Л.Гантөмөр баруун хязгаарт ажиллалаа

2016 оны 3 сарын 22

Энэ өдрүүдэд БСШУ-ны сайд Л.Гантөмөр монгол орны баруун хязгаар нутгийн аймгуудад ажиллаж, соёл урлагийн байгууллага, сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, аймгийн боловсролын салбарын ажилтай танилцаж байна. Мөн нарны баяр буюу Казах түмний наурызын баяр энэ өдрүүдэд болж байгаа нь монголын биет бус соёлын өвийг дэлхий нийтэд таниулах бас нэгэн том арга хэмжээ тохиож байна.

1370 багш чуулсан “1000 багшийн зөвлөгөөн”-Увс аймагт

Увс аймгийн бүх сумдын сургууль, цэцэрлэгийн үндсэн болон туслах багш нар өнгөрөгч 3 сарын 19-ны өдөр анх удаа “1000 багшийн зөвлөгөөн” зохион байгууллаа. Аймгийн ЗДТГ болон Боловсрол соёлын газар, БСШУЯ хамтран тус аймагт Боловсролын 10 хоногийн аяныг зарлаж энэ хүрээнд багш нарыг цаашид хэрхэн яаж хөгжүүлэх талаар тусгайлан сургалт, семнар зохион байгуулж, туршлага солилцох уулзлатыг хийсэн юм. Багш нар нэгэн доор мянгуулаа чуулж салбарын сайд болон аймгийн удирдлагуудад өөрсдийн бахархалаас хуваалцаж, тулгамдаж байгаа, шийдүүлэх асуудлуудаа ярилцаж хамтдаа чуулсан нь тус аймгийн тухайд анхны тохиолдол юм. Мөн аймгийн сургуулиудад хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ЦӨМ хөтөлбөр, Авьяас хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаатай БСШУЯ-ны мэргэжилтнүүд газар дээр нь танилцлаа. Багш нар бол баялаг бүтээгчид юм, тэднийг дэмжих нь монголын ирээдүйд оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг БСШУ-ны сайд энэ үеэр онцолсон. Тэр дундаа төрсөн нутагтаа өөрийнхөө боловсролын салбарын хэрэгжүүлсэн бодлогын үр шимийг харж, үлээвэр найрал хөгжмийн хамтлаг, сонгодог хөгжмин хамтлаг гэгчлэн Авьяас хөтөлбөрийн хүрээнд юу сурсан мэдсэнээ гайхуулах, спорт урлагаар өөрийгөө хөгжүүлж байгаа хүүхдүүдийг хараад бахархах сэтгэл төрж байгааг БСШУ-ны сайд онцолсон. Бусад аймгууд ч боловсролын салбарынхаа адаа оноог ярилцаж эрдэмтэн багш нараа ийнхүү нэгэн дор цуглуулж, хоорондоо мэдээлэл солилцоход нь гүүр болох хэрэгтэйг хэлж байлаа.

“1000 багшийн зөвлөгөөн”-нд оролцож байгаа багш нарын тухайд аймаг болон БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар сургууль цэцэрлэгүүдэд ямар хөрөнгө оруулалтууд хийгдсэн, бусад сургуулийн үйл ажиллагаа ямар түвшинд яваа вэ гэх зэрэг мэдээллүүдийг сонсож, мөн тэргүүний сайчууд салбарын тэргүүн, монгол улсын зөвлөх багшийн зэргийг энэ үеэр салбарын сайдаас гардан авлаа. Увс аймгийн тухайд боловсролын салбарт аймгийн хэмжээнд хүүхэд бүрийн амны хөндийг эрүүлжүүлэх аян зарлаж, бүх цэцэрлэгийн насныхан эрүүл шүдтэй болжээ. Мөн жүдо бөхийн болон спортын бусад анги танхимын хөрөнгө оруулалтыг шийдэж улс аймгийн хэмжээнд спортоор гаргаж буй сурагчдын амжилт эрс нэмэгдсэн байна. НОМ хөтөлбөрийн хүрээнд сургууль цэцэрлэг бүр “Номын өргөө” тохижуулах аймгийн хэмжээгээр 55000 гаруй шинэ номоор сургуулийн, нийтийн номын сангуудад шинэчлэл хийжээ. Аймгийн урлаг спортын дугуйлангуудын ажиллагааг идэвхжүүлж, хүүхдүүд рүү чиглэсэн тэмцээний уралдааны тоог нэмж тэдэнд төрөл бүрээр урам зориг өгч байна. Увс эрдэм ахлах сургууль, Цогцолбор нэгдүгээр сургуулиудад 100 буудалт даамын дугуйлан хичээллэж энэ хугацаанд 10 гаруй хүүхэд азийн наадмаас алт, мөнгө, хүрэл медалиудыг авчирсан амжилтыг үзүүлжээ. Ийм ирээдүйг бэлтгэж байгаа Увсын багш нар илүү их амжилтын төлөө сурагчдаас гадна өөрсдийгөө хөгжүүлнэ гэсэн зорилготойгоор зөвлөгөөндөө оролцсон юм.

Нарны баяр Наурыз

Казах түмний баяр нарны баяр Баян-Өлгий аймагт 3 сарын 21 буюу өчигдөр эхэллээ. Тус баярыг угтаж Монгол улсын засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Наурын баярын өмнөх өдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөр Баян-Өлгий аймгийн нэгдүгээр сургууль болон, аймгийн төвийн алслагдсан 13 дугаар хороонд шинээр баригдаж энэ сарын нэгнээс үйл ажиллагаагаа эхэлсэн 18 дугаар цэцэрлэгийн шинэ барилга, үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр АВЬЯАС хөтөлбөрийн хүрээнд сурагчид, цэцэрлэгийнхэн юу сурч мэдсэнээ салбарын сайддаа сонирхууллаа. Энэ дунд онцлох зүйл гэвэл нэгдүгээр сургуульд анх удаа 150 хүүхдийн бүрэлдэхүүнтэй домбор хөгжмийн оркестор байгуулагдаж монгол болон орос казах аялгуунуудыг хөгжимдөж сурч байгаа явдал байлаа. Сургууль цэцэрлэгүүдээр орсны дараа аймгийн дуу бүжгийн театрын үйл ажиллагаатай танилцаж Наурынзын баярт зориулсан хүндэтгэлийн тоглолт үзлээ. Энэ жилийн Наурызын баярын хүндэтгэлийн тоглолтын онцлох шинэ сонин зүйл нь Төв аймгийн театрын уран бүтээлчдийн 40 гаруй уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй багийнхан Баян-Өлгий аймгийн театрынхатай хамтран 23 жилийн дараа тоглолт хүргэж халх, казахын соёл урлаг хэрхэн нийлж хослон хоршиж чаддагийг үзэгч түмэнд харуулсан юм.

Наурын баярын хурал

Наурын баярын хурал 3 сарын 21-ний өдөр аймгийн театрт боллоо. Энэ арга хэмжээнд аймгийн удирдлагууд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн А.Тлейхан нарын хүндэт зочид оролцлоо. Наурыз бол кахазх түмний соёлын нэг том хэлбэр бөгөөд монголын казахууд энэ ёс уламжлалыг жинхэнэ утгаар нь авч уламжилж үлдсэн байгаа нь онцлог гэдгийг баярын хурлын үеэр дурьдаж байлаа. Тэр дундаа монголын соёлын нэг том илэрхийлэл болсон домборын хөг аялгууг үеэс үед дамжуулан үлдээж буй Казах түмнийг сайхан баярлаарай хэмээн БСШУ-ны сайд Л.Гантөмөр онцолсон юм. Наурызын баярын баярын хурлын үеэр боловсролын салбарыг дэмжин ажиллаж байгаа нэр бүхий хүмүүс талархал илэрхийлж батламж гардууллаа. Наурызын баярын арга хэмжээ 22-ны өдөр баярын жагсаал, нэгдсэн нээлт соёл урлагийн төрөл бүрийн арга хэмжээгээр үргэлжлэх юм.

Ямартаа ч баруун хязгаар нутгийнхан ажилласан дөрвөн жилийн хугацаанд асуудал нэг бүрт хариулт өгдөг, амласнаа биелүүлдэ, аймаг сумдаа алгасахгүй тойрч асуудлыг газар дээр нь судалж ажлаа явуулдаг Л.Гантөмөр сайд энэ өдрүүдэд баруун аймгуудад ажилласанд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Б.БОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна