан том цол нэхсэн үзэгчдийн сэтгэлийг бага ч атугай цайруулдаг гэхэд болно. Тиймдээ ч түүнийг барилдахаар гарч ирэх тоолонд үзэгчдийн халуун дулаан сэтгэл, итгэл урам нэмсэн алга ташилт ямагт угтдаг билээ. Бөхчүүд болон бөх судлаачид Жамиа начинг “Дөрвөн мөчиндөө тэнцүү бяртай, маш их дайчин барилдаантай” гэж тодорхойлсон байдаг. Нэг удаа үхрийн бүтэн махыг үүрээд найман давхарт гарсан тухай нь тодруулахад “Нэг тийм юм болсон. Гэхдээ манай бөхчүүдийн хэн нь ч өвлийн идшээ гэртээ оруулчихна шүү дээ ” гэж хариулсан байдаг.

Тэр начин болсноосоо хойш голдуу сайн бөхчүүдийн гол шалгуур болсон тунаанд үлдэж хатуухан учраануудтай тулж ирсэн бөх. Тэрдундаа А.Сүхбатыг нэгэн үе цөөнгүй удаа гайтуулж байсан “аранга”. 2000 оны их сорилгод барилдахдаа нэг л бөхийг даваад дараа нь хэд хэдэн бөхөд унаж, эмчийн магадлагаагаар барилдаанаас чөлөөлөгдсөн. Нөгөө ганц давсан бөх нь А.Сүхбат. Яах аргагүй “жижиг” Сүхбатыг халз хутгаж хаячихаад л барилдааныг орхисон. Мөн дараа нь яасан гээч… Чөлөөт жүдогийн багуудын бооцоот халз барилдаанд мөн л эхний өдөр зодоглоод барилдааныг орхихдоо мөн л А.Сүхбатыг давчихаад л яваад өгсөн гэдэг.

Тэр зав чөлөө гарвал нутгаадаа “гүйх” дуртай. Нутагтаа оччихоод худаг дээр өдрийг өнгөрүүлэх нь түүнд гойдын сайхан аж. Мөн ямар ч айлын адуун дээр очиход хазаартай, хазааргүй бариад өгсөн эмнэг дээр мордчих эр хангал зориг, авьяас түүнд бий. Дашрамд сонирхуулахад нэг удаа хөдөө гэртээ амрах гэж явтал тулгар байсан эхнэр нь замдаа гэнэт өвдөж, хээр охиноо төрүүлчихэж. Начин маань ихэд тэвдсэн ч нутгийн тэнгэр ивээж охиноо эсэн мэнд эх барьж авсанаар “эх баригч” болж амжсан нэгэн. Гэргий Л.Нарантуяа нь волейболын спортоор хичээллэдэг, спортын мастер цолтой агаад Л.Наранбаатар начны төрсөн дүү юм билээ.

Түүний хувьд хамгийн эвгүй барилдаантай бөх нь Ц.Цэрэнпунцаг гарьд. Барилдаан огт таардаггүй Пунцагаа гарьдын хоёр гарыг “мөн ч лут шүү…” гэж начин нэгэнтээ шүүрс алдан үгүүлсэн нь бий. Түүний хамгийн ойр дотны найз нь улсын начин Д.Пүрэвсүрэн. Тэрээр найзынхаа тухай “Цаадах чинь лут бөх шүү дээ. Их ч даруухан хүн. Дэлхийн аварга, тивийн олон удаагийн аварга, ер нь л том бөх дөө” гэж бахархан үгүүлэхийн зэрэгцээ “Пүрэвсүрэн бид хоёр хүчний бэлтгэлээс зугтаадаг байсан. Пүүжээ бол даадаггүй юм, харин би бол сонирхолгүй л дээ ” гээд гэмгүйхэн шоглочихоод инээж суусан. Уран барилдаант начныхаа тухай цухасхан үгүүлэхэд ийм байна.

С.Бадамгарав

2010 он. /Надад бодлоо дэлгэсэн бөхчүүд/ номоос...

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна