Apple-ийн тусламжгүйгээр “iPhone”-ийг блоколно

2016 оны 3 сарын 23

 

Apple компани өчигдөр шинэ бүтээгдэхүүн танилцууллаа. Үүнд, iPhone SE гэж нэрлэсэн жижиг хэмжээтэй “iPhone” гар утас, “iPad Pro” таблет болон “iOS 9.3” үйлдлийн систем мөн ухаалаг цагаа танилцууллаа. Эдгээрээс “iPhone SE” нэртэй шинэ ухаалаг гар утас нь хамгийн их анхаарал татаж байна. Энэ гар утас “Apple”-ийн түүхэн дэх хамгийн жижиг хэмжээтэй гар утсанд тооцогдож байгаа юм. “iPhone SE”-ийг “iPhone 5S”-ийн биед “iPhone 6S”-ийг багтаасан гэж тодорхойлж болохоор байна. “iPhone SE”-ийн дэлгэц нь 4 инчийн хэмжээтэй бөгөөд үүнийг 2014 оны есдүгээр сард танилцуулж байсан “iPhone 6”-тай харьцуулахад 0.7 инчээр жижиг гэсэн үг юм. 16 гигабайтын хатуу санах ойтой “iPhone SE” 399 ам.долларын үнэтэй байх бол дөрөв дахин их багтаамжтай 64 гигабайтын хувилбар нь 499 ам.доллараар үнэлэгдэж байна.

 

Шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан өдөр Apple-ийн хувьд өөр нэг таагүй үйл явдал болох байсан ч хойшиллоо. Энэ нь Apple болоод АНУ-ын Холбооны мөрдөх товчоо хоёрын хооронд үүссэн заргыг сонсох хурал байсан юм. Гэсэн ч АНУ-ын Хууль зүйн яам хурлыг хойшлууллаа. Энэ нь Холбооны мөрдөх товчоо Apple-ийн тусалцаагүйгээр өөрсдөө “iPhone”утасны хамгаалалтыг эвдэх болсонтой холбоотой аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Сан Бернардинод 14 хүнийг хөнөөсөн алан хядагч Сайед Фарукийн эзэмшиж буй “iPhone” утсыг блоколж өгөхийг Холбооны мөрдөх товчоо Apple-аас хүссэн. Гэсэн ч Apple энэ хүсэлтэд татгалзсан юм. Шинэ бүтээгдэхүүн танилцуулах ёслолын үеэр ч компанийн гүйцэтгэх захирал Тим Кук өөрсдийн хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахаар хатуу зогсоно хэмээн мэдэгдсэн.

 

АНУ-ын Хууль зүйн яамны мэдээнд дурдагдсанаар Холбооны мөрдөх товчоо алан хядагчийн iPhone утсыг блоклох арга олсон. Гэхдээ энэ аргын баталгаатайы эсэхийг шалгахад хугацаа хэрэгтэй гэжээ. “Блоклох аргыг туршиж, энэ нь Фарукийн утсанд нөлөөлөх эсэхийг мэдэхэд хугацаа хэрэгтэй байна. Хэрвээ туршидт амжилттай болбол Apple-аас тусламж гуйх хэрэггүй” хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

 

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна