Ц.Оюунбаатар: Дөрвөн хүн дайрч орж ирсэн

2016 оны 3 сарын 23

МАХН-ынхан Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд хуралдаж байхад нь 13.15 цагийн үед АТГ-ын дөрвөн хүн орж ирээд Н.Энхбаярт албан бичиг өгчээ. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын албаны хүн “сэжигтэн Н.Энхбаярт таван удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл мөрдөн байцаалтад хүрэлцэн ирж, мэдүүлгээ өгөхгүй байгаа тиймээс дахин нэг албан бичгийг Шадар сайдын өрөөнд байхад нь өглөө” хэмээн мэдэгдсэн. Харин энэ асуудлаар Шадар сайд Ц.Оюунбаатар ямар байр суурьтай байгааг тодрууллаа.   

-Өчигдөр АТГ-ын хүмүүс танай өрөөнд орж ирсэн байна. Ямар учраас ийнхүү орж ирэх болсон бэ?

-Нэгдүгээрт хаанахын ямар хүн орж ирсэнийг одоо тодруулж байна. Манай намын дарга болон сонгуультай холбоотой хүмүүс хуралдаж байх үед буюу 13.15 цагийн орчимд гаднаас дөрвөн хүн ямар ч бичиг баримтгүйгээр Шадар сайдын өрөөнд дайрч орж ирсэн. Ингэхдээ “албан шаардлага өгөх гэж байна” гэсэн тайлбар хийсэн. Энэ асуудал нь Монгол Улсын хууль тогтоомж тэр дундаа Төрийн ордны тухай хууль, УИХ-ын гишүүний тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын гишүүний тухай хууль тогтоомжыг зөрчсөн үйлдэл хийсэн. Төрийн тусгай обектод хууль бусаар дайрч орж ирсэн тэднийг АТГ-ын хүмүүс гэж үзэж байна. Иймд АТГ-ын дарга Н.Ганболдоос тайлбар авахыг хүссэн албан шаардлага хүргүүллээ. Хоёрдугаарт, Төрийн тусгай обектод бидний зөвшөөрлөөр байнгын буюу түр үнэмлэхтэй хүмүүс нэвтрэх ёстой. Гэтэл бичиг баримтгүй хүмүүс МУ-ын Шадар сайдын өрөөнд дайрч орж ирж байгаа нь Монгол Улсад хууль ёс, хүний эрх, төрийн албаны аюулгүй байдал зөрчигдөж байгаагийн илрэл. Энэ бол маш ноцтой асуудал гэдгийг Шадар сайдын хувьд, УИХ-ын гишүүний хувьд, Хүний эрхийн салбарт ажилдаг хуульч хүний хувьд мэдэгдэж байна. Манай улс дэлхийн 100 гаруй орны зочид төлөөлөгчийг хүлээн авч АСЕМ-ын чуулган зохион байгуулах гэж байна. Гэтэл ийм үед Төрийн ордонд тусгай зөвшөөрөлгүй дайрч орж ирсэн балмад үйлдлийг хуулийн хүрээнд мөрдөн шалгахыг шаардаж Монгол Улсын Тусгай хамгаалалтын газрын даргыг дуудуулж уулзна.

-АТГ-аас Н.Энхбаяр даргад өгсөн албан бичиг нь ямар утгатай байсан бэ?

-Албан бичиг надад хаяглаж ирээгүй учраас би тайлбарлаад байх шаардлага байхгүй. Монгол Улсын Шадар сайдын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, дур зоргоороо дайрч орж ирсэн, ямар нэг бичиг баримт үзүүлээгүй энэ үйл ажиллагаа нь бол өнөөдөр хангалттай хууль бус үйлдэл.

-Албан бичгийг хэнд хаягласан байсан бэ?

-МАХН-ын дарга Н.Энхбаярт хаягласан байсан.

-Танай намын дарга байсан гэсэн үг үү?

-Намын идэвхтэн сонгуультай гишүүд байсан. Бид хуралдаж байгаад би шагнал гардуулах гээд дундуур нь гарч явсан. Тиймээс Төрийн ордонд хэн байхаас үл шалтгаалж зөвшөөрлөө үзүүлж орж ирэх ёстой.

-Сонгуультай холбоотой хүмүүс хуралдаж байсан гэхээр та хэд Л.Цог, Г.Уянга нартай холбоотой асуудлыг ярилцаж байсан гэж ойлгож болох уу?

-Ямар нэгэн улс төрч, хэн нэгэн хүний тухай асуудлыг хэлэлцээгүй.

-Ер нь цаашид энэ хоёр гишүүний асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Тэр талаар би сонирхоогүй. Тиймэрхүү асуудалд би оролцдоггүй хүн. Хаваржилт, эрүүл мэнд гээд надад санаа зовох олон асуудал байна.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна