Т.Батчимэг: Амжилт бүхэн маань амар ирээгүй

2016 оны 3 сарын 23

-ДЭЛХИЙН АВАРГА ХОУ ИФАНИЙГ ХОЖИХ ТЭР БҮХЭН БАГШИЙН МААНЬ ХӨДӨЛМӨРТЭЙ ХОЛБООТОЙ. ТИЙМЭЭС МИНИЙ АМЖИЛТУУД АМАР ИРЭЭГҮЙ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өчигдөр Төрийн дээд одон, медалиар спортын алдартнууд шагнагдлаа. Энэ өдөр бодибилдинг, тулааны болон нисэх загварын спортын анхны гавьяатууд төрсөн юм. Мөн шатрын спортоос тав дахь Гавьяат цолтон төрлөө. Тэр бол улсын хошой аварга, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Мончесс” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин, Гавьяат тамирчин Т.Батчимэг юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг танд хүргэж байна.

-Юуны өмнө төрийн хүндтэй шагнал хүртсэн таньд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Миний хувьд сэтгэл их өндөр байна. Шатрын спортоор хичээллээд 20 гаруй жил боллоо. Энэ хугацаанд шатарчин хүн бүрийн хүсэн хүлээдэг их мастер цолонд хүрч цаашлаад эрэгтэй олон улсын мастер цолонд хүрлээ. Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын цуврал тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн аварга Хоу Ифанийг хожсон. Дэлхийн шатрын XXXXI олимпиадад эмэгтэй багаараа “В” хэсэгтээ алтан медаль хүртэж, оюуны багийн дэлхийн аварга болсон маань гол амжилт байлаа. Миний амжилтыг төрөөс үнэлж ийм өндөр шагнал өгсөнд баяртай байна. Энэ дашрамд, намайг үргэлж дэмжиж байдаг ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, 441 дүгээр ангийн хамт олондоо баярлалаа. Мөн энэ амжилтыг гаргахад хамгийн их тусалсан “Мончесс” клубийн эрхлэгч Ц.Батсайхандаа багшдаа туйлын их баярлаж байна. Намайг өдий болтол дасгалжуулж, алдаа оноог минь чиглүүлж өгсөн хүн бол миний багш байгаа. Мөн Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир спортын хөгжлийн төв, Үндэсний шигшээ баг гээд хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэхүү шагнал надад их том урмыг өглөө. Миний хувьд төрийн хүндтэй шагналыг хүртэж,  шатрын салбараас төрсөн тав дахь гавьяат цолтон боллоо. Манай эмэгтэй шатарчдаас Б.Мөнгөнтуул 2014 онд гавьяат тамирчин болж байсан.

Намайг үргэлж дэмжиж байдаг ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, 441 дүгээр ангийн хамт олондоо баярлалаа. Мөн энэ амжилтыг гаргахад хамгийн их тусалсан “Мончесс” клубийн эрхлэгч Ц.Батсайхандаа багшдаа туйлын их баярлаж байна. Намайг өдий болтол дасгалжуулж, алдаа оноог минь чиглүүлж өгсөн хүн бол миний багш байгаа.

-Таны хувьд өнгөрсөн сард болсон шатрын улсын аваргад түрүүлж, улсын хошой аварга болсон. Олон жилийн дараа дараа улсын аваргад түрүүлэхэд ямар байсан бэ?

- Хэсэг хугацаанд спортоос завсарлага авч хувийн амьдралдаа анхаарал хандуулсан. Бас бүл нэмлээ. Тэгээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон рапид тоглолтын улсын аваргад түрүүлснээс хойш эрчимтэй бэлтгэл хийж эхэлсэн. Улсын аваргад оролцохын өмнө хагас шигшээ тоглолтод оролцож, хоёрдугаар байр эзэлсэн. Эндээс шалгарсан тамирчид шигшээ тэмцээнд оролцох эрхийг авсан. Шатрын спорт өндөр хөгжсөн Завхан аймагт шигшээ тэмцээн болсон. Мөн энэ жилийн улсын аварга Бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохион байгуулагдсан. Үүгээрээ их онцлог байлаа.  Бэлтгэл сайн хийсний үр дүнд улсын аваргад хоёр дахиа түрүүллээ. 2011 онд түрүүлснээс хойш таван жил улсын аваргад оролцоогүй байсан. Хэдийгээр спортоо түр орхисон ч гэртээ боломжоороо бэлтгэлээ хийж байсан учраас форм сайтай байлаа. Өөрөөсөө бага рейтингтэй шатарчидтай тоглосон ч гэлээ чансаагаа 11 функтээр өсгөж, анх удаа 2400-гаас дээш гарлаа.

-Улсын хошой болон Бүх ард түмний спортын наадмын аварга болоход ямар мэдрэмж төрөв?

-Шигшээ тоглолт нийслэлээс 1000 гаруй км-ын цаана болсон. Завханд маш олон хүн мэргэжлийн тайлбартайгаар хүлээн авч үзсэн. Сайхан энергитэй, гоё газар очиж тоглоод түрүүлсэндээ билэгшээж байгаа. Сүүлийн хоёр өргийг тоглохын өмнө түрүүлэх болзлоо хангасан байсан. Энэ жилийн улсын аваргын тэмцээнийг харж байхад өсвөрийн шилдэг тамирчид хүчтэй өрсөлдөөнийг хийлээ. Олон жилийн дараа улсын аваргад түрүүлсэн болохоор тэрүү нэг л хүнд бас жаргалтай байсандаа. Сүүлийн жилүүдэд хувийн амьдралдаа анхаарч хүүтэй болсон. Манай эмэгтэйчүүд хүүхэдтэй болсныхоо дараа амжилт нь улам ахидаг. Миний хувьд ч гэсэн тэгэх болов уу гэж найдаж байна. Миний хүү надад аз, од авчирсан. Жирэмсэн байхдаа би эрэгтэй их мастерын анхны нормоо биелүүлсэн. Хүүгийн маань аз хийморь намайг үргэлж дагаж байгаа байх.

-Манай шатарчдын хувьд энэ жил хариуцлагатай тэмцээн олон байна. Тэр дундаа олимпиад гээд томоохон тэмцээн байгаа шүү дээ?

-Сүүлийн жилүүдэд эмэгтэй шатарчдын амжилт ахиж байна. Хоёр жилд нэг удаа болдог шатарчдын олимпод ирэх есдүгээр сард Азербайжаны нийслэл Баку хотод болно. Бид 2014 онд Норвеги улсад болсон Дэлхийн шатрын XXXXI олимпиадад 136 орноос 16-р байрт эзэлсэн. Энэ жил багаараа эхний 10-т орох зорилт тавьсан. Энэ бол бидний хувьд хамгийн хариуцлагатай тэмцээн болоод байна. Үүний өмнө олон тэмцээн, сорилт бий. Хамгийн эхэнд биднийг багийн Азийн аваргын тэмцээн хүлээж байна. Ирэх Бямба гаригт Арабын Нэгдсэн Эмират улсыг зорино. Миний хувьд 2014 онд Дэлхийн шатрын олимпиадад оролцсоноос хойш гадаадын тэмцээн уралдаанд оролцоогүй байгаа. Тэгэхээр энэхүү тэмцээнд их хариуцлагатай оролцохоор бэлтгэлээ хийлээ.

 

2013 ОНД ДЭЛХИЙН АВАРГА ХОУ ИФАНИЙГ ХОЖИХОД БАГШ БИД ХОЁРЫН НЭГЭН ХҮСЭЛ БИЕЛЭЖ БИЛЭЭ

-Таны хувьд шатрын спортын гэр бүлд өссөн. Магадгүй өнөөдрийн энэхүү амжилт таны гэр бүлийн хүмүүжилтэй ихээхэн холбоотой байх. Тэр дундаа Төрийн хүндтэй шагналыг хүртлээ. Энэ өдөр аавыгаа их үгүйлсэн байхдаа?

-Манай гэр бүлийнхэн удмаараа шатарчид. Манай өвөө анх бидэнд шатрын спортын суурийг тавьж байсан юм. Миний аав Нямаагийн Түвшинтөгс Улсын их хурлын гишүүн гээд Төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан ч гэсэн олон жил шатрын холбоог удирдаж явсан. Өнөөдөр мэдээж тэднийгээ маш ихээр үгүйлж байна. Аав, ээж маань бидэндээ оюуны их том хөрөнгө оруулалтыг өглөө. Манай гэр бүлээс эгч Т.Батцэцэг ОУМ, Т.Баярцэцэг дэд мастер цолтой. Мөн ах Т.Батзориг спортын мастер цолтой. Хамгийн сүүлд улсын гурван удаагийн аварга Т.Батцэцэг эгчийн маань хүү Е.Төгстөмөр өсвөрийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн гээд бидний дундаас олон аваргууд төрөөд байна.

-Би 2015 оны өсвөрийн ДАШТ-ийг санаж байна. Тэгэхэд нэрт зохиолч Батын Нямаагийн хүүхдүүд, ач зээ нар улсын шигшээ багт багтан дэлхийн аваргад өрсөлдсөн шүү дээ?

-Тиймээ. Үнэхээр манайхан бол шатарчид./инээв/ 2015 онд Грект болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аваргаас Монголын баг медаль хүртэж чадаагүй. Медальт байрт олон шатарчид орох боломж байсан. Сүүлийн өргүүдэд алдсан тал бий. Энэ тэмцээнд эгч Т.Батцэцэг хүү Е.Төгстөмөрийг, Олон улсын шатрын холбооны мастер Н.Төвсанаа ах маань "Гоби-Чесс" клубын шавь нарыгаа, Н.Туяа эгч Олон улсын шатрын холбооны мастeр Н.Тунгалагийн охин Б.Энхсаранг дасгалжуулан оролцуулсан. Тэр тэмцээн манай гэр бүлийнхэний хувьд үнэхээр сонирхол татахуйц болсон шүү. Дэлхийн шилдгийн шилдгүүдтэй өрсөлдөж, Е.Төгстөмөр, Б.Энхсаран нар VII байр эзэлсэн. Төгсөөгийн хувьд 2014 онд өсвөрийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж бас нэгэн түүх бичээд байгаа.

-Таны хувьд улсын шигшээ багт хэзээнээс багтсан бэ?

-Төр засгаас шатрын спортыг ихээхэн дэмждэг. 2013 онд Засгийн газраас шийдвэр гараад Үндэсний шигшээ багийг бүрдүүлж байсан. Тэр цагаас эхлэн Үндэсний шигшээ багийн тамирчин гэж явж байна.

-Анх Ц.Батсайхан багштайгаа хэдэн настайгаа уулзаж байсан бэ?

-Би багш дээрээ есөн настайдаа очиж байсан. Б.Мөнгөнтуул бид нэг үеийнх. Түүнд их хожигдоно./инээв/ Тэгээд Ц.Батсайхан багш дээр очоод гурван жил дараалан өсвөрийн улсын аваргад түрүүлж байсан. “Мончесс” клубт жаахан хүүхэд очиж байлаа. Өнөөдөр төрийн хүндтэй шагналыг авч байгаа минь миний багшийн ач тус. 2013 онд дэлхийн аварга Хоу Ифанийг хожих тэр бүхэнд багшийн бодож боловсруулсан бүхэн бий. Багш маань 1998 онд эрэгтэйчүүдийн Азийн аваргыг төрүүлж байсан. Мөн түүнээс хойш сонирхогчдын дэлхийн аварга Мөнх-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн их мастер, эрэгтэйчүүдийн олон улсын мастер Д.Номин-Эрдэнэ, улсын аварга Д.Янжиндулам гээд шилдэг тамирчдыг төрүүлж гаргасан ачтан. Бидний хувьд цаашид эрэгтэйчүүдийн их мастерын болзлын төлөө хүчин зүтгэнэ.

-Улаанбаатар хотноо өсвөрийн шатарчдын тэмцээн жил бүр болж байна. Өнгөрсөн онд Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад болсон. Тэгвэл ирэх сард өсвөрийн шатарчдын Азийн аварга болох гэж байна. Энэ нь манай улсаас цаашид шатрын их мастерууд олноор төрөх боломжийг нээж өгч байгаа гэж харж байна?

-Өсвөрийн шатарчид Азид төдийгүй дэлхийд өндөр амжилтыг үзүүлж байна. Азийн болон дэлхийн хэмжээний тэмцээн манай улсад зохиогдоод эхлэхэд тамирчдын амжилт улам л өснө. Мөн тэдний хувьд улам сайн зорилгыг өөртөө аваад эхэлнэ. Монголчууд оюун ухааны спортын талбарт хүчтэй өрсөлдөгч болсон шүү гэдгийг олон хүүхдүүд харуулаад эхэллээ.

 

Ч.БОЛОРЧУЛУУН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна