Онцгой байдлын албанд шагналын хур буулаа

2016 оны 3 сарын 22

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Түвшингийн Бадрал, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Нямбаярын Уламбаяр нарыг шагналаа.

Мөн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Хангалт үйлчилгээний ангийн захирагч, онцгой байдлын хурандаа Сономын Бямбасүрэн, “Цэргийн гавьяаны одон”-оор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын дэд хурандаа Адъяахүүгийн Батбаяр, мөн хэлтсийн нягтлан бодогч, онцгой байдлын хошууч Хүүхэндүүгийн Мөнхбаяр, Аврах тусгай ангийн захирагчийн орлогч, штабын дарга, онцгой байдлын хурандаа Бямбажавын Батсайхан, Архангай аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Түгжчамбын Сүхбаатар, “Алтан гадас одон”-гоор ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын архивын эрхлэгч, онцгой байдлын хошууч Санждоржийн Оюунгэрэл,ОБЕГ-ын ахмад ажилтан Сэр-Одын Хүрэлсүх, мөн газрын ахмад ажилтан Агваанданзангийн Оюунчимэг нарыг шагналаа.

Шагнагдсан албан хаагчдын шагналыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр ОБЕГ дээр гардуулсан юм.

Түүнчлэн “Цэргийн хүндэт медаль”-иар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч, онцгой байдлын хошууч Жанцандоржийн Тэрбиш, Гал түймэртэй тэмцэх газрын гал унтраах чиглэлийн ахлах мэргэжилтэн,  онцгой байдлын дэд хурандаа Цэдэвийн Нямбаяр, мөн газрын хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Алтангэрэлийн Алтанбагана, мөн газрын барилгын зураг төсөл, техникийн гүйцэтгэлийн хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Жамъянгийн Жаргалсайхан нарын 23 албан хаагчийг, Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын холбоо зарлан мэдээлэл хариуцсан оператор, онцгой байдлын ахлах ахлагч Баярбатын Должинхорол, Хангалт үйлчилгээний ангийн үйлчлэгч Дүгэрийн Бямбаа нарын 7 албан хаагчийг шагнасан юм.

Мөн Хууль зүйн сайдын тушаалаар ОБЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Банзрагчийн Батболдыг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр, Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар Хангалт үйлчилгээний ангийн их эмч, онцгой байдлын ахлах дэслэгч Энхтүвшингийн Өлзийжаргалыг Эрүүл мэнд, спортын яамны “Жуух бичиг”-ээр шагналаа.

Наурызын баярыг тохиолдуулан албан хаагчдад гарын бэлэг гардууллаа

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызын баяр, хаврын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү баярыг тохиолдуулан Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар Онцгой байдлын албанд ажиллаж буй казах албан хаагчдын төлөөллийг хүлээн авч баяр хүргэлээ.

Энэ үеэр Шадар сайд “Уудам Монгол орны маань өнцөг булан бүрт суугаа ард иргэддээ болон казах түмэндээ хамгийн сайн сайхныг хүсье. Энэ бол манай улсад өргөнөөр тэмдэглэдэг, олон жил казах иргэд маань онцгойлон тэмдэглэж ирсэн сайхан баяр юм. Энэ баярыг тохиолдуулан Онцгой байдлын албанд ажиллаж байгаа казах албан хаагчдадаа та бүхнээр дамжуулан баярын мэндийг уламжилж байна” гэв.

Мөн эдгээр албан хаагчдад гарын бэлэг гардууллаа.

Эрүүл мэнд, спортын салбараас гавьяат цол хүртсэн алдартнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2016 оны 03-р сарын 21-ний өдрийн 22 дугаар зарлигаар Эрүүл мэнд спортын салбараас долоон хүн гавьяат цол хүртсэн билээ. Өнөөдөр эдгээр алдартнуудаа Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч Ц.Оюунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон бусад холбогдох албаны хүмүүс  хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Гавьяат цол хүртсэн алдартнуудаа  хүндэтгэн хүлээн авч баяр хүргэн яамны хүндэт дэвтэрт бичиж, салбарын түүхэнд тэмдэглэн алдаршуулдаг уламжлалтай. 

Ийнхүү гавьяатуудаа алдаршуулан батламжийг нь гардуулан өглөө. Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч Ц.Оюунбаатар гавьяатууддаа баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.

Эх сурвалж: zasag.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна