"SBL Хасын Хүлгүүд" 11 хожилтой боллоо

2016 оны 3 сарын 22

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн гуравдугаар тойргийн сүүлийн тоглолтууд үргэлжилж байна. Плей-офф хаяанд ирсэн энэ үед багууд хожлын төлөө бүх хүч дайчлан тоглодог. Тиймээс улирлын сүүлийн тулаанууд тун сонирхолтой болдогийг манай сагсан бөмбөг сонирхогчид андахгүй биз ээ.

Өчигдөр СТО-д хоёр тоглолт боллоо. Энэ өдөр "СБЛ Хасын хүлгүүд" 11, Мон-Алтиус Смарт 9 дэх хожлоо авлаа.


 

Дархан Гарьд-Мон-Алтиус Смарт 79:97

Өмнөх тоглолтод лигийн шилдэг багуудын нэг “Сентоза Ирвэсүүд”-ийг буулган авсан “Смарт” “Дархан Гарьд”-тай нүүр тулав. Энэ улиралд тэд өмнө нь хоёр удаа учраа таарахад хоёуланд нь “Смарт” хожжээ. Нэг үгээр тэд “Гарьд” энэ улиралд хожоод сурчихсан баг юм. Тоглолтын эхнээс А.Браун будагтай талбайд сайн тоглолт үзүүлж байлаа. Түүнийг Ж.Ричард, М.Дорждагва нар ээлжлэн хамгаалж байсан ч зогсоож чадахгүй байсан юм. Мөн “Смарт”-аас Моррис шилдэг тоглолтоо үзүүлэн хамгаалалтад тун идэвхтэй ажиллаж байв. Харин эхний үеийн төгсгөлийг Б.Мөнхболд тун сайн тавьж, хоёр дараалсан холын зайн шидэлтээ байнд нь тусгалаа. Улмаар нэгдүгээр үед 30:23-аар “Смарт”-ууд давамгайлсан юм. Хоёрдугаар үед “Гарьд” Ж.Ричардыг илүү ашиглаж тоглосон бөгөөд Ричард эхний хагаст 11 оноо авч багаа тэргүүлэв. Харин энэ үед “Гарьд”-ын бусад тоглогчид хангалттай сайн тоглосонгүй. Ялангуяа Антонио Жонес төдийлэн харагдахгүй байлаа. Түүнийг Моррис эхний хоёр үед тун сайн хамгаалсан юм. Улмаар хоёрдугаар үе 50:42-аар дуусч, “Смарт” найман оноогоор илүү байв.  Гуравдугаар үед “Гарьд”-ын хамгаалалтын шилжилт үр дүнгээ өгсөн бөгөөд тэд тооны зөрүүг ойртуулах гэж зүтгэж байв. Улмаар тооны харьцаа 65:62 болон ойртсон бөгөөд эл үед А.Жонес, Коулмен нар давгүй тоглосныг онцлох нь зүйтэй болов уу. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед “Смарт”-ын залуус өрсөлдөгчдөө ямар  ч боломж олгосонгүй. Улмаар тэд 97:79-ээр “Гарьд”-уудыг буулган авч, улирлын ес дэх хожлоо байгуулав. Тус тоглолтод “Смарт”-аас Моррис 25 оноо, 7 самбар, 7 бөмбөг таслалт, 6 оновчтой дамжуулалт өгч, тэгш тоглолт үзүүллээ. Түүнд Ц.Мэргэн 19, А.Браун 19, Ханкерсон 12 оноогоор тусалсан юм. “Гарьд”-аас Ричард 22 оноо, 19 самбар, Жонес 20 оноо, Б.Мөнхболд 12 оноо тус тус авлаа. Энэ тоглолтод “Смарт” сүүлийн зургаан тоглолтыг өнжөөд байсан хашир туршлагатай Ц.Мэргэн эргэн талбайд гарсан нь үр дүнгээ өгөв. Түүний идэвхтэй тоглолт багт нь тун хэрэгтэй байсан юм. Мөн Моррис “Гарьд”-ын дамжуулалт бүрийн араас хатгаж байлаа. Тэд багаараа 21 удаа бөмбөг тасалсан бол “Дархан”-чууд ердөө 10 бөмбөг таслалт хийжээ. “Смарт” багаараа 45 хувьтай довтолсон бол “Гарьд” довтолгооны хувь ердөө 34 аж. “Смарт”улирлын сүүлийн тоглолтоо “Аравтууд”-тай хийнэ. Харин “Дархан Гарьд” хүснэгтийг тэргүүлж яваа “Төв Ургац”-тай нүүр тулах юм.

SBL Хасын Хүлгүүд-Альянс Тех Харцага 116:112

Лигийн хоёр шилдэг баг энэ үдэшийн оргил тулааныг үзүүллээ. Мөнхийн дайснууд гэж болох “Хүлгүүд”, “Харцага” хоёрын хөгжөөн дэмжигчид СТО-ыг пиг дүүргэсэн байлаа. “Хүлгүүд” дасгалжуулагч О.Баярцогт гараанд Акайжоби, А.Бямбадорж, А.Энхтүвшин, Энхтөгс, Б.Батжавхлан гэсэн тавтыг гаргасан нь олныг анхаарлыг маш ихээр татав. Яагаад ийм бүрэлдэхүүн гаргах болсныг таах хүн олдсонгүй. Магадгүй О.Баярцогт “Харцага”-ын эхний бэлдсэн хувилбарыг нураах төлөвлөгөө ч байсан байж магадагүй юм. Тоглолтын эхэнд “Харцага” дөрвөн оноо авсан ч О.Баярцогт дасгалжуулагч гаргасан бүрэлдэхүүн бүтэн талбайн хамгаалалтаар “Харцага”-ын довтолгоог нурааж, өөрсдөө хурдан довтолгоогоор олон оноо ээлж дараалан авав. Эдгээр залуус эхэлж дөрвөн оноо алдаснаас хойш 17 оноо дараалан авч, хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөлөө. Нэгдүгээр үеийн төгсгөлд О.Баярцогт дасгалжуулагч үндсэн бүрэлдэхүүнээ гаргаж ирсэн юм. Улмаар эхний үед 27:23-аар “SBL” давамгайлав. Хоёрдугаар үед “Хүлгүүд” шилдэг тоглолтоо гарган 15 оноогоор тасарлаа. Эхний хоёр үед А.Бямбадорж тун сайн тоглож 16 оноо, багийн ахлагч Б.Билгүүн 14 оноо авав. Улмаар эхний хагас 56:41-ээр өндөрлөсөн юм. Нэг, хоёрдугаар үед “Харцага” холын зайн шидэлтийг 10 хийж ганцыг нь ч байнд нь тусгасангүй. Гуравдугаар үед “Хүлгүүд” хамгаалалтаа сайн хийж, довтолгоонд нямбай байж, онооны зөрүүг 18 болгон холдуулав. Шийдвэрлэх дөрөвдүгээр үе эхлэхэд тооны зөрүү 20 оноо болсон байлаа. Энэ үед бүгд “Хүлгүүд” хожлоо хэмээн бодсон. Зарим хөгжөөн дэмжигчид ордоныг орхиж байлаа. Гэвч дөрөвдүгээр үеийн дунд үеэс “Харцага”-ын бүтэн талбайн хамгаалалт үр дүнгээ өгч богинохон хугацаан онооны зөрүүг тав болгож тооны харьцаа 109:105 боллоо. Гэхдээ тэдэнд “Хүлгүүд” боломж олголгүй, сүүлийн минутад тун анхааралтай байснаар улирлын 11 дэх хожлоо авлаа. Ингэснээр тэд хүснэгтийн хоёрдугаар байрт дэвшлээ. Тус тоглолтод “Хүлгүүд”-ээс Б.Билгүүн 24, А.Бямбадорж 20, Б.Батжавхлан 17, Корбин 15, Харрис 11, Акажоби 10 оноо тус тус авч, багаараа жигд тоглов. Харин “Харцага”-аас Акол 24, П.Болортулга 18, Блэйр, Гэсковски нар 15 оноо тус тус авсан юм. Багийн үзүүлт тэнцүүхэн байсан ч “Харцага” 35 бөмбөг алдалт хийсэн нь хожигдлын нэг шалтгаан болжээ. Харин “Хүлгүүд” багаараа тоглолтын турш 61 чөлөөт шидэлт 73 хувьтай гүйцэтгэсэн бол “Харцага” 41 чөлөөт шидэлт багаар хийжээ.    

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна